“Суурь” нь жижгэрсэн ч “сууц” нь данхайсан хэвээр

Бүх төрлийн шатахууны үнийг энэ сарын 15-наас улс даяар литр тутамд нь 300 орчим төгрөгөөр хямдруулсан. Ингэснээр бензиний ханш есөн жилийн өмнөх дүнд, дизель түлшнийх 2018 оны есдүгээр сарын үнэлгээнд хүрсэн юм. Тодруулбал, 2011 оны 6-7 дугаар сард Улаанбаатарт нэг литр бензинийг 1500 төгрөгөөр борлуулж байсан бөгөөд улмаар сар тутам үнэ нь нэмэгдсээр 2012 оны нэгдүгээр сард 1780 төгрөг болжээ.

Бензиний ханш ийн өссөн нь өргөн хэрэглээний барааны үнэд ямар өөрчлөлт гаргасан бол. 2011 оны зургаа, долдугаар сард АИ-92 бензиний нэг литрийн үнэ 1500 төгрөг байх хугацаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох үхрийн махыг Улаанбаатарт нэг кг-ыг нь 5260-4750, хониныхыг 3975-4250, ямааныхыг 3000-4000 төгрөгөөр борлуулж байсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Мөн нэг кг гурил дээд зэрэг нь 800-930, нэгдүгээр зэрэг нь 600, хоёрдугаар гурил 480 төгрөгийн үнэтэй байсан аж. “Атар” талхыг 630-700 төгрөгөөр зарж байжээ. Тэгвэл 2012 оны нэгдүгээр сард АИ-92 бензиний үнэ 1780 төгрөг болж зургадугаар сарынхаасаа 280 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор зарим бараа, бүтээгдэхүүний үнэ бас өсжээ. Тодруулбал, үхэр, хонины нэг кг махны үнэ 20-25 орчим хувиар өсөн дунджаар 6100, 5200 төгрөгт хүрч байж. 

Эл өсөлтөд шатахууны үнэ нэмэгдэхэд махных, улмаар инфляц “хөөрдөг” бичигдээгүй журам үйлчилсэн гэхэд болно. Ер нь инфляцын хоёр орчим нэгжийг махны үнэ бүрдүүлдэг гэдэг. Төвбанкнаас өнгөрсөн долоо хоногт гаргасан, энэ оны гурав, дөрөвдүгээр сарын эдийн засгийн байдал, ирэх саруудын таамаглалд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлийн нөлөө харьцангуй багассаны улмаас 2020 оны инфляцын түвшин төсөөлснөөс буурна гэжээ. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны ханш хямдарч байгаа нь дотоодод борлуулдаг шатахууны үнийг энэ улиралд ахин бууруулах магадлал болно гэв. Ингэснээр хэрэглээний үнийн өсөлтийг хязгаарлах нөхцөл үүсэн, энэ жил улсын хэмжээнд инфляц зорилтот 6.2 хувиас багасах төлөвтэй гэжээ. Ийнхүү махны нийлүүлэлт их, шатахууны үнэ хямд байх нь инфляцыг бууруулах нөхцөл болохыг Монголбанк дурдсан ч ийм төлөв ажиглагдахгүй байна. Өдгөө АИ-92 бензинийг нэг литрийг нь 1500 төгрөгөөр борлуулж байгаа ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, тээврийн зардалд өөрчлөлт гарсангүй. 

