Сэлэнгэ нутгаас мэндэлсэн цорын ганц их мастер

Монголчууд оюуны спортын төрөлд шилдэг гэдгээ баталсан анхны төрлийн нэг нь шатар. Эл спортоор дэлхийд нэрээ гаргасан, тамирчдын нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат, их мастер Алтан-Өлзийн Энхтуул билээ.

25 настай тэрбээр есөн настайдаа “Төр монгол” клубийн дасгалжуулагч Ц.Батболдоор шатар заалган, эл спортод хөл тавьсан түүхтэй. Түүний амжилт, ур чадвар ахисаар 11 настайдаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Энэ л үеэс А.Энхтуул гэдэг нэр шатрын спортын дэвжээнд сонсогдож эхэлсэн юм.

ДАШТ-Д ТҮРҮҮЛСЭН АНХНЫ ШАТАРЧДЫН НЭГ

Монголчууд дэлхийн анхны аварга шатарчдаа 2006 онд өлгийдсөн түүхтэй. Тэр жил Чех улсад болсон өсвөр үеийн ДАШТ-ий багийн төрөлд тэрбээр Ц.Батболд дасгалжуулагчийн удирдлагад, Ц.Сайханцэцэг, Ц.Саруул, Н.Бадамханд нарын хамт түрүүлж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Манайхан багаа дан охидоор бүрдүүлсэн нь олны сонирхлыг их татсан гэдэг. 

Учир нь том, жижиг ямар ч тэмцээнд багууд эрэгтэй тамирчин түлхүү оролцуулахыг хүсдэг. А.Энхтуул олон улсын тэмцээнд анх оролцохдоо дэлхийн аварга болсон нь тэр. Тэгэхдээ багаа ахлан, нэгдүгээр ширээнд тоглосныг нь онцолъё. Тэгж Монгол Улсад зөвхөн шатрын бус, оюуны спортын түүхэнд дэлхийн анхны аварга мэндэлсэн юм. Тэр жил Ц.Батболд багш АНУ-ыг зорьж, А.Энхтуул Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн удирдлагад бэлтгэл хийж эхэлжээ. Тэд түүнээс хойш өдий хүртэл амжилтын төлөө хамтдаа зүтгэж байна.

ДЭЛХИЙН ОЛИМПИАДАД ГЯЛАЛЗСАН НЬ

Дэлхийн аварга болсныхоо дараа жил өсвөр үеийн Азийн АШТ-д анх удаа оюунаа сорихдоо V байрт шалгарч, ирээдүйд юм дуулгахаа харуулжээ. Тивдээ төдийгүй дэлхийд цахиур хагалж эхэлсэн А.Энхтуул Монголынхоо шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөх нь олны анхаарлыг татаж байв. 14 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, шилдгүүдийн залгамж халаа болохуйц тамирчин торниж буйгаа мэдрүүлсэн юм. 

Тэр жилээ Германд болсон дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцохдоо Монголын багийн хамгийн залуу шатарчин нь байв. Гуравдугаар ширээнд тоглосон А.Энхтуул хэзээний туршлагатай тамирчин шиг өрсөлдөн, багийнхнаасаа хамгийн өндөр оноо авч, манай тамирчид С хэсэгт тэргүүлэхэд ихээхэн нэмэр болжээ. Түүгээр ч үл барам эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолны хоёр болзол биелүүлсэн юм. Эл амжилтаараа Монголын шилдэг хүүхдээр шалгарчээ. 

Хоёр жилд нэг удаа болдог шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох нь шатарчин бүхний мөрөөдөл. А.Энхтуул ийнхүү 14-хөн насандаа дэлхийн шатрын олимпиад буюу шатрын олимпод оюунаа сорихдоо бөмбөрцгийн шилдгүүдтэй өгөө аваатай өрсөлдсөн нь түүнд их урам өгч, ирээдүйд улам өндөрт дүүлэх үүдийг нээсэн биз ээ.

А.Энхтуул шатрын дэлхийн олимпиадад 2016 онд оролцохдоо ч мөн гялалзаж, Монголын эмэгтэй багийнхнаас хамгийн сайн тоглосон. Дөрөвдүгээр ширээнд суусан тэрбээр 11 өргөөс зургаа хожиж, дөрөв тэнцэн, нэг дийлдсэн юм. Хэрвээ сүүлийн өрөгт хожсон бол хувийн дүнгээр мөнгө юм уу хүрэл медаль хүртэн, анхдагч болох байв. 

