Сэг зэмийг устгаж, ойр орчмыг нь цэвэрлэсэн ч шувууд үхсээр байна

Хагас сар хүрэхгүй хугацаанд 3200 гаруй шувуу үхлээ. Тэдгээрийн 63 хувь нь ангир, 19.3 хувь нь нугас, үлдсэн нь цахлай, бор галуу, болжмор байж. Шувууд чухам юунаас болж үхсэн нь өдий хүртэл “нууц” хэвээр байна. Аймгийн Засаг дарга захирамж гарган, ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагууд энэ дагуу Сангийн далайн ойр орчмыг самнан, шувуудын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Харин хамгийн гол асуудал болох буруутныг олж илрүүлэх ажил дэндүү сунжирч байна. “Өнөө, маргаашгүй Сангийн далай явах гэж байна. Газар дээр нь очиж, нөхцөл байдлыг нүдээр үзсэний дараа мэдээлэл өгье” гэж аргацаасаар долоо хоногийг барсан мэргэжилтнүүд одоо “Шинжилгээний хариу хүлээж байна” хэмээн ам таглах болов. Зарим нь бүр “Олон улсын хориотой, аюулт өвчнөөр үхээгүй нь шинжилгээгээр тодорхой болсон учир дуулиан болгож, сүржигнэхгүй” гэж “тэнэгтэж”, улсын нууцтай холбоотой мэдээлэл задруулах гэх аятай маяглана. Монголчууд ингэтлээ дөжирчихсөн, хэнэггүй улс уу, эсвэл мазаалай, бөхөн, тахь биш, шувууд үхсэн учраас ийн тоохгүй байгаа хэрэг үү.

Бид Говь-Алтай аймгийн Хөх-морьт сумын нутагт орших Сангийн далай нуурын ойролцоо шувуу үй олноор үхсэн тухай “Сангийн далай шувуудын сэг зэмээр хүрээлүүлжээ”, “Сангийн далайн ойролцоо 510 шувуу үхсэнийг аймгийнхан нь мэдээгүй”, “Сангийн далайн хөвөөнд амь тавьсан 3200 шувууны үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна” хэмээн өмнө нь нийтэлсэн. Гэтэл эл асуудалд хамгийн соргог хандах ёстой БОАЖЯ-ныхан энэ тухай мэдээлэлгүй сууж байгаа нь гайхмаар.

Тэдний тайлбарласнаар бол тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн амарчихсан учраас ертөнцийн мэдээ, мэдээллээс “тасарчихсан” юм байх. Байгаль орчин, амьтны асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллагынхан нь ийм зүйл яриад сууна гэдэг дэндүү ичгэвтэр, хариуцлагагүй үйлдэл.

Сангийн далайд ажиллаад ирсэн орон нутгийн холбогдох мэргэжилтэн, иргэдийг өчигдөр “шалгааж”, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тэднээс “Шувуудын үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээ ямар шатандаа байгаа, яагаад ингэтлээ сунжрах болов, газар дээр нь очиход ямархуу дүр зураг угтсан бэ” зэрэг асуултад хариулав.

ШУВУУДААС ГАДНА ҮНЭГ ҮХЖЭЭ

З.НҮРЗЭД (Хөхморьт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч):

-Ямар шалтгаанаас болж шувууд үхсэн нь тодорхой болоогүй учраас тус бүсэд онцгой дэглэм, хорио цээр тогтоож, тэр хавийн айлуудыг тусгаарлаагүй байна. Нуурын ойр орчмыг цэвэрлэж, устгал хийснээс хойш нэмж шувуу үхээгүй. Шинжилгээний хариу гарахаар холбогдох байгууллагуудаас ямар арга хэмжээ авах чиглэл өгөх байх. Сангийн далайтай ойр, цутгал нэгтэй гол, нууруудын орчин тойрныг шалгахад хэвийн байсан. Тус нуурын хөвөөнд зусдаг, малаа усалдаг айлынханд ч ямар нэг зүйлээс хордсон шинж илрээгүй гэсэн. Их сонин. Шувуудаас гадна үнэгний сэг зэм таарсан. Хордсон, үхсэн шувуугаар хооллосон байж болзошгүй.

ХОШУУ, ХҮЗҮҮГЭЭ УРАГШ СУНГАЖ, ТАРЧЛАН ҮХСЭН БАЙСАН

Р.БҮРЭНБАЯСАХ (Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын халдварт өвчний эмч):

-“Сангийн далайн ойролцоо олон шувуу үхсэн байна” гэсэн мэдээлэл манай газарт энэ сарын 15-нд (“Өнөөдөр” сонин анх энэ тухай наймдугаар сарын 13-нд мэдээлсэн) ирсэн. Улмаар аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газрынхантай тухайн газарт ажиллалаа. Нүд халтирам нөхцөл байдал бий болжээ. Шувууд хүзүү, хошуугаа урагш сунгаж, нисэж чадахгүйгээс удаан тарчлан үхсэн байв. Бид дэлхий дахинд түгээмэл тохиолддог шувууны ханиад дэгдсэн байж болзошгүй гэж сэжиглэн, томуугийн шинжилгээ хийхэд сөрөг буюу зүгээр гарсан. Одоо Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон л нарийн шинжилж тогтоох байх.

УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙНХОН ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАНА

Г.ОЛОНБААТАР (Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн):

-Хоёр удаагийн ажиллагаагаар 3216 шувууны сэг зэм устгалаа. Долоон машин, таван мотоциклтой нийт 32 хүн үүнд оролцсон. Устгал, цэвэрлэгээнд орон нутгийн Онцгой комиссын сангаас 3.2 сая төгрөг зарцууллаа. Шувууд нэмж үхсээр байна. Нуурын ус, эсвэл идэш тэжээлээсээ хордсон байж болзошгүй. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон өчигдөр нааш гарсан гэсэн. Манай аймагт шувууны чиглэлээр мэргэшсэн судлаач, мэргэжилтэн, эмч байдаггүй болохоор хүндрэлтэй байна.

ХОРТОЙ ӨВС УРГАМАЛ ИДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Ц.МӨНХБАЯР (Сангийн далай орчимд нутагладаг, Хөхморьт сумын иргэн):

-Сангийн далайд олон төрлийн шувуу нутагладаг. Манайх тэнд дөрвөн жил зуссан. Шувууны сэг зэм хаа нэг харж байснаас ингэж олноороо үхэхийг үзээгүй. Тэр хавийн мал зүгээр байхыг бодоход шувуудын идэш тэжээл нөлөөлсөн байж магадгүй. Хортой өвс ургамал идсэн байж ч болох. Шалтгааныг нь даруй тогтоож, арга хэмжээ аваасай.

Наймдугаар сарын 10-даар манай нохой үхсэн галуу зууж ирсэн юм. Тэр үед нэг их тоогоогүй. Бэртэж гэмтээд үхсэн гэж бодсон. Харин малд явсан хүүхэд дараа өдөр нь “Зөндөө шувуу үхчихэж” гэсээр ирсэн. Тэр орой сум рүү хэл хүргэсэн. Үүнээс нэлээд хойно албаныхан ирлээ.

САНГИЙН ДАЛАЙН ШУВУУ ИЛТ ЦӨӨРЧЭЭ

Г.БИЛИГСАЙХАН (Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч):

-Нуурын усны найрлагыг шинжлүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори руу дээж явууллаа. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхныг “Энд ирж ажиллаач” хэмээн саналаа уламжилсан. Хариу ирээгүй байна. Наашаа гарсан гэдэг нь худлаа мэдээлэл. Шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй ч малчдад “Малаа нуур руу бүү ойртуул. Үхсэн шувуудад битгий хүр” гэж анхааруулж, сэрэмжлүүлж байна. Сангийн далайн ойролцоо нутагладаг шувуудын тоо толгой илт цөөрчээ.

Нэг нь “Устгал хийснээс хойш шувуу нэмж үхээгүй” гэхэд нөгөөх нь “Жигүүртнүүд одоо ч үхэж байна” гэх. Зарим мэргэжилтэн “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийнхон наашаа гарсан” хэмээхэд өөр нэг нь “Тэднийг ирүүлэх саналаа уламжилсан” гэж мэдээлж байна. Үйл явдлын халуун цэг дээр ажилласан дөрвөн мэргэжилтэнтэй холбогдоход ийм зөрүүтэй зүйл ярих юм. Энэ нь манай төрийн байгууллага, ялангуяа мэргэжилтнүүд хэр уялдаатай ажилладгийн илрэл болов уу.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)