Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

Улаанбаатар хотод одоо ашиглаж буй нийт сургууль, цэцэрлэгийн барилгын 50 гаруй хувь нь 50-иас дээш жилийн насжилттай гэдгийг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн хэлэв. Энэ юу гэсэн үг болохыг бүгд төвөггүй ойлгоно.

Нийслэлийг “бүсэлсэн” газар хөдлөлтийн зургаан голомт 2005 оноос хойш идэвхжиж байгаагийн дээр хотын яг дундуур дайран гарсан томоохон хагарлыг өнгөрсөн жил япончууд илрүүлсэн. 2013 онд ОБЕГ Японы ЖАЙКА байгууллагатай хамтран гаргасан нийслэлийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатарт ойрын жилүүдэд газар 6.6-7.6 магнитудын хүчтэй хөдөлж болзошгүй бөгөөд тэгсэн тохиолдолд нийт барилга байгууламжийн 22-50 хувь нь эвдэрч, нурахын зэрэгцээ 30-60 мянган хүн гамшигт нэрвэгдэх тооцоо гарсан билээ. Гэхдээ энэ бол Налайхын Хонхор орчмоос эхлээд Улаанбаатар хот дундуур дайрч, Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх 50-иад км урттай шинэ хагарлыг илрүүлээгүй байх үеийн тооцоо. Газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэхийн хэрээр ямар эрсдэл, аюул гамшиг учирч болохыг хэн хүнгүй мэднэ.

Ё.Отгонбаяр БСШУС-ын дэд сайд байхдаа Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал дээр “Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэлт гаргасан сургууль, цэцэрлэгийн барилгын тоо Монгол Улсын хэмжээнд 500 хүрчихээд байна. Хуучин сургууль, цэцэрлэгийн барилгууд тун эрсдэлтэй нөхцөл байдалд байна, яах вэ. Ядаж байхад Монголд даатгалтай сургууль, цэцэрлэг нэг ч байдаггүй” гэснийг санаж байна. Хоёр жилийн өмнөх явдал л даа. Тэр цагаас хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барьсан ч өдгөө харьяа агентлагийнх нь мэргэжилтний амнаас “50 хувь нь хөгшин” гэдэг үг унасан гэхээр нөхцөл байдал олигтой дээрдээгүй бололтой.

МХЕГ-аас 2015 онд улсын хэмжээнд ашиглаж байгаа барилга байгууламжуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг үнэлэх шалгалт хийжээ. Монгол Улсын хэмжээнд сургуулийн 1100 гаруй, цэцэрлэгийн 1050 орчим барилга байдгаас нийт 480 орчим объект нь энэ шалгалтад “бүдэрч”, газар хөдлөлтийн гамшгийн үед их эрсдэлтэй гэсэн ангилалд багтсан байдаг. Тэр тусмаа Улаанбаатар хотод 40 гаруй сургууль, 56 цэцэрлэгийн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээ авчээ. Уг нь 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар 29 сургууль, 51 цэцэрлэгийн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсны дагуу барилгыг нь буулгаж, шинээр барих ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явааг тус газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон хэлсэн.

Хөрөнгө мөнгөгүйн зовлон тоочиж, 10-аад жилийн өмнөх шалгалтын дүгнэлтийн дагуу бүрэн гүйцэд арга хэмжээ авч, аюулаас сэргийлж амжаагүй байтал дараагийн барилга байгууламжууд нь шил шилээ даран дохио хангинуулаад эхэлбэл яана. Тухайлбал, бидний сайн мэдэх нийслэлийн 23, 24 дүгээр сургууль болон Ататуркийн нэрэмжит тав, Сонгинохайрхан дүүргийн 12, Хайлаастын 17 дугаар сургууль бүгд барилгын ашиглалтын хугацаа нь дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлттэйг та мэдэх үү. Гаднаас нь харахад дүнхийсэн сайхан байшингууд хэрнээ мэргэжлийн хяналтын байцаагчийн “оношоор” бол арай ядан тогтож буй өвчтөн шиг болсон бөгөөд юун зургаан лаад унахад ойрхон байгаа аж. Харин ч эдгээр сургуулийн спорт заал нь дээд давхартаа байрладаг байсныг мэргэжлийн хяналтынхан “Ийм байж болохгүй. Илүү их аюултай” гээд гадаа нь гаргуулсан гэнэ. Аюултай гэсэн бүх сургууль, цэцэрлэгийн барилгыг ганц хоёр жилийн дотор буулгаад, дахин шинээр барих төсөв мөнгийг гаргах боломжгүй тул иймэрхүү байдлаар ашиглалтын хугацааг нь уртасгах, заримыг нь хүчитгэх зэрэг арга хэмжээ авдаг гэсэн үг.

