Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын шалгаж эхэллээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар орой Улаанбаатар хотод саатуулан мэдүүлэг авч, улмаар шөнөдөө тус аймагт очиж, өглөө нь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд гарлаа.

Холбогдох байгууллагынхан болон орон нутгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж байгаа нь үнэн” хэмээсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр өчигдөр түүний албан өрөөнд нь нэгжлэг хийхийн зэрэгцээ тус аймгийн Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас гэрчээр тайлбар авсан гэнэ. Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй бололтой. 

Тодруулбал, алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан хэрэгт шалгуулж буй тус аймгийн Ерөө сумын Засаг дарга “бяцхан” хэмээх М.Ганбаатар нарт холбогдох хэрэгт хамаатуулж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. М.Ганбаатарыг Засаг даргын эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжийг алт олборлуулснаас байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст байцааж эхэлсэн. Улмаар харьяаллын дагуу АТГ-т шилжүүлээд байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-ынхан багтсан ажлын хэсгийн өнгөрсөн есдүгээр сард Сэлэнгэ аймагт ажиллан, хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд зөвхөн Ерөө сумын нутаг, Агуйт хэмээх газраас хувиараа алт олборлогч 40 гаруй хүнийг саатуулсан билээ. Энэ хэрэг Сэлэнгэ аймгийн Засаг даргыг АТГ-ынхан шалгах үндэслэл болсон бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)