“Сурагч охидод өнөөдөр өмд өмсгөе, маргааш нүүрийг нь халхалъя”

нэ хоёр охиныг хар даа, өдий багаасаа оодойсон юм өмсчихөөд

-Харин ч нүд хужирлаад аятайхан юм биш үү. Нэг нь бүр нүүрээ будчихжээ.

Яг л хүүхэн аятай.

Хижээл насны хоёр эр ингэж ярилцахыг сонсоод дотор муухайрав. Тэдний “хүүхэн” гээд тодотгосон хоёр охин дөнгөж л 14, 15 настай болов уу гэмээр. Сурагчийн дүрэмт хувцас өмссөн тэд насанд хүрээгүй нь ойлгомжтой. Гэтэл аав, бүр өвөө шиг нь хүмүүс өлөн нүдээр шүлэнгэтэн ширтэх нь аймшигтай. Тэд сормуусаа будаж, уруулаа өнгөлсөн нь хэн нэгэнд элдвээр хэлүүлэх шалтгаан биш. Яагаад насанд хүрээгүй охидыг ингэж зүй бусаар хэлж, илүү харж, билүү долооно вэ. Эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсад ийм үзэгдэл байдаг л зүйл үү. Эмэгтэйчүүдийг өмссөн хувцас, гадаад төрхөөр нь “Биеэ үнэлэгч, явдалтай хүүхэн” хэмээн элдвээр муулж, бахаа хангадаг бол одоо насанд хүрээгүй балчир охидыг гоочилж, бэлгийн хүчирхийллийн хохирогч болгох явдал газар авлаа.

“Манай улсад жилд хүчингийн 400-500 орчим хэрэг бүртгэгддэг. Үүний 50-60 хувийнх нь хохирогч бага насныхан. 2020 он гарснаас хойш 160 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирсон” гэх сэртхийлгэм тоог цагдаагийн байгууллагынхан хэллээ. Ийм мэдээллийг өдөр бүр шахам сонссоор бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, хүчирхийлэх нь гэмт хэрэг бус, байдаг л зүйл мэт олон нийт хүлээж авдаг болох нь. Буруу юмыг зөв мэт ярьсаар байтал нийгэм цочрохоо больжээ. Бүр зарим гаж донтонд “Ингэж болох юм байна” гэсэн адын бодол төрүүлж ч мэдэх нь. Хохирсон хүнийг л нэмж хохироодог, гэм хийсэн этгээдийг хаацайлдаг, хамгаалдаг гаж үзэгдэл газар авсаар байгаа нь харамсалтай.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидод банзал (юбка) биш, өмд өмсгөе гэж саяхан цахим орчинд шуугисан. Зарим нь “Охид, бүсгүйчүүд яаж хувцаслахаа хэн нэгнээр заалгах ёсгүй. Энэ бол тэдний эрх. Түүнд нь хэн ч халдах эрхгүй. Хүчингийн гэмт хэргийн хохирогчид хувцаснаасаа болж халдлагад өртлөө гэдэг буруу хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гэмтнийг өмгөөлж, гэмгүйг буруутгадаг хаанахын ёс вэ” гэсэн бол нөгөө хэсэг нь “Гаж донтнууд хаана ч байх эрсдэлтэй тул охид, эмэгтэйчүүд биеэ хамгаалж, битүү хувцас өмсөх хэрэгтэй” гэж байв. Сонирхолтой нь, эмэгтэйчүүдийн хувцас бэлгийн хүчирхийллээс хамгаалдаг гэсэн ямар ч нотолгоо, баримт үгүй юм. Харин ч хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тухайн үед өмсөж байсан хувцсыг нь үзэхэд ихэвчлэн өмд, цамцтай байжээ. “Чи юу өмссөн байсан юм” хэмээх бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон нэгэн үзэсгэлэнг АНУ-ын Канзас хотын их сургуулийнхан дэлгэсэн. Бяцхан хүүгийн өмсөж явсан шар өнгийн цамц, жинсэн өмд бусдаас анхаарал татахаар харагдаж байсан. Энэ баримт нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг буруутгадаг үзэл бодлын эсрэг маш хүчтэй “дуу хоолой” болсон төдийгүй өмссөн хувцас нь хүчирхийллийн золиос болох шалтгаан биш гэдгийг “чимээгүй” өгүүлсэн юм. Үүн шиг утга агуулсан үзэсгэлэнгүүд олон улсад болдог. Тухайлбал, Бангкокт “Яаж хувцаслахыг битгий заа”, Молдавт “Хувцсыг бүү үзэн яд” зэрэг олон кампанит ажил өрнүүлсэн байна. Гэтэл манай улс хохирогчдоос “Чи юу өмсөж явсан юм бэ” гэсэн утгагүй зүйл асуусан хэвээр. Энэ нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, хохирогчдыг буруутгадаг гаж үзэгдлийн бодит жишээ.

