С.Эрдэнэбат: Наадамлаж байх хойгуур татвар нэмчих вий дээ

Баяр наадмын үеийг тааруулан УИХ-аас татварын багц хуульд шинэчлэл хийх гэж байгаа талаар МҮЭХ-ноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ талаар бид МҮЭХ-ны орлогч дарга С.Эрдэнэбатаас тодрууллаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд шинэчлэл хийх талаар хэлэлцэх гэж байна. МҮЭХ-ноос энэ хуулийн төсөлд ямар байр суурь илэрхийлж байна вэ?  

-МҮЭХ-ноос орон даяар иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч, уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлж ажилласан боловч бидний саналын ихэнхийг тусгаагүй байна. Бид энэхүү саналаа сангийн сайдад зургаадугаар сарын 8, 12-нд тус тус хүргүүлсэн.

Татварын хуулийг богино хугацаанд, явцуу хүрээнд хийх гэж байна. 

-Татварын хуулиндаа нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай ямар зүйл заалтууд байна вэ?

-Цалин орлогоороо амьдарч байгаа 1,3 сая гаруй иргэний орлогыг нэмэгдүүлэх, хадгалах, шударга хуваарилалт хийхэд татварын хууль чухал ач холбогдолтой. Ард түмэн татвараас болж туйлдахаараа л төр засгаа үгүйсгэхэд хүрдэг. Гаднын улс орон татварын хуульдаа асар хариуцлагатай гар хүрдэг бөгөөд 3-4 жилийн турш хянаж ажилладаг байна. Гэтэл сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ хуулийг наадмын үеэр халтуурдах гээд байна уу даа гэж хардахад хүрлээ. Бид нэн тэргүүнд нэг сая хүртэлх орлоготой олон хүүхэд тэжээдэг иргэдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх тал дээр арга хэмжээ авах ёстой гэж тусгасан. Дээр үед хүүхэдгүйн татвар гэж авдаг байжээ. Энэ их зөв тогтолцоо юм. Дундаж цалин авдаг иргэн таван хүүхэдтэй бол өөрөөсөө гадна хэдэн хүн тэжээж байгааг бодолцон үзэж уян хатан хандах хэрэгтэй.  

Дундаж орлоготой иргэдэд уян хатан бодлого боловсруулах хэрэгтэй байна.  Хэрэв олон хүүхэдтэй бол татвар авахгүй, ганц бие бол татвар өндөр төлөх ёстой. 

-МҮЭХ 1500 иргэнээс татварын хуулийн талаарх санал хүсэлтийг авчээ. Дундаж орлоготой иргэдэд татварын дарамт хэрхэн нөлөөлж байна вэ. Ямар санал хүсэлтүүд зонхилсон бэ?

-МҮЭХ-ны зүгээс хуулийн төслийг аль болох уян хатан нөхцөлтэй тусгаасай гэж зорьж байна. Иргэдийг туйлдуулж буй хэд хэдэн татвар байна. Нэгдүгээрт, өндөр өртөгтэй мэс засал хийлгэхэд зориулсан хандивын тоглолт бусад орлогоос татвар авахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийн хадгаламжийн орлого, өндөр настанд төрөөс үзүүлж буй хувьцааны ногдол ашгаас татвар авна гэдэг төр өтгөс нялхастаа ээлгүй байгааг харуулж байна. Тэгсэн хэрнээ гадны компаниудад байнгын хөнгөлөлт үзүүлдэг гэдгийг бид мэднэ. Гуравдугаарт, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ажил олгогчоос олгож буй унаа, хоол, түлээ, нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор зэргээс татвар авахыг зогсоох хэрэгтэй. 

-Татвараас чөлөөлөгдөөд байдаг хэсэг бүлэг хүн байна уу?

- Монголд 120 мянган тонн керосин гэх хуурамч бензинийг оруулж ирээд байна. Устай холилдсон энэ бензин хэрэглэгчдийн шаардлагад нийцэхгүй байгаа. Гэтэл оруулж ирсэн компанид нь хариуцлага тооцдоггүйн дээр ямар ч татвар авдаггүй гэнэ. Энэ хэний ашиг сонирхол вэ. Мөн Оюутолгой зарим төрлийн татвар дээр Эрдэнэт үйлдвэрээс ч багыг төлдөг.  Энэ мэт татварын хөнгөлөлтийг тааваараа эдэлж байгаа цөөнхийг харж болно.

-Ашиг их олж байгаа цөөнх татварын таатай нөхцлийг эдэлж, жирийн иргэд татвараа яс төлөхөөс өөр аргагүй байгаа юм уу даа?

-Тийм. Яагаад 10-20 сая төгрөгийн цалинтай иргэдээс 15 хувийн татвар авч болохгүй гэж. АНУ-ын жишгээс үзэхэд "Ихээс их, багаас бага" гэсэн зарчим үйлчилдэг. Их ашиг олж байгаа бол тэр хэрээрээ төлөх учиртай. Тэртээ тэргүй олсон хэдэн цаас нь хүрэлцэхгүй байгаа иргэдээс байгаа мөнгийг нь булаагаад баймааргүй байна. Мөн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгох хэрэгтэй. Тэгвэл иргэд НӨАТ-ын баримтаа илүү авдаг болно. 

-Сангийн сайдад юу гэж хэлмээр байна?

-Энэ бүхний цаана хүмүүс амьдрах гэж ядарч байна гэдгийг бодолцож үзээчээ сангийн сайдаа. Энэ талаар мэдэгдэл хийх саналыг бид тавьж байна. Татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газарт шаардаж байна.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)