Суутны чимээгүй хашгираан

-Хэнээтнүүдэд биш сэхээтнүүдэд зориулав-

“Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон...” энэ шүлгийг монгол хүн болгон мэддэг ч үг бүрийг нь зүрхэнд сийлэн үлдээсэн зохиолчийнх нь тухай мэддэг нь хэд бол. Хүйтний эрч чангарсан эдгээр өдрийг шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан түүхэн баримтат жүжгүүд “уясуулж” буй.

“Ерөнхий боловсролын сургуульд түүний 20 гаруй уран бүтээлийг сурагчид үзэж, уншиж байна. Гэсэн ч Нацагдорж гэж хэн юм бэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Би ч гэсэн багадаа тийм л байсан. Гэрээ цэвэрлэхдээ “Миний нутаг” шүлгийг нь чангаар уянгалуулан уншиж, “хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар” гэсэн хэсэг дээр нь ирээд хоолой зангирдаг байж билээ. Нацагдоржийг би өөрөө өөртөө их хожуу нээсэн юм.

Түүний музейг үгүй хийж, оронцоглосон мэргэжлийн байгууллагынхантай хэрүүл тэмцэл хийн, өөртөө ядаргаа болгосон энэ тэр гээд бодоход, Нацагдорж бид хоёрын дунд нэгэн үл үзэгдэх хэлхээ холбоо мөнхөд байсан юм шиг ээ... Энэ жүжиг ч гэсэн түүний л нэг үргэлжлэл байх” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан цахим хуудсанаа бичжээ. Түүний зохиолоор бүтээсэн “Монгол ардын суут” баримтат драмын жүжиг энэ сарын 9-ний 19.37 цагт нээлтээ хийв.

Энэ өдрийн яг энэ цагт Улсын хүүхэлдэйн театрт цугласан олон их зохиолч Д.Нацагдоржтой хамт сүүлчийн шөнийг нь үдсэн юм. Хүрээний гудамжнаа Д.Нацагдорж хэн нэгэнтэй амь тэмцэн ноцолдоно. Тэр нь бодит хүн үү, эсвэл...

“165 хоног шоронд хоригдоход чинь эргэж тойглосон нь өнөөх муу орос эмэгтэйгээс өөр байсангүй” гэж хар хүн буюу эрлэгийн элч Д.Нацагдоржийг хатуу ширүүн үгээр “идэх” аж. Тэд багагүй хугацаанд маргалдсаны дараа Д.Нацагдорж уушийн газарт очно. Нялх хүүхдийн уйлах дуу, усан борооны шаагихтай холилдон тийм гэхийн аргагүй чихэнд чийртэй сонсогдох аж.

“Жийдаан хуушаан минь

Жинхэнэ дүрээрээ морилов уу

Наадмын хундага өргөөд

Наргинаа хоёулхнаа...” гэж дуулсаар халамцуу бүсгүй Д.Нацагдоржийг найрсаар угтаж, архи дарсаар дайлах хэдий ч анхны гэргийгээ санан бэтгэрч, харгис нийгмийн эсрэг чадлынхаа хэрээр зүтгэх түүнд энэ бүхэн утгагүй санагдана. Хайртай эхнэр Д.Пагмадуламыг нь халамцуу хүүхэн хэл амаар доромжлоход “Хүний дотоод сэтгэлийн нарийн ширийнийг нь мэдэхгүй байж хэл амаа ямар зоригтой билүүдэж байна аа” гэж Д.Нацагдорж тэсгэл алдан хашгирах.

Үүгээрээ өнгө, мөнгөнөөс цаадахыг мэдэхгүй өнөөгийн харалган нийгмийг шүүмжлэх мэт. Янжуур зуун утаа баагиулах халамцуу эмэгтэй, хажууд нь үс нь сэгсийсэн ч нялх хүүхдэд эерүү зөөлөн хандах бүсгүй. Гэвч үнэндээ архи уун, тамхи нэрэн, аальгүйтэх тэр эмэгтэй, өнөөх бүсгүй хоёрын мөн чанар өөр аж. Тэр гурвын яриа эцэстээ хэрүүл маргаан болж хувирав.

Хүүхэд тэврэн гэмгүй царайлж зогсох өнөөх эмэгтэй рүү “Нөхрөө хулгай хийснийг мэдсээр байж хулгайн хоолыг нь идэж л байдаг, үхсэн хүнээс ч хамаагүй мулталж авсан бол алтан бөгжийг нь хуруундаа зүүгээд гангарч явдаг тийм хүнийг эмэгтэй хүн гэх үү, чи нөхрөө хулгай хийлгэхийг нь болиулаач” хэмээн хашгирах халамцуу хүүхэн. Энэ бүхэнд энэлэн шаналж, цогцос мэт хөшиж орхисон Д.Нацагдорж.

