Сураг тасарсан шинэ цэвэрлэх байгууламж

Улаанбаатарын утаа гэдэг шиг улиг болсон сэдэв хөндье. Орон сууцны шинэ барилгууд олноор сүндэрлэж, хот тэлж байна гэж бахар­хагсад олон. Тэгсэн хэр нь тэдгээрээс гарсан бохирыг цэвэршүүлэх үүрэгтэй, Улаанбаатарын баруун хаяанд, салхины дээд талд байрлах ганц байгууламж ачааллаа дийлэхгүй, амьсгаа тасрахад ойрхон ирснийг тоохгүй явсаар өчнөөн он улирав. Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд 500.000 хүн амтай хотод зо­риулан байгуулж, ашиглалтад оруулсан түүхтэй. Байгууламж өдгөө хүчин чад­лаасаа 20.000-40.000 шоо метрээр их бохир хүлээн авч цэвэрлээд Туул голд нийлүүлж буй. Зөвхөн усны хэмжээ бус, түүнд агуулагдах бохирдол нь ч хүлцэх хэмжээнээс 2-5 дахин ихэссэн гэхээр нөх­цөл байдал ямархуу түвшинд тулсан нь ойлгогдох биз.

Уг нь 1990 оноос хойш олон улсын зээл тусламжаар тус байгууламжийг удаа дараа засаж ирсэн ч байдал төдий­лөн сайжирсангүй. Тус байгууллагынхан өөрсдөө хүртэл жил бүр багахан хэмжээ­ний хөрөнгө гаргаж, додомдсоор байна. 

“Маш их хэмжээний ус хуримтлуулдаг, гадаа байрласан, задгай байгууламж шүү дээ. Тэгсэн атал өвөл, зун, өдөр, шөнө­гүй тасралтгүй ажиллах үүрэгтэй. Хэдий олон жил ажиллаад, элэгдэж хорогдсон ч үүргээ тасралтгүй биелүүлсээр ирсэн” гэж ажилтнууд нь хэлсэн. Улаанбаатар хотын айл өрх, хүн ам бохир ус гаргах нь үнэн, түүнийг зайлшгүй цэвэрлэж бай­гальд нийлүүлэх учиртай нь маргаангүй. Гэтэл байгууламж нэг өдөр гэнэт нүд анихад хүрвэл яах вэ. Нийслэлийн ир­гэдийн бохирыг Туул голд шууд цутгаж болзошгүй нөхцөл 2015 оны хавар нүүр­лэснийг эргэн санана уу.

Нэг л өдөр нүүр тулж мэдэх аюулаас сэрэмжлэх гол арга зам нь шинээр цэвэрлэх бай­гууламж барих тул ажлыг нь эрт­хэн эхлүүлэх ёстойг холбогдох мэргэжилтнүүд 2010 оны үеэс эрчимтэй хөндөж эхэлсэн. Үүний дагуу арга хэмжээ авахаар төр, засгаас ч санаачилга гаргаж, “Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлнэ, арьс ширний үйлд­вэрүүдийг хотоос нүүлгэнэ” гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь дээрх ажлууд өдий хүртэл зөвхөн цаасан дээр л байсаар буйг эмгэнэл гэхээс өөр юу гэх вэ. Хамгийн сүүлд гарсан дорвитой шийдвэр гэвэл Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор кон­цессийн гэрээгээр шинэ цэвэрлэх байгууламж барихаар болсон явдал.

Уг шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд хотын захиргааныхан тендер зарлаж, Францын “Виолия” компани шалгарч, шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ боловсруулсан байдаг. Гэтэл гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, шинээр барих ажлыг эхлүүлж ам­жилгүй сунжирч явсаар 2016 оны УИХ-ын сонгуультай золгочихсон билээ.

Сонгуулийн үр дүнгээр бүрд­сэн УИХ, Засгийн газрын гишүүд “уламжлал ёсоор” Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг алгуур­лалгүй барьж авав. УИХ-ын Өргөд­лийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон, холбогдох газрынхан гээд со­нирхсон бүхэн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахаас эх­лээд, гарц бий, эсэхийг хэлэлцэх, зарим нь бүр “Байгууламжаа сайн ажиллуулсангүй” гэж ажилтнуудыг нь загнах зэрэг олон “ажил” ам­жуулав. Тэгсэн ч гэсэн олон жил яригдсан, цаасан дээр хэдийнэ биел­лээ олчихсон, жинхэнэ ажил эхэлсэнгүй. Тэр байтугай өмнө нь хийгээд бэлэн болгочихсон ТЭЗҮ-ийг голж, хэтэрхий үнэтэй, бараг таван тэрбум төгрөгөөр хийлгэсэн байна гэдгээс эхлээд олон талаар учир дутагдалтай тул ашиглах боломжгүй гэсэн санал гаргаж байлаа.

Гэсэн ч хөрөнгө хэмнэх үүднээс тун удалгүй уг ТЭЗҮ-ийг ашиглахаар болж (талууд судалгааны үндсэн дээр бага сага өөрчлөлт оруулсан), бас хугацаа хэмнэхийн тулд өмнө нь зарласан, гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг үргэлжлүүлэх шийдвэрийг энэ оны эхээр гаргасан. Удтал дунш­сан ажил ашгүй нэг дуусах нь гэсэн найдвар төрүүлсэн нь энэ. Үр дүнд нь ТЭЗҮ-гээ бүрэн дуусгаж, судалгааны ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийсэн билээ.

Тэр ТЭЗҮ-ээр бол шинэ цэвэрлэх байгууламж иж бүрэн автомат ажил­лагаатай, үнэр, дуу чимээгүй, ахуйн лаг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай буюу одоогийнхтой нь харьцуулах арга­гүй супер байхаар “зурагджээ”. Түү­гээр ч зогсохгүй, цэвэрлэгдээд гарч буй усыг хөдөө аж ахуй, ногоон байгууламж, үйлдвэрүүдийн тех­нологийн хэрэгцээнд дахин ашиг­лах “шидтэй”, гүний усыг хүртэл тэжээх боломжтой зэрэг давуу тал­тай байхаар тусгасан юм байх. Хүчин чадлын хувьд өмнөхөөсөө бараг хоёр дахин их буюу хоногт 250.000 шоо метр бохир ус цэвэрлэх чадалтай байхаар шийдэх гэнэ. Мөн 2020 онд ашиглалтад оруулах дүр зурагтай.

Дээрх ажлыг Францын “Артелиа вилл энд трансфорт” компанийнхан концессын гэрээний дагуу гүйцэтгэнэ гэсэн сураг саяхныг болтол яригдаж байгаад юу болсон нь мэдэгдэхгүй гэнэт замхарчихав. Бүр өнгөрсөн хавар, зун барилгын ажил эхэлнэ гэгдэж байлаа. Гэтэл барьж эхлэх нь байтугай хэн барих нь ч тодорхойгүй болчихож буй юм. Уг ажлыг хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Үндэс­ний хөгжлийн газрынхан нь дүлий дүмбэ оргиж сууна. Бид дахиад хэдэн жил өмхийрсөн хотод амьдрах нь тодорхойгүй хэвээр үлдэв. Түүнчлэн цаашид уг ажлыг дээрх газар, хотын захиргаа хоёрын аль нь гардан хэрэг­жүүлэх вэ гэдэг дээр ч маргаан дэгдээд буй сураг сонсогдоно лээ.

Төв цэвэрлэх байгууламж үеийн үед улс төрийн шоуны нэг хэсэг байсаар ирсэн. Шийдэхгүй хэрнээ шийднэ гэж амладаг, шийдэж байгаа юм шиг хэрнээ үнэн хэрэгтээ асуудал хуучин хэвэндээ л байдаг жишиг энэ удаа ч үргэлжилснийг дээрх то­хиолдол харуулах биз. Уг асуудлыг шийдэх гэж манай холбогдох бай­гууллагынхан янз бүрийн хэлэлцүү­лэг, зөвлөгөөн зохион байгуулах “дуртай”. Тэгсэн хэрнээ хүн бүр өөр ашиг сонирхол, үзэл санаа илэр­хийлж, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг.

Тодруулбал, одоогийн байдал нь тэртэй тэргүй шинийг барихаас нааш өөр аргагүй гэдгийг нотол­чихоод байхад “Манай цэвэрлэх байгууламж тийм ч муу биш. Сайн ажиллуулж чадахгүй байна” гэж ярих хүн ч бий. Мөн жижиг оврын олон байгууламж баривал Улаанбаатарын өмхий тамтгаа алдана гэсэн судал­гаа, дүн мэдээлэл гарчихаад байхад “Хотын өнцөг булан бүрт бага ов­рын байгууламж барьж болно” гэх саналтай хүн ч гарах жишээтэй.

Ханцуй шамлаад эхэлсэн бол нэг биш, нэлээд хэдэн байгууламж ба­рих хугацаа өнгөрчихсөн атал бид хуучинтайгаа, хот өмхийрсөн хэвээ­рээ байна. Энэ маягаараа дахиад хэ­дэн он өнгөрөхийг тааварлашгүй нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)