Аливаа гамшиг, аюул осол хэлж биш хийсэж ирдэг. Харин энэ тохиолдолд аюул хийсэж бус, хэлж, анхааруулсаар, харанга дэлдсээр ирж байхад урьдчилан сэргийлж чадахгүй бол өөрсдөдөө гомдохоос яалтай билээ. Байгаль дэлхий хилэгнээгүй, амар тайван байхад л хана, тааз нь хагарч цууран, дээврээс нь жилийн жилд дусаал гоождог, шал нь хэзээ мөдгүй цөмрөхөд бэлэн болсон “хөгшин” барилгууд газар багахан шилгээхэд аяыг нь даалгүй хүүхдүүдийн аминд хүрэх вий дээ. Харин сүх далайтал үхэр амар гэдэг шиг манай төр, засгийн түшээд үүний хор уршгийг нэг их ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй явах нь элбэг гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч учирласан юм. “Энэ барилгад хүүхдүүд хичээллэж болохгүй, эрсдэлтэй” гээд акт тогтоочихоод байхад л “Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй ядаж байхад байрыг нь шал дэмий актлаад байх юм. Нээх хэрэгтэй” гэж зөрүүдэлдэг нийслэлийн удирдлага ч байдгийг тэрбээр нуугаагүй.

Сургууль, цэцэрлэгийн барилга яагаад хамгийн аюулгүй, бат бөх, найдвартай байх ёстойг Японы жишээнээс бэлээхэн харж болно. Японы олон муж, хотод аюулт цунами нүүрлэсний дараагаар орон орны сэтгүүлчид тэндээс сурвалжилга бэлтгэн, болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлдэг, байгалийн гамшгийг яаж хохирол багатай даван туулдаг туршлагаас хуваалцсан билээ. Хүний гараар бүтээн босгосон барилга байгууламж, зам, гүүр болгоныг газрын хөрстэй тэгшилсэн хөнөөлт гамшгийн дараа хаа нэгтээ 2-4 давхар байшин торойж үлдсэн нь сургууль, цэцэрлэгийн байр гэдгийг тайлбарлагч онцолж байсан юм. Аливаа эрсдэл, байгалийн гамшгийн үед сургууль, цэцэрлэгийн барилга хамгийн найдвартай гээд хоргодох байр болгон ашигладаг жишээг ч кинон дээрээс бишгүй үзсэн байлгүй. Харин 2017 онд манай урд хөршийн Сичуань мужид хүчтэй газар хөдөлснөөс болж 130 мянга гаруй байшин барилга нурсны дотор сургууль, цэцэрлэгийн цөөнгүй барилга байсан нь томоохон сургамж өгчээ. Тэр ослын дараагаар нам засгийн шийдвэрээр орон даяарх бүх сургууль, цэцэрлэгийн барилгыг үнэлж шалгаад, нураахыг нь нураан, шинээр барьж, хүчитгэх шаардлагатайг нь зассан гэдэг. Өөрөөр хэлбэл, ямар ч улс орны төрийн бодлогын цөмд ирээдүй хойч болсон хүүхэд багачууд нь байдгийн тод жишээ энэ буюу. Харин манайд ямар байна вэ.

“Ирэх хичээлийн жил гэхэд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно. Бид хэчнээн жил сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй гэж ярих юм бэ”

хэмээсэн хотын экс Засаг дарга С.Батболд том зорилтоо хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсөвт чамгүй мөнгө тусгасан гэдэг. Жишээ нь, 2018 оны улсын төсөвт 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг буулгаж, шинээр барихаар төсөвлөснөөс өдгөө 80 шахам хувийнх нь гэрээ байгуулагдсан, олонх нь энэ жил ашиглалтад орох сурагтай. Тэгвэл 2019 оны улсын төсөвт эдгээрийг гүйцээхээс гадна есөн сургууль, 29 цэцэрлэг, дөрвөн спорт заал шинээр ашиглалтад оруулахаар тусгасан гэнэ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 39, Баянголын 13, Хан-Уулын 121 дүгээр цэцэрлэгийг энэ онд буулгаж, шинээр барих юм байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийн, ийнхүү сажилснаар сургууль, цэцэрлэгийн өндөр насжилттай барилгын тоо тодорхой хувиар буурч таарна. Гэвч энэ нь амиараа дэнчин тавин боловсрол эзэмшиж буй монгол хүүхдүүдийг учирч болзошгүй аюулаас бүгдийг нь хамгаалах, урьчилан сэргийлэхүйц цогц арга хэмжээ биш гэдэг нь ойлгомжтой.

1960, 1970-аад онд ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг засаж, хүчитгэн аргацаах, буулгаж шинээр барих нь нэг асуудал. Нөгөөтээгүүр, одоо шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын норм дүрэм, стандарт, газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдэг нь зайлшгүй хөндөх асуудал. Сүүлийн жилүүдэд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор олноор барих болсон. Харин эдгээр нь газар хөдлөлтийн чичирхийлэлд хэр тэсвэртэй байдаг юм бол. Энэ тухай нийслэлийн Боловсролын газрын ахлах мэргэжилтнээс тодруулахад “Сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэх болсонтой холбоотойгоор Монгол Улсад дагаж мөрдөх барилгын стандартын норм, дүрэмд 2018 онд өөрчлөлт оруулсан. Тухайн сургууль, цэцэрлэгийн барилга нь газар хөдлөлтийн хэдэн баллын бүсэд байхаас хамаараад норм, стандарт нь өөр өөр байдаг. Шинэ норм, дүрмээр барилгын зураг төсөл хийхдээ тухайн газар бүрт нь нэг баллаар нэмж тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн барилга урьд нь таван баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тооцогдож баригдсан бол одоо үүнийг зургаа болгож нэмэгдүүлсэн” гэв. Ямартай ч айсуй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс барилгын норм дүрмээ шинэчилсэн нь сайн хэрэг юм даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)