Нооронхой хувцастай Д.Нацагдорж салхи үлээхэд хийсчихээр сулбагар харагдана. Түүний зүрх сэтгэл хоосорч, нам засгийн харгис хэрцгий үйлдэлд ой нь гутсаныг энэ байдал нь илтэх мэт. До яамны “ногоон малгайт” эрд баривчлагдан хоригдох түүнийг золбин нохойноос ч дор үзэн, зодож занчин, шүүн байцаах нь элэг эмтрэм. “Бичиг баримтгүй юм байна. Асуултад хариул” гэж омогдох ногоон малтайт эр ийн асууна.

-Нас?

-30

-Ийм ногооноороо нялх амьтан байсан юм уу, арван хурууны бичээч, тэгээд бас эсэргүүн, Германы тагнуул байж үзсэн гэж байгаа, иймэрхүү юмнуудыг буудаж хороовол таарна.

Харин хоёр дахь эр түүнийг суллан явуулах аж. Д.Пагмадуламтайгаа сэтгэлийн угаас ярилцан суух жаргалтай үзэгдлийн дараа сүрэг хар эрвээхэй бөөгнөрөн нисэх. Энэ юуны дохио вэ.

Хар хүн, Д.Нацагдорж хоёрын хэлцэл, хэрүүл үргэлжилсээр. “Би Монгол Улсдаа толгой доторхоо өгөөд үхнэ. Хомроголон халах, хомроголон алах хоёрын хооронд ганцхан үсгийн зөрөө бий. “Сэтгэлийг сорсон эх орон чинь ямар болохыг төсөөлж байна уу, амьдаар чинь зүрхийг чинь сугалаад махны машинаар цусыг чинь савируулахад чи тэсэх үү” гэх хар хүний хахирган хоолой.

Гэсэн хэдий ч “Чи надаар юу бичүүлэх гээд байгаа юм. Миний авьяас дундарсан, бие минь зовлого болсон. Би 200-гаад шүлэг, 80 гаруй хүүрнэл зохиол, 22 орчуулга, түүхэн өгүүлэл 36-г бичсэн. Болоо юм биш үү” гэж цөхрөнгөө баран газар самардах их зохиолч.

Эрлэгийн элч ч түүнийг энэ хорвоогоос авч явахаас хайрлажээ. “Чи хийх ёстойгоо хийсэн. Чи бол Монгол ардын суут” хэмээн омогшуулах хар хүн нам засгаас уучлалт гуйгаад, од шиг гэрэлтэх бус, утаа шиг уугиж амьдарвал амьд гарах боломж бийг түүнд санал болгодог ч үнэний эсрэг дуугарч, улс гүрнээ уруудахыг гар хөл нь хүлээстэйгээр хараад сууж чадахгүйгээ Д.Нацагдорж учирлан хэлнэ. “Суут хүн ирэх цагаа мэддэг шиг буцах цагаа мэдэх л ёстой. Удахгүй үүр цайх нь, хоёулаа явъя.

-Яваад өчнөөн сар болчихсон...

Өөрийнх нь хэлснээр их зохиолч маань шувуун саарлаа унаад Хэрлэнгийнхээ хөвөөн дээр үүр манхайтал цайхыг хараад сууж байгаа болов уу.

Жүжиг ингэж төгсдөг. Танхимд цугласан олон алга нижигнүүлэн ташихад гэрэл асаж, яруу найрагч Ц.Хуланд баяр хүргэсэн халуун дулаан уур амьсгал сэтгэл сэргээв.

Түүнээс хэдэн асуултад хариулт авлаа.

-Жүжгээ 19.37 цагт эхэлсэн нь зохиолчийн таалал төгссөн онтой холбоотой байж ээ?

-Тийм ээ. 1937 оны долдугаар сарын 13-ны өдөр Д.Нацагдорж Монголын харанхуй нийгмийг голоод, гомдоод буцчихсан. Үүнээс хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 14-нд анхны 14-ийг Эмээлтийн тэнд буудан хороосон гунигт түүхтэй.

Жүжгээрээ зохиолчийн сүүлчийн шөнийг харуулсан учраас 19.37 цагт эхэлсэн. Суут хүн ирэх цагаа мэддэг шиг буцах цагаа мэдэх ёстой. Үндэстнээ яаж уруудахыг харахгүй, үнэн гэдэг бусдын уланд гишгэгдэхийг үзэхгүйн тулд тэрбээр өөрийнхөө үхлийн замыг сонгож байгаа юм.