Нийслэлийн статистикийн газрын судалгаанд энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт дийлэнх дэлгүүр, зах, худалдааны төвд хонины ястай махыг нэг кг-ыг нь дунджаар 10 025, цулыг нь 12 000, үхрийн ястайг нь 11 800, цулыг нь 13 000-14 000 төгрөгөөр зарсан гэжээ. Энэ нь үхрийн мах өмнөх долоо хоногийнхоосоо 140 төгрөгөөр буюу 1.2 хувиар буурсан дүн бол цул махны үнэ өөрчлөгдөөгүй үзүүлэлт аж. Харин хонины махны үнэ кг тутамдаа дунджаар 300-450 төгрөгөөр буюу дөрвөн хувиар өссөн байна. Энэ нь автобензиний нэг литрийн үнэ есөн жилийн өмнөх дүнд хүрсэн ч тэр үеийнхээс үхэр, хонины мах 2.5 дахин өссөнийг илэрхийлэв. Мөн гурилын үнэ 2011 оныхтой харьцуулахад төрлөөсөө хамаарч 1.5-2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тухай буюу АИ-92 бензиний үнэ 2011оны, дизелийн түлшнийх хоёр жилийн өмнөх түвшинд хүрсэн ч бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрахгүй байгаа талаар Үндэсний статистикийн хорооны эдийн засгийн статистикийн албаны эдийн засагч Д.Баасангаас тодрууллаа. Тэрбээр “Жижиглэн худалдаа эрхлэгчид шатахуун, валютын ханшийн өсөлт нэмэгдсэн гэсэн шалтгаанаар өргөн хэрэглээний барааны үнийг өсгөдөг жишиг бий. Ер нь онолын хувьд инфляцад 12 бүлэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нөлөөлдөг. Үүнд шатахууны буюу тээврийн бүлгийн үнэ 15 орчим хувийг эзэлдэг юм. Тээврийн бүлэгт шатах, тослох материалын үнээс гадна улс, хот хоорондын ачаа, төмөр замын тээврийн өртөг зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, инфляцад үзүүлэх тээврийн бүлгийн нөлөө бага гэж болно. Тиймээс аж ахуйн нэгж, борлуулагчид шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртгийг нэмдэг нь буруу зүй тогтол” гэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт түлш, шатахууны ханш хямдарсан нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг бууруулах нөхцөл болохгүй байгаа тухай иргэд ямар санал гомдол түлхүү ирүүлж буйг тодруулсан юм. Тус газраас аж ахуйн нэгж, үйлчилгээний төвүүдэд хандан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг шатахууны ханшийн хямдралтай уялдуулан бууруулах уриалга хүргүүлсэн билээ. Үүнээс өөрөөр зах зээл дэх үнэд нөлөөлөх боломжгүй гэдгийг ч ШӨХТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас дуулгав.

Бензин, түлшний үнийн хэлбэлзэл нь тээврийн салбарын тарифт шууд нөлөөлдөг гэвэл буруудахгүй. 2011 онд нэг литр дизелийн түлшийг 1320 төгрөгөөр борлуулж байсан бол 30-60 төгрөгөөр нэмэгдэж, эсвэл хямдарсаар 2014 онд 1750-1800 төгрөгт тогтжээ. Энэ үед буюу 2014 оны нэгдүгээр сарын 24-нөөс том оврын автобусны тарифыг 100 төгрөгөөр нэмж, 500 болгосон. Өдгөө эл тарифыг бууруулах боломжтой, эсэх талаар “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулахад “Хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээврээр үйчлүүлэх хүний тоо багасан, алдагдал хүлээж буй. Дизелийн түлшний үнийг хямдруулсан ч үйлчилгээний тарифаа багасгах шалтгаан болно гэж хэлж чадахгүй нь. Сүүлийн зургаан жилд хот дотор нэг хүн 500 төгрөгөөр зорчиж буй нь өндөр үнэ биш” хэмээв. 2019 оноос албан ёсоор такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд эхний нэг км-ыг 1500, удаах км-ээс нь 1000 төгрөгөөр тооцох жишгийг Нийслэлийн тээврийн газраас тогтоосон. Харин хувиараа таксинд явдаг хүмүүс нэг км-ыг нь 1000 төгрөгөөр боддог. Өдгөө шатахууны үнэ хямдарснаар “Приус” маркийн автомашин 100 км-т 8-10 литр бензин зарцуулдаг гэвэл хамгийн ихдээ 15 000 төгрөгийн зардал гарна. Иргэдэд нэг км-ыг нь 1000 төгрөгөөр тооцон үйлчлэхэд 100 км-ээс 100 000 төгрөгийн орлого олно. Эдгээрээс харахад шатахууны үнийн өсөлт зарим бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэх шалтгаан болдог ч бууралт нь өртөг багасах нөхцөл болдоггүй хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, бараа, бүтээгдэхүүн хэмээх “сууц”-ыг барихад “суурь” буюу шатахууны ханш нөлөөлж, хэр том байшин босохыг шийддэг гэж цөөнгүй хүн ойлгож байв. Ийм хандлагыг ч зах зээл “үзүүлж”, бензиний үнэ нэмэгдсэн тул бид өртгөө өсгөсөн гэх тайлбарыг дийлэнх аж ахуйн нэгж илэрхийлдэг. Гэтэл өдгөө “суурь” нь жижгэрчихээд байхад “сууц” данхайсан хэвээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)