Сурагчид хонгил, номын сан, багш нарын өрөөнд хичээллэж байна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнгөрсөн даваа гаргаас хэвийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим сургууль хүүхдүүдээ багтаахгүй, гурван ээлжээр хичээллэх болсноо эцэг, эхчүүдэд нь уламжилжээ. Харин БШУЯ болон нийслэлийн Боловсролын газраас сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй, дотоод нөөц бололцоогоо ашиглан, асуудлуудаа шийдэх үүрэг, чиглэл өгсөн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 56 буюу “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийнхан III ангийн 11 бүлгээ 78 дугаар сургуульд хичээллүүлэх шийдвэр гаргасан аж. Гэвч эцэг, эхчүүд нь үүнийг эсэргүүцэн, жагсаж тэмцэхдээ тулж, эцэст нь асуудлыг нааштайгаар шийдсэн гэнэ. Иргэн Б “III ангид 7-8 настай хүүхдүүд явдаг. Гэтэл 78 дугаар сургуулийн манай хүүхдүүдэд хуваарилсан анги танхим нь эрүүл ахуйн шаардлага болон аюулгүй байдал хангаагүй. Шал нь цөмөрсөн, хүүхдүүд уначихмаар, далан, жалга өгсөж хүрдэг учраас сургуульдаа очиход хүндрэлтэй. Түүний оронд гурван ээлжээр хичээллүүлсэн нь хавьгүй дээр” гэсэн юм.

56 сургуулийн III ангийн багш Б “Манай сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаагүй учраас анги танхим хүрэлцэхээ больсон. Энэ жилээс 5185 хүүхэдтэй хичээллэх болсон. Үүний 3100 гаруй нь бага ангийнхан. Уг нь төсөв мөнгийг нь шийдчихвэл өргөтгөлийн барилгыг богино хугацаанд дуусгах юм гэсэн. Юунаас болж “царцсаныг” нь сайн мэдэхгүй. Үүнээс болж өнгөрсөн онд дунд ангийнхныг 78 дугаар сургуульд хичээллүүлсэн. Хүүхдүүд далан өгсөж, бартаатай замаар явдаг учраас хулгайч, дээрэмчдэд олзлогдон, эд, зүйлсээ алдах энүүхэнд. Түүнээс гадна хоёр сургуулийн хүүхдүүд хоорондоо маргалдана, манайхныг гадуурхана, их хэцүү. Энэ хичээлийн жилд III ангийн бүх бүлгийг тус сургуульд хичээллүүлнэ гэсэн ч эцэг, эхчүүд эсэргүүцэж, эл асуудлыг БШУЯ-нд уламжилсан. Тэгэхэд “Гурван ээлжээр лав хичээллүүлэхгүй, өөр сургуульд явахгүй гэж байгаа бол дотоод нөөц бололцоогоо ашигла” гэсэн. Ингээд бид өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, бага сургуулийнхаа бүх давхрын хонгилд вакум хаалт хийж, хоёр номын сан, багш нарын өрөөг мөн суллан, нийт 14 анги гаргаж, тохижуулсан. Вакум хаалттай анги нь бол дөрөв. Номын сан, багш нарын өрөөгүй болчихоор хүндрэлтэй. Гэхдээ чийрэгжүүлэлт, үйлдвэрчний эвлэлийн өрөөнүүдийг багш нарынх болгон тохижуулж, ээлжилж ашиглаад болж л байна. Ямартай ч өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруултал манайхан иймэрхүү л байх нь” гэв.

Сургуулиуд энэ мэтчилэн хүүхдээ багтаахгүй, нөгөөтээгүүр, сайд, дарга нарын хоёр ээлжээр хичээллүүлэх амбицыг биелүүлэхийн тулд сурагчдаа хонгил, номын санд хүртэл суулгаж байгаа аж. Хүүхдүүд гүйлддэг хонгил нь шилэн хаалттай, номын сандаа чөлөөтэй орж, гарах ч эрхгүй болсон гэсэн үг. Олон хүүхэдтэй сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буйг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Улаанбаатарт одоогоор гурван ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй. Хичээл эхлэхээс өмнө энэ онд гурван ээлжээр хичээллэж болзошгүй сургуулиудын судалгааг гаргасан. Тухайн үед 10 сургууль гурван ээлжээр хичээллэх магадлалтай байв. Сургуулиудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор ачаалал эрс нэмэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт албаныхантай энэ талаар хуралдаж, асуудлыг шийдсэн. Гурван ээлжээр хичээллэхээс аргагүйд хүрсэн сургуулиуд нөөц бололцоогоо ашиглан, анги танхимынхаа тоог нэмлээ. Харин БШУЯ-наас шаардлагатай сандал, ширээ, самбар, вакум хаалт өгсөн. Жишээ нь, Баянгол дүүргээс 141, 56 дугаар сургуулийнхан өөр сургуулиудад хүүхдүүдээ явуулахаар тохиролцсон ч эцэг, эхчүүд нь зөөх боломжгүй хэмээгээд болиулсан. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль өөрийн байргүй. Түрээсийн байранд хичээллэдэг тул анги танхим нь хүрэлцэхгүй, дөрвөн бүлгээ 153 дугаар сургууль руу шилжүүлээд байна. Мөн тус дүүргийн 14, Сүхбаатарын 58, Сонгинохайрханы 62, 65, Хан-Уулын 75, 115, 118, 130 дугаар сургуулийн хүчин чадал нь бас хүрэлцэхгүй, анги танхим нэмж, тохижуулсан. Одоогоор ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр, хичээл нь хэвийн үргэлжилж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)