-Ганцхан шөнийн амьдралыг бүхэл бүтэн жүжиг болгон, цомхон бүрэлдэхүүнтэйгээр театрын тайзнаа бүтээл болгосон нь сайхан санагдлаа.

-Энэ бол манай театрын уран бүтээлчдийн насанд хүрэгчдэд зориулсан анхны жүжиг. Би театрт ирснээсээ хойш нэг зүйлд анхаарч ажилласан. Энэ нь нийгэмд үгүйлэгдээд байгаа үзэх юмтай гэхээс илүү бодох зүйлтэй, хашгирах биш шивнэж ярьдаг жүжгүүдийг театрын ертөнцөд үзэгдэл болгон хэвшүүлье гэж зорьсон.

Уг ажлын маань эхлэл нь энэ жүжиг болж байна. Театрынхаа жүжигчдээр бахархан баярлаж байна. Гаднаас нэг ч жүжигчин тоглуулаагүй. Хамгийн гол нь өөрсдийн хүчээр энэ жүжгээ бүтээлээ. Мэдээж энэ үеийн хамгийн их сэтгэдэг найруулагч Б.Баатар ах, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од тусалсан.

-Б.Баатар найруулагчийг яагаад сонгосон юм бэ?

-Намайг болон зохиолыг ойлгох найруулагч байж гар нийлж ажиллана. Би бас их голомтгой хүн. Уран бүтээл биднийг сайхан, дотно нөхөрлүүллээ.

-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан уран бүтээлүүд эхнээсээ тавигдаж байна. Та их зохиолчийн тухай олонд яаж хүргэхийг зорьсон бэ?

-Аливаа уран бүтээлчийн амьдралыг аль ч өнцгөөс нь харж, бүтээл туурвиж болно. Театр бүхэн өөрийн зорилттой. Д.Нацагдорж өнөөдөр амьд байсан бол нийгэмд юу гэж хашгирах байв. Тэр амьд сэрүүн байсан бол үнэн үгийг хүмүүст хүргэх байсан. Цаг үе, улс төр, хүмүүсийн байдлыг үнэнээр илчлэх байсан. Энэ бүхнийг Нацагдоржийн нүдээр харах юм бол их найрагч цаг үедээ үнэлгээ, дүгнэлт өгөх байсан гэж боддог.

Магадгүй 1970-аад оны намчирхал, үзэл суртлын далбаан дор, гадаадын өнгөлзөлгөө, удирдамжаар монголчууд нэгнээ хороосон явдлаас өнөөдөр бид холдож чадсан юм уу. Жүжиг үзсэнээр энэ тухай нэлээд олон зүйл бодож ухаарах болов уу. Монголын төр эрчүүдээс бүрддэг бол төрийг бүрдүүлдэг эрчүүдийг эмэгтэй хүн бүрэлдүүлдэг.

Эмэгтэйчүүд өөрсдөө олигтой байж монгол эр хүнийг сэнхрүүлдэг. Ингэж Монголын төр тэнхэрдэг. Монголын төрд авлига, хээл хахууль, хулгай цэцэглээд байгаагийн цаад учир нь эмэгтэйчүүд шуналаа татаж сураагүйтэй холбоотой. Хэрэв бид эр нөхрөө зөв хүмүүжүүлж чадвал төрөө хүмүүжүүлж чадна гэх мэтээр бодох зүйл олон бий. Өнөө цагийн Монгол шүтээнгүй болчихоод байна.

Энэ шүтээн нь Эзэн богд Чингис мөн үү гэвэл тийм. Гэвч оюун билгийн суутнуудаа дээдлэх үүднээс Д.Нацагдорж бол монгол ардын жинхэнэ суутан мөн шүү гэдгийг ирээдүй үедээ хүргэх, ядаж чихэнд нь хоногшуулж, цээжлүүлэх зорилгоор жүжгээ “Монгол ардын суут” гэж нэрлэсэн.

Гол дүрд:

Д.Нацагдорж-Ц.Цэрэндорж

Д.Пагмадулам-М.Энхзаяа

Хар хүн-Г.Гандөш

Халамцуу бүсгүй-Соёлын тэргүүний ажилтан Я.Өнөртуул

Дүрүүдэд:

Өвгөн багш-П.Эрдэнэзаяа

Буудлын жижүүр-Л.Даваадалай

Хоёрдугаар эмэгтэй-С.Оюунболор

Морин тэрэгч-Соёлын тэргүүний ажилтан Х.Батжаргал

Нэгдүгээр цагдаа-П.Эрдэнэзаяа

Хоёрдугаар цагдаа-Л.Даваадалай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)