Сэргээгдэх эрчим хүчний бодлогоо эмхлэх цаг иржээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос сэргээгдэх эрчим хүчний 60 орчим тусгай зөвшөөрөл олгоод байгаа. Салбарынхан нийт 1000 орчим мВт цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл олгосон гэж ярьж байна. Манай эрчим хүчний станцуудын суурилагдсан хүчин чадал 1200 мВт болсон. Өнөөгийн суурилагдсан хүчин чадалтайгаа бараг дүйхүйц сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих нь техникийн хувьд боломжгүй. Яагаад гэвэл сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой биш. Тэнгэр бүрхсэн үед нарны цахилгаан станц бага эрчим хүч үйлдвэрлэнэ. Салхин цахилгаан станц ч салхилахгүй бол бага эрчим хүч үйлдвэрлэх нь ойлгомжтой. Тэгэхээр эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 40-50 хүртэлх хувийг сэргээгдэх эх үүсвэрт даатгаж болохгүй гэсэн үг.

Төрөөс эрчим хүчний талаар 2015-2030 онд баримтлах бодлогод “Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Өнөөгийн суурилагдсан хүчин чадлаар тооцвол 20 хувьд хүргэвэл 240 орчим мВт л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих боломжтой гэсэн үг. Аль хэдийнэ үүний тэн хагасыг үйлдвэрлэх станцууд баригдчихсан. Иймээс заавал барих шаардлагагүй сэргээгдэх эрчим хүчний станцуудын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй. Хүссэн болгонд нь тусгай зөвшөөрөл олговол замбараагүй байдал үүсэх нь мэдээж. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олныг олгосон нь гажуудал юм. 

Их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх нар, салхины цахилгаан станц баривал эрчим хүчний системийн горим тохиргоо алдагдах магадлал тун өндөр аж. Харьцангуй бага буюу суурилагдсан хүчин чадлын 20-30 хувьтай дүйх сэргээгдэх эрчим хүчний станц барьсан ч горим тохиргоо алдагдах магадлалтай гэнэ. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлоготойгоо системийн найдвартай ажиллагааг уялдуулах шаардлагатай болжээ. Одоогоор системд нийлүүлэх эрчим хүч нь бага байгаа учраас горим тохиргоо алдагдуулах аюул бага байгаа аж. Харин мөнөөх тусгай олон зөвшөөрөл авсан хөрөнгө оруулагчид станцаа ээлж дараалан ашиглалтад оруулаад эхэлбэл горим тохиргоо алдагдах аюул нэмэгдэнэ. Тиймээс үүнээс сэргийлэх бодлого баримтлах учиртай. 

Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудорж “Цаашдаа томоохон цахилгаан станц барихдаа ДЦС-4 шиг горим тохируулга хийдэг байх шаардлага тавих хэрэгтэй. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэмд горим тохируулга хийдэг тоног төхөөрөмж суурилуулах техникийн шаардлагыг нь маш сайн зааж өгөх ёстой. Сүүлийн үед цахилгаан станцууд эрчим хүчний хуримтлуур ашиглах болсон. Тодорхой хэмжээний цахилгаан хуримтлуулаад, сэргээгдэх эрчим хүчний станцуудын нийлүүлэлт багасвал системд нийлүүлэх арга юм. Ийм зохицуулалтыг ч хуульд тусгах хэрэгтэй” гэж ярив. 

Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой дараагийн тулгамдаж буй бэрхшээл нь үнэ тариф юм. Дэлхий нийт нүүрс шатаан, хүлэмжийн хий ялгаруулахаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр ажиллаж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Киотогийн протокол зэрэг олон улсын гэрээ баталсан. Үүнд нь манайх нэгдэн орсон. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээ дэлхий нийтэд амласан гэсэн үг. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчийг зохистой түвшинд хөгжүүлэх ёстой. Улс орнууд хөрөнгө оруулалт татаж, сэргээгдэх эрчим хүчний станцууд барихын тулд дэмжих тариф хэрэглэх нь түгээмэл. Товчхондоо, хөрөнгө оруулалт татаж, өндөр тариф тогтоодог гэсэн үг. Өндөр тариф тогтоохоор эрчим хүчний үнэ өсөх нь гарцаагүй.

Өндөр тарифтай учраас сэргээгдэх эрчим хүчний 60 станц ашиглалтад оруулбал цахилгааны төлбөр нэмэгдэнэ гэж иргэд болгоомжлох болов. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогод эргэлзэж эхэллээ. Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталсан. Ингэснээр “Клин энержи” компанийн Салхитын 50, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 мВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймгийн “Солар повер интернэйшнл”-ийн 10 мВт-ын болон Сонгинохайрхан дүүргийн “Эв- ридэй ферм”-ийн “Мон наран” төслийн 10 мВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад оруулж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байгаа. Түүнчлэн Тайшир, Дөргөний усан цахилгаан станц баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд цахилгаан нийлүүлдэг. Уг хуульд салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх нэг кВт/ц эрчим хүчийг 0.08-0.095, 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх нэг кВт/ц цахилгааныг 0.045-0.06, нарны эрчим хүчний үүсгүүрээр нийлүүлэх нэг кВт/ц-ыг нь 0.15-0.18 ам.доллар байхаар тогтоосон. Улмаар сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэж заасан байдаг. 

Эрчим хүчний зохицуулах хороо хуульд тогтоосон хэмжээг баримтлан “сэргээгдэх” станцад хөрөнгө оруулагчидтай үнэ тарифын гэрээ байгуулж буй. Үүнийг эрчим хүчний салбарынхан өндөр тариф гэдэгтэй санал нэгддэг. Иймээс ч өмнө нь сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг уян хатан нөхцөлтэй болгох санал гарч байлаа. Тодруулбал, салбарынхан төдөөс төдөн ам.долларын хооронд гэж хатуу тогтоохын оронд дээд хязгаарыг нь хуульд зааж өгөөд, үнэ, тарифыг хямдруулах орон зай гаргах хэрэгтэй гэж 2015 онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед байр сууриа илэрхийлж байв. Жишээлбэл, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх нэг кВт/ц-ыг нь 0.18 ам.доллароос илүүгүй үнээр худалдаж авна гэж зааж өгөх санал гаргасан гэсэн үг. Мэдээж доошоо хэчнээн хямдруулах нь хязгааргүй.

Дийлэнх орон сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифаа эхлээд өндөр тогтоогоод, улмаар бууруулсан байна. Тухайлбал, Япон улс сэргээгдэх эрчим хүчний тарифаа нэг кВт/ц-ыг нь 30 гаруй центээр зарж байсан бол одоо 20 орчмоор борлуулдаг болжээ. Манайд ч сэргээгдэх эрчим хүчний үнийг хямдруулж, хэрэглэгч болон хөрөнгө оруулагчдаа харилцан ашигтай байх зохистой түвшинд хүргэх ёстой гэж салбарынхан үзэж байгаа. Ингэх нэг үндэслэл нь сэргээгдэх эрчим хүчний технологи хямдарсан явдал гэнэ. Эрчим хүчний яаманд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Гэвч тэд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Хөрөнгө оруулагчид дайжиж магадгүй учраас уг хуулийг өөрчлөхөд болгоомжтой хандаж буй бололтой. Юутай ч хуульд эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, үнэ тарифыг уян хатан тогтоох зохицуулалт хийх нь цаг үеийн шаардлага юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)