Сурагчид теле хичээл үзэх нь багасжээ

Теле хичээлийг анхаарч, тоож байгаа хүн байна уу. Эцэг, эхчүүдийн олонх нь үүнд нэг их ач холбогдол өгөхөө больсон тухай сонсогдох болов. Хүүхдүүдийнхээ хичээлийг хариуцлагатай хийлгэхийн оронд “Даалгавар битгий өг, дархлааг нь бууруулна”, “Энэ хэцүү цагт ядаж хүүхдүүдээ тайван байлгая” гэх мэтээр нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлэх аж. Зарим нь бүр “Манай хүүхэд аль ангид сурдгаа, багшийнхаа нэрийг ч санахгүй байна”, “Нэгдүгээр ангийн сурагч маань үзсэн үсгээ мартчихаж. Дараа жил дахиад бүх хичээлээ эхнээс нь үзэх нь” хэмээн халаглах.

Ерөнхий боловсролын түвшний теле хичээлийг сургалтын хөтөлбөрийн дагуу анги, сэдэв бүрээр зурагтаар зааж байгааг томчууд мартаагүй байлтай. Цар тахлын үеийн хөл хорио бол амралт биш гэдгийг албаныхан сануулсаар буй. Харин эцэг, эхчүүдэд хүүхдэдээ багахан цаг гаргаад, тухайн өдөр үзсэн хичээлийг нь шалгаж, өгсөн даалгаврыг нь хийлгэчих сэтгэл дутаад байх шиг. Өөрөөр хэлбэл, хүүхэд тань үзсэн үсгээ мартаж, аль ангид сурдгаа мэдэхээ байсан бол аав, ээж, асран хамгаалагч таны л буруу. Эдүгээ коронавирусийн улмаас дэлхийн 190 гаруй улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 1.7 тэрбум оюутан, сурагч хөл хорионд байна. Эдгээрээс зайн сургалтын тогтолцоо нэвтрүүлээгүй олон орон бий.

Манай улс сургууль, цэцэрлэгүүдийг хаасан даруйдаа теле хичээл зааж эхэлсэн. Цаашид ч бүх ангийн сурагчид ягштал үзэж, давтах үүрэгтэй. Тодруулбал, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг ирэх намар хүртэл зогсоож, оюутан, сурагчдын жилийн эцсийн дүнг II улирлынхаар нь тооцон, анги дэвшүүлэх боллоо. Ялангуяа хүүхдүүдийг улираах, дахин сургах асуудал гаргахгүй гэсэнд нийтээрээ бүр санаа амарсан бололтой, назгайрав. 45-50 хүүхэдтэй нэг ангиас дунджаар 10-15 хүүхэд л теле хичээл үзсэнээ тайлагнаж буйг багш нар хэлсэн. Тэднийг “Хүүхдүүддээ хяналт тавь. Даалгаврыг нь өдөр бүр шалга, дүгнэ. Нэмэлт хичээл өг” гэж сургуулийн захиргаанаас нь шахах боловч сурагчдынх нь ирц яагаад ч бүрдэхгүй байгааг нийслэлийн 56 дугаар сургуулийн бага ангийн багш З.Баянжаргал учирласан. Тэрбээр “Хөл хорионы үеэр теле хичээлийг таслахгүй явуулж буй нь сайн хэрэг. Зарим хичээлийн агуулга хэт хөнгөн, заах хугацаа нь богино ч программаас хоцроохгүй байгаа нь л чухал. Хамгийн гол нь теле хичээлийг сүүлийн үед цөөхөн сурагч үзэх болсон. Эцэг, эхчүүдэд энэ талаар янз бүрээр хэлж, тайлбарлах ч ажