Сурах бичгийн сул орон зайд шургалсан ГАРЫН АВЛАГА

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэсэн хэлцийн утгыг тайлахын тулд “Амжилтын алхам-5” хэмээх дасгал ажлын номд ийн өгүүлжээ. “Ээжийгээ ээмэг, бөгж өгсөнгүй хэмээн зодож, нүд аниулсан зэрлэг хүүгийн тухай сонинд бичив. Эх тэр хүүг өсгөх гэж хэчнээн шөнө нойргүй хонож, яаж зүдэрснийг хүү эргэцүүлсэнгүй. 

Ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн эхийнх нь алтан аминаас алтан ээмэг төдийхөн үнэтэй гэж үү. Мөнх биш болохоор ээж нь хэзээ ч юм бэ, хорвоог орхино. Тэр цагт гаслангийн далайд умбаж, ээжийнхээ хайраар дутна. Эвий, ээж минь, намайгаа гэсээр духанд нь үрчлээ суун, санчигных нь үс он цагийн эрхээр шүхэр цагаан цэцгэнд хяруутжээ...” Сурагчид эхийг уншаад дараах асуултад тохирохыг нь дугуйлах ёстой.

-Хүүгийн талаар сонинд юу гэж бичсэн бэ?

А.Зэрлэгээр зодсон Б.Ээжийгээ алсан В.Нүд аниулсан Г.Зодож нүд аниулсан

-Ээжийгээ юу өгсөнгүй гэж зодов?

А.Хайр энэрэл Б.Алт, мөнгө В.Хоол унд Г.Ээмэг, бөгж...

Ардын боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй, заах аргач багш нар иймэрхүү “юм” зохиочихоод бага ангийн сурагчдад “шахаж” байгаа нь эмгэнэл биш үү. Үрийн санаа ууланд гэх хэлцийг ээжийгээ алсан хүүгийн жишээнээс өөрөөр түм, бумаар тайлбарлаж болох. Түүгээр ч зогсохгүй, тэр чигтээ логикийн алдаатай. Хүү эхийгээ алсан, алаагүй, мөнх биш болохоор ээж нь хэзээ ч хамаагүй үхнэ. “Эвий, ээж минь, намайгаа гэсээр духанд нь үрчлээ суун, санчигных нь үс он цагийн эрхээр шүхэр цагаан цэцгэнд хяруутжээ” гэсэн өгүүлбэрийг уншвал, ээж нь амьд хүүгийнхээ араас шаналаад ч байгаа юм шиг. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг иймэрхүү дасгал ажлуудтай ном, гарын авлага, товхимлуудыг хүүхдүүд сурах бичгээсээ гадна өчнөөнөөр нь ашиглаж байхад хэн ч санаа тавихгүй байгаа нь хачирхалтай.

Улсын хэмжээнд сурах бичгийн хүртээмж хангалтгүй, хоёр сурагч тутмын нэг нь номгүй хичээллэж байгааг бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ сул орон зайг ашиглан, гарын авлага буюу хичээлээс гадуурх дасгал ажлын номын бизнес сургуулиудад газар авчээ. Хэнбугай нь ч гарын авлага зохиож, хүүхдүүдэд шахах боломж манай боловсролын салбарт нээлттэй байгаад гол учир нь бий.

Сургуулиуд хэчнээн нэр, төрлийн гарын авлага ашиглаж байгааг Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүд саяхнаас судалж эхэлжээ. Тус хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаагаас энэ талаар тодруулахад “Манайх нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд судалгаа явуулсан. Бас орон нутгаас мэдээлэл цуглуулж, бага, дунд, ахлах ангиуд сурах бичгээс гадна ямар гарын авлага, товхимол хэрэглэж байгааг лавлалаа. Хот, хөдөөгийн сургуулиуд 1-5 дугаар ангид сургалтын 10 орчим нэр, төрлийн нэмэлт материал ашиглаж байна. 90 орчим хувь нь монгол хэл, математик, үлдсэн нь хүн байгалийн хичээлд түлхүү хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарсан. Дунд ангийн сурагчдын үзэх хичээлийн тоо олшрох тусам нэг сургуульд 10, заримд нь 20 нэр, төрлийн гарын авлага, дасгал ажлын ном ашигладаг юм билээ. Бараг хичээл бүр гэсэн үг. Үүнээс математик, физик, үндэсний бичиг, химийн хичээлийн гарын авлага түлхүү байна. Ахлах ангид дасгал даалгаврын ном арай цөөрч байх жишээтэй. Голдуу элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх дасгал, тестийн номыг хүүхдүүд сонгон үзэж байна” гэж ярилаа.

Сурах бичгээс гадна дасгал ажлын ном ашиглахыг БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, нийслэлийн Боловсролын газар зэрэг толгой байгууллагын аль нь ч зөвшөөрөөгүй. Бас хэн нь ч үүнийг хориглодоггүй. Зүгээр л урсгалаараа хөвдөг усан онгоцтой адил аж. Боловсролын хүрээлэнгийнхний ажигласнаар бага ангийн нийт сурагч 10 орчим төрлийн буюу бүх хичээлдээ гарын авлага хэрэглэж байна. Харин дунд ангийн бүх хүүхдэд зөвхөн гол хичээлийнх нь товхимлыг тараадаг аж. Судалгаанд хамруулсан сургуулиудын сурагчдын 70 орчим хувь нь бие даах чадварын номуудыг анги болон гэртээ ашигладаг гэнэ.

Гарын авлага, дасгал ажлын нэмэлт ном ийм олноор ашиглах болсныг багш нараас лавлахад “Цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиосон сурах бичгүүдээс даалгавар өгөх гэхээр дасгал нь цөөддөг. Шинэ хичээл заасны дараа бататгах даалгавар, жишээ бараг байхгүй. Сурах бичиг хүрэлцэхгүйн дээр чанар нь муу тул нэмэлт ном “барихаас” өөр аргагүй” хэмээсэн. Харин эцэг, эхчүүд үүнийг шүүмжилж байв. “Жил бүр “Дасгал ажлын ном ав” гэж сурагчдаас мөнгө нэхдэг. Түүнээсээ тоймгүй их даалгавар өгнө. Таван цаг хичээллээд ирсэн хүүхэд 10-20 бодлого гэртээ бодно гэдэг чанга. Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гэж бүтэн өдөржин нус, нулимстайгаа холилддог. Гарын авлагаар хичээлээ заачихаж байгаа юм бол сурах бичгийн хэрэг байна уу. Энэ тогтолцоог ойлгохгүй юм” гэж халаглацгаав.

“Гэрийн даалгаварт хийх дасгал ажил, бататгах жишээг сурах бичигт олноор оруулах боломжгүй. Хэвлэлийн хуудас нь хязгаартай. Нөгөөтээгүүр, гадаадын улс орнууд шиг сурах бичгийг багцаар нь зохиож, хэвлэж, түгээх боломж нөөц Монголд одоогоор байхгүй. Хөрөнгө төсөв нь ч хүрэлцэхгүй. Уг нь сурах бичгийг дагалдуулж дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэж байх ёстой. Ингэж гэмээн багш сургалтын материал нэмж авах шаардлагагүй болно. Гэвч бид сурах бичгээ ч бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна” гэж эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаа өгүүлэв.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан сургуулиудад ашиглаж буй гарын авлага, бие даах чадварын номууд цөм хөтөлбөр, сурах бичгийн агуулгатай нийцэж буй, эсэхийг судалсан газар одоогоор алга. Үг, үсэг, найруулга, логикийн алдаатай гарын авлагууд хүүхэд бүрийг хөгжүүлж, мэдлэг олгоход нь тусалж чадахгүй нь ойлгомжтой. Салбарын яамныхан “Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид багшаас хараат бус, бие даан хөгжих боломж нээгдсэн. Ачаалал нь ч багассан” гэх. “Эко царс” гэр бүлийн боловсролын төвийнхөн зургаан настнууд гэрийн даалгавраа хийхэд олон улсын стандартаас 13 дахин их хугацаа зарцуулж буйг судалж тогтоосон байдаг. Ачаалал дээр ачаалал нэмэхэд гарын авлага нэлээд үүрэг гүйцэтгэх болсныг эцэг, эхчүүд ч хэлж байлаа. Хүүхдийнхээ даалгаврыг өдөр бүр хийлгэдэг учир зовлонг нь тэд хэн хүнээс илүү мэдэх биз.

Уг нь нэгдүгээр ангийн сурагчид гэрийн даалгаварт дунджаар нэг цаг зарцуулахыг “хуульчилсан” байдаг. Тодруулбал, унших хичээлийг 20, бичихийг нь 20-25, бусдыг нь 10 минутаас хэтрүүлэхгүй давтах ёстой. Гэвч 10, 20 мөр хуулан бичлэг хийх даалгавартай хүүхэд цаг гаруйн хугацааг зөвхөн бичихэд зарцуулах жишээтэй. Нөгөөх л гарын авлагаас болж. Манайхны мөрддөг гэх стандартаар 2-4 дүгээр ангийнхан дээд тал нь 1-2, 5-6 дугаар ангийн сурагчид хоёр цаг 30 минутыг гэрийн даалгавар хийхэд зарцуулж болно гэж заасан. Мэдээж хичээлээсээ ирээд 1-2 цаг амарсны дараа, гэрийн даалгавар хийж эхлээд хагас цаг тутамд 10 минут амраах ёстой зэрэг “гоё” заалт бий. Эл стандартын дагуу гэрийн даалгавар өгдөг багш Монголд бараг байхгүй. Залхтал, цуцтал нь хичээлтэй “ноцолдуулна”.

Хуудасны тоо, хичээлийн төрлөөс хамаарч гарын авлагуудыг 3000-6000 төгрөгөөр борлуулдаг юм байна. Сургуулиудын олонх нь багшийн хүсэлтээр дасгал ажлын ном ашиглаж буй гэх ч удирдах албаныхны дарамт шахалтаар нийлүүлэх явдал цөөнгүй аж. Мөн зохиогч нар багш, сургуулийн захирлуудад хувь амлаж, шахах нь түгээмэл гэх. Зөвхөн монгол хэлний гарын авлагыг нэгдүгээр ангийн хүүхэд бүрт худалдахад 60-70 мянган хувь борлодог гэхээр хэр ашигтай бизнес болох нь харагдана.

Нөгөө талаар багш нар мэргэжлээ дээшлүүлэх, зэрэг горилохдоо заавал нэг ном, товхимол бичсэн байх шаардлагатай гэнэ. Үүнээс болж болсон, болоогүй хэдэн номоо ангидаа, сургуульдаа албан хүчээр зарах тохиолдол ч гардаг аж. Ямартай ч Боловсролын хүрээлэн улсын хэмжээнд ашиглаж буй гарын авлагын тоог нэгтгээд, салбарын яамандаа хүргүүлчихвэл цаашид авах арга хэмжээ нь тодорхой болох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)