Сутай хайрхан уулын тэнгэрийг тайлаа

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол өнгөрсөн 25-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Төрийн тахилгат Сутай хайрхан уулнаа боллоо. Уул тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, О.Чулуунбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга болон орон нутгийн удирдлагууд, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан, Говь-Алтай, Ховд аймгийн хийдийн лам хуваргууд шашин номын зүтгэлтнүүд, үсэгтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан” зэрэг ном хурж, Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч уул тахилгын ёслолын үеэр “Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн. Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой” хэмээн тэмдэглэн хэлсэн.

Дараа Ерөнхийлөгч Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншин, цацал өргөж, судар дуудахад тэрбээр овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавьсан. Мөн тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий аймгийн сурын холбооны тэргүүн хавраач Б.Лхагвадоржид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сутай хайрхан ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдлээ. Бор морийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин С.Энхболдын адуун сүргээс сонгожээ.

Сутай хайрхан уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт мянга гаруй хишигтэн олон оролцож, цаст богд ууландаа идээний дээжээ өргөж, буян заяагаа даатгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)