Сурагчид үдийн цайнаас хордсон эсэх нь өнөөдөр тодорхой болно

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 61 дүгээр сургуулийн сурагчид нэгэн зэрэг өвдсөн хэрэг өчигдөр гарлаа. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ хоолноос хордсон байж болзошгүй хэмээн үзэж буй. Учир нь тус сургууль цайны газаргүй, байгуулах зай талбай ч үгүй аж. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд сурагчдадаа компаниудаас хоол авч өгдөг аж. Өчигдөр тус сургуулийн бага ангийн зургаан бүлгийн 202 хүүхэд үдийн цайндаа “Хаан сүү” компанийн нэрсний шүүс ууж, “Алиман сар” компанийн гурилан бүтээгдэхүүн иджээ.

Гэтэл 3д ангийн 13 сурагч гүйлгэж, бөөлжсөн аж. Тиймээс Яаралтай тусламжийн төвд хандан, тэднийг эмнэлэгт хүргэжээ. Энэ талаар тус сургуулийн захирал А.Мөнхчимэгээс тодруулахад “Үдийн цайны дараа 13 сурагчийн гэдэс мушгисан. Одоогийн (өчигдөр 17.15 цаг) байдлаар 10 хүүхэд нь гэртээ харьсан, гурав нь эмнэлэгт эмчлүүлж буй. Бусад сурагчийн эцэг, эхтэй холбогдож, биеийн байдлыг нь асуухад хэвийн байна гэсэн” гэв.

Тус сургууль “Алиман сар” компанитай хоёр дахь жилдээ хамтран ажиллаж буй бол “Хаан сүү” ХХК-ийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн намраас худалдан авч эхэлсэн байна. Ийнхүү сурагчид өвдсөн учир нийслэлийн Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс тэдний үдийн цайндаа идэж, уусан бүтээгдэхүүнээс дээж авч, шинжлэхээр болжээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарах бөгөөд сурагчид хордлого авсан эсэх нь үүгээр тодорхой болох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)