Хэдийгээр медалийн оосроос атгаад алдан, XV байрт ухарсан ч чансаагаа 14 оноогоор ахиулсан. Дэлхийн хэмжээний том тэмцээнд чансаагаа ингэж ахиулна гэдэг яах аргагүй сайн үзүүлэлт. Бакуд болсон олимпиадад манай тамирчид 20 дугаар байрт шалгарч, өмнөх амжилтаа урагшлуулав. Хэрэв тэд сүүлчийн өрөгт Израилын шатарчидтай тэнцсэн бол эхний 10-т орох боломжтой байлаа. Эл амжилтад А.Энхтуулын оролцоо асар их.

Бусад шатарчинтай харьцуулахад харьцангуй хожим спортод хөл тавьсан ч богино хугацаанд амжилтад хүрсэн А.Энхтуул 2009 онд Азийн бүсийн АШТ-д 15 настайдаа оролцохдоо долдугаар байрт шалгарчээ. Дараа жил нь Турк улсад болсон сурагчдын ДАШТ-д Монголоос 17 хүртэлх насны ангилалд түрүүлж, анхдагч болжээ. Учир нь түүнээс өмнө монгол шатарчдаас ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн аварга төрөөгүй байсан юм. 

Түүний амжилт булган сүүлтэй байж Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул, Д.Батсүрэн тэргүүтэй дэлхийн олон аварга мэндэлсэн билээ. А.Энхтуул ДАШТ-д түрүүлсэн амжилтаараа 16 нас ч хүрээгүй байхдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос “Алтан гадас” одон гардсан юм. Тэр жилээ МУИС-д сурах урилга авсан ч их мастер болох зорилгодоо хүрэхийн тулд ОХУ-ын Москва хотыг зорьсон юм.

ДАСГАЛЖУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ОХУ-Д СУРСАН

А.Энхтуул Москва хот дахь ОХУ-ын Биеийн тамир, аялал жуулчлалын их сургуульд дасгалжуулагч мэргэжлээр сурсан. Хичээлийнхээ хажуугаар их мастер Игорь Глек, Николой Чадаев нарын удирдлагад бэлтгэл хийн, тэмцээнд оролцсон юм. Москвад сурч, бэлтгэл хийхэд зардал өндөртэй нь мэдээж. 

Тухайн жилүүдэд түүний зардлыг гэр бүлийнхэн нь даахаас гадна Б.Далай захиралтай “Монгол, Чех металл” компанийн хамт олон ивээн тэтгэсэн гэнэ. А.Энхтуул ОХУ-д сурч байхдаа Монголын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн болов. 2011 онд өсвөр үеийн ДАШТ-ий 18 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртэн, олон жил тасраад байсан амжилтыг буухиалсан нь өнөө хүртэл давтагдаагүй байна. 

Тэр жилээ 18 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, монголчуудаас анхдагч болсон. ДАШТ-ий хос медальтан тэрбээр түүнээс хоёр жилийн дараа Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд рапид төрөлд түрүүлсэн Монголын анхны шатарчин болж, жимийг нь гаргажээ. Өдгөө А.Энхтуул МУИС-ийн олон улсын харилцааны ангид сурдаг.

МОНГОЛЫН ГУРАВ ДАХЬ ЭМЭГТЭЙ ИХ МАСТЕР

ОХУ-д очсон түүний зорилго 2014 онд биелж, Монголын долоо, эмэгтэйчүүдээс гурав (түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг) дахь их мастер болсон билээ. А.Энхтуул зорилгодоо хүрснийхээ дараа “Сити” дээд сургуулийн 30 багш, оюутантай зэрэг тоглолт хийн, баяраа тэмдэглэсэн. 

Түүний амжилт булган сүүлтэй байж зөвхөн эмэгтэй шатарчдаас л гэхэд Д.Номин-Эрдэнэ, Б.Амина, Ү.Үүрийнтуяа нар шатрын оргил цолд хүрээд байна.

