Сэлэнгийн Ерөөд хууль бусаар алт олборлогчид ажилласаар байна

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутгийн зааг, Ялбаг гэх газарт хууль бусаар алт олборлогчид ажилласаар байна. Одоогоос нэг жилийн өмнө Засгийн газраас томилогдсон, тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан багтсан ажлын хэсэг дээрх бүсэд шалгалт хийсэн билээ. Улмаар хэд хэдэн хууль зөрчиж 47 иргэн цөөнгүй эксковатор ашиглан алт олборлож байсныг таслан зогсоож, техник хэрэгслийг нь битүүмжилж байв. Үүнтэй холбогдуулан Ерөө сумын Засаг даргад ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Гэвч иргэд хууль зөрчин ажилласаар байна. Уг нь хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн наймдугаар сард тухайн бүс нутагт шалгалт хийхэд нэг компани, нөхөрлөл, 18 иргэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж 20-иод эксковатор, алт угаах буу ашиглаж байсныг илрүүлж байв. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр Экологийн цагдаагийн албаныхан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбагаас холгүй орших, Хөшөөтийн ам, Хуст нарстай гэх газарт шалгалт хийхэд иргэн З.Ү, “Бугат алтан чихэр” нөхөрлөлийн ахлагч Д.Э-ээр удирдуулсан хүмүүс, Д.И захиралтай “Титэм майнинг” компанийнхан алт олборлож байсан аж. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийнхэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, багагүй хэмжээний алт, шороо, хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан техник, хэрэгслийг битүүмжлээд байгаа гэнэ. Энэ талаар тус албаныхнаас тодруулахад “Газар дээр нь ажиллаж буй алба хаагчид ирээгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)