Сурагчид "үдийн хоол"-той боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болоод хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталлаа.  

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсгээс боловсруулсныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Хуулийн төсөл 2020 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Бага, дунд боловсролын тухай хуулийн "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоол иддэг болох юм байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл нь “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Үүнд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суутгах бөгөөд жилд дунджаар 65 тэрбум төгрөгийг суутгаж, нийт 300 гаруй тэрбум төгрөгийг суулгахаар төлөвлөжээ.  

Чуулганыг ШУУД дамжуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)