АЗИЙН ШАТРЫН ХОЛБООНД АЖИЛЛАСАН УЛСЫНХАА АНХНЫ ХҮН

2015 онд сургуулиа төгссөнийх нь дараа А.Энхтуулыг Азийн шатрын холбооноос урьсан. Улмаар тэрбээр тус холбоонд төдийгүй АНЭУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт монголчуудаас анх удаа ажилласан юм. Англи, орос, хятад хэлтэй түүний ур чадвар Азидаа үнэлэгдсэн нь тэр. А.Энхтуул тэнд жил гаруй ажиллахдаа Азийн шатрын холбооны гадаад харилцааг хариуцан, олон улсын цөөнгүй тэмцээн зохион байгуулжээ. 

Үүний сацуу Ал-Эйн хотын шатрын клубийн тамирчдыг дасгалжуулж, нэг шавиа Арабын орнуудын аварга болгон, тэр жилээ АНЭУ-ын шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм. Тэрбээр хэдийгээр Азийн шатрын холбоотой хоёр жилийн гэрээ байгуулсан ч тамирчны замнал, бэлтгэлдээ анхаарахын тулд 2016 оны эхээр цуцалжээ. 

А.Энхтуул эх орондоо ирэхийнхээ өмнө болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс багийн болон ганцаарчилсан блиц, стандарт төрөлд гурван мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ

Сэлэнгэ аймгаас мэндэлсэн анхны төдийгүй цорын ганц их мастер А.Энхтуул шатрын спортыг сурталчлахын тулд үргэлж шинийг санаачилдаг. Олон хүнтэй зэрэг тоглолт хийхийн зэрэгцээ нүдээ боож байгаад (мөн олон хүнтэй) өрсөлдсөн. Эдгээрээс олны сонирхлыг хамгийн их татсан нь дархан аварга А.Сүхбаттай кроссфит чессээр өрсөлдсөн явдал. Оюуны болон хүчний спортыг хослуулсан эл төрлөөр оюунаа сорьсон тэдний өрсөлдөөн Монголдоо анхдагч. 

Ирээдүйд шатрын сургуультай болох мөрөөдөлтэй А.Энхтуул шатрын бодлого, дасгал бүхий “64 ухаалаг дэвтэр” цувралыг хэвлэж байгаа нь олны талархлыг их хүлээсэн. Тэрбээр санаачлан, үүсгэн байгуулсан “Яагаад шатар гэж” цахим бүлгэмийнхнийхээ хамт шатрын “Элит брайн” компани, “Holiday Inn” зочид буудалтай хамтран “Яагаад шатар гэж” өдөрлөгийг тавдугаар сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Монголд анх удаа болох өдөрлөгийн үеэр хийх бодлого бодолтын тэмцээнд түрүүлсэн шатарчныг наймдугаар сард БНХАУ-д болох ДАШТ-д оролцоход туслан, онгоцных нь тийзээр шагнах аж. Үүний сацуу “Яагаад шатар гэж”-ийн үеэр сургалт, хэлэлцүүлэг, зэрэг тоглолт гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулна. А.Энхтуул өнгөрсөн жилээс дасгалжуулагчийн замналдаа түлхүү анхаарч, Азийн шатрын холбооны салбарыг “Элит брайн” нэртэйгээр Монголдоо нээж, “Элит брайн” олон улсын клуб ажиллуулан, залгамж халаагаа бэлтгэж байна. 

Түүний шавь нараас өсвөрийн УАШТ-ий медальтан төрж, К.Жаннур насанд хүрэгчдийн олон улсын чансаатай болжээ. Өдгөө А.Энхтуул зургадугаар сард болох өсвөр үеийн Зүүн Азийн АШТ-д оролцох тамирчдаа дасгалжуулж буй.

ШИЛДЭГ 100-Д БАГТАВ

Азийн шатрын холбоонд ажиллаад жил гаруйн дараа спортдоо эргэн ирсэн А.Энхтуул Европын орнуудад зохиосон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, чансаагаа 100 гаруй оноогоор нэмжээ. Улмаар дэлхийн шилдэг 100 шатарчны нэг болсон юм. 2017 онд блиц, рапид төрлийн ДАШТ-д Гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул нарын хамт оролцсон. Тэгэхдээ рапид төрөлд 28-33 дугаар байр эзлэн, шагнал хүртсэн нь Монголын шатрын спортын түүхэнд анхны тохиолдол.

А.Энхтуул манай сониноор дамжуулан өөрийг нь үргэлж дэмждэг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон “Монгол Чех металл”, “Бороо гоулд” компани, “Сандэй”, “Бльюмон” групп, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)