Хувцас хүчирхийллийн бай биш гэсэн хөдөлшгүй баримт байхад “Сурагч охидыг өмд өмсгөе” гэж муйхарласаар байх уу. Үүний оронд хүчирхийлэл үйлдээд байгаа гэмт этгээдүүд хэн болох, хуулийн ямар хариуцлага хүлээсэн, хэрэв ийм хэрэг үйлдвэл хэдэн жилийн ял оноодог тухай ярьж, анхааруулбал яасан юм бэ. Хамгийн аймшигтай нь манай улсад бэлгийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд далд явагддаг. Ихэнхдээ бяцхан хүүхдүүдийг төрсөн аав, ах, өвөө, хойд эцэг, ураг төрлийнхөн нь хүчирхийлсэн байдаг. Сурагч охидод өмд өмсгөлөө гээд хүчирхийлэлд өртөхгүй гэвэл дэндүү өрөөсгөл. Тэгвэл яршиг, охидод өнөөдөр өмд өмсгөөд, маргааш нүүрийг нь халхалчихъя. Харин дараа нь гэрээс огт гаргахаа байя. Тэгвэл бидний охид, ирээдүйн ээж нар гаж донтнуудын хараанаас холдож, гараас нь мултарч чадах уу. Харамсалтай нь, тийм биш. Хувцас хүчирхийлэгчдээс хамгаалах зэвсэг болж чаддаггүйг олон улс хүлээн зөвшөөрсөн. Энэ нь жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэвшмэл буруу ойлголт. Эмэгтэйчүүдийг буруутгадаг гаж хандлагатай холбоотойг энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хэлж байна.

Сурагч охидын дүрэмт хувцас хүчирхийлэлд өртөх нэг шалтгаан мэтээр ярьж, хэлж, бичиж эхэлснээс хойш эрчүүд бүү хэл, эмэгтэйчүүд ч охидын хөл, гуя, хормой руу хардаг зуршлыг бий болгох нь. Ийм буруу мессеж нь тэднийг хүчирхийллийн “бай” мэт сөрөг ойлголт бий болгож байна гэхэд хилсдэхгүй. Тэд 18 нас хүрээгүй, цэцэг цэврүү шиг охид. Ийм охинтой хэрнээ өрөөлийн охиныг өөр нүдээр харж буй гаж донтнуудыг л буруутгах бус, хохирогчийг нэмж дэвсэлмээргүй байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тухайн үед өмсөж байсан хувцас. АНУ Канзас хот 2020 он

Манай улс 2014 оноос тухайн үеийн БСШУ-ы сайдын тушаалаар ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчийг нэг ижил дүрэмт хувцастай болгосон. Энэ нь хүүхдүүдийг ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй байх, багш нь сурагчдадаа, сурагчид нэг нэгнээ өмссөн, зүүснээр нь ялгаж харилцахгүй, баян, хоосны ялгаа гарахгүй байх ач тустай хэмээн тайлбарлаж байв. Энэ нь сайн хэрэг. Гэтэл одоо юунд сурагч охидын дүрэмт хувцсыг өөлнө вэ.

Сургууль орчимд охидыг хэсэг анзаарч зогслоо. Хэд хэдэн сурагчтай уулзаж санал бодлыг нь сонсов. Тэдний олонх нь “Эмэгтэй хүн юм чинь хормойтой хувцас өмсөх нь гоё” гэж хариулсан. Өмссөн банзал нь өвдөгнөөс дээш 3-4 хуруу хэртэй богино харагдана лээ. Тэглээ гээд бусдын анхаарал татах зүйл ажиглагдсангүй. (Яг юу анзаарах ёстой вэ. Тэд насанд хүрээгүй хүүхэд шүү дээ) гэж бодоод “School police”-оор ажиллаж буй нэгэн залуутай хэсэг ярилцлаа. “Сурагч охид банзал өмсөх нь бэлгийн хүчирхийлэлд өртөх шалтгаан мөн үү” гэж асуухад тэрбээр гайхав. Энэ тухай ер бодож байгаагүй бололтой. Уг нь ийм бодол хэний ч толгойд орж ирэхгүй ёсгүй юм. Тэд бол хүүхэд. Хэсэг тээнэгэлзсэнээ “Юу гэж тийм зүйл байх вэ. Хувцсыг нь ер анзаарч байгаагүй. Миний охин хоёрдугаар анги. Даашинз өмсөөд л явдаг шүү дээ” гэв. Тэрбээр бага ангийн охидын өмсдөг дүрэмт хувцсыг ийн нэрлэжээ. Түүн шиг эрчүүд, аав, ах, хөвгүүд олон байдаг бол охид бэлгийн хүчирхийллийн золиос болохгүй. Тэднийг хүчирхийлж, хүсээгүй үед нь хүүхэдтэй болгож, амьдралыг нь дэвсэлчихээд эргээд өнөөх охины буруу мэт, “Чи юу өмссөн юм бэ”, “Чи өөрөө эхлээ биз”, “Чи даруухан байхгүй яасан юм бэ”, “Чи яагаад эцэггүй хүүхэд төрүүлэв” гэж чичлэх нь байж болох зүйл үү. “Хүүхдийн эцэг хариуцлага хүлээхгүй байна” гэж хэн ч ярьдаггүй хэрнээ хохирсон эмэгтэйг л сэтгэл санааны дайралтад оруулдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас зургадугаар ангиас нь өөрчлөгдөж, хүрэм, банзал өмсдөг аж. Зургаан настайдаа сургуулийн босго давсан тэд ердөө 11-12 настайдаа зургадугаар ангийн “том” сурагч болдог. Ээж, аавдаа нялхаараа тэднийг өмссөн хувцсаар илүү үзэх нь байж боломгүй. “Одоогийн охид л өөрсдөө богино банзал өмсөх дуртай. Түүнээс өвдөг давсан урт юбка үйлдвэрлэдэг” гэж зарим эцэг, эх, багш ярьсан. Тиймээс “Өүлэн менч”-ийн загвар зохион бүтээгч Ө.Халиунаагаас сурагчийн дүрэмт хувцасны стандартын талаар тодрууллаа. Тэрбээр “Монголын сурагчдын дүрэмт хувцасны загварыг анх “Шилмэл загвар” агентлагийнхан гаргаж, үйлдвэрүүд түүний дагуу оёсон. Сурагч охидын банзал өвдөгнөөс доош дөрвөн хуруу урт байх ёстой. Гэтэл эцэг, эхчүүд болон охид өөрсдөө “Хэтэрхий урт” гээд өвдөгнөөс дээш дөрвөн хуруу хэртэй тайруулдаг юм. Нэг банзал тайрахад 12-15 см даавуу хаяж байгаа юм. Оёсон хувцсаа дахин тайрах, үр ашиггүй материал гарздах сонирхол үйлдвэрүүдэд байхгүй. Тиймээс хоёр дахь жилээс банзлыг өвдөгнөөс дөрвөн хуруу богино байхаар тооцож үйлдвэрлэсэн. Ингэлээ гээд хүүхдийг өмссөн хувцсаар нь дүгнэх нь буруу. Богино банзал өмссөнөөс болж хүчирхийлэгчдийг өдөөн хатгасан мэтээр ярьж буй хүмүүс хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хохирогчийг хохироодог хандлагыг өөрчилсөн цагт л охид, эмэгтэйчүүд богино даашинзтай ч айдасгүй алхаж чадна” гэв. Тэрбээр мөн хоёр охины ээж бөгөөд цахим орчинд тархсан “Сурагч охидод өмд өмсгөе” гэдэгтэй санал нийлэхгүй буйгаа илэрхийлсэн. Гэхдээ нийгэмд гаж донтнууд байсаар, бусармаг явдал гарсаар буй учир эцэг, эхтэйгээ явахдаа дуртай хувцсаа өмсөж, харин ганцаараа, өөрийгөө хамгаалах чадваргүй үедээ олны анхаарал татахааргүй хувцаслах нь зөв болов уу хэмээн саналаа илэрхийлсэн юм. Энэ нь нэг талаас зөв байж болох ч хувцас нь бэлгийн хүчирхийллээс сэргийлэх зэвсэг биш гэдгийг олон бодит жишээ нотолж байна. Хувцас буруугүй, хохирогч бүр ч буруугүй, харин хүчирхийлэл үйлдэгч буруутайг бид хэзээ ойлгох вэ. Сурагч охин банзалтай явж байсан учраас хүчирхийлүүллээ гэж би лав сонсоогүй. Гаж донтнууд нэгэнт “онилсон” бол юу ч өмссөн санаагаа гүйцэлдүүлнэ. Өмд өмслөө гээд охид өөрийгөө хамгаалж чадахгүй шүү дээ. Бэлгийн хүчирхийллийг санаатай үйлддэг. Санамсаргүйгээр уг хэргийг үйлдэх боломжгүй. Тиймээс санаатайгаар балчир үрсийг бузарлаж буй гэмт этгээдийг хатуу шийтгэхээс биш, хохирогчийг буруутгах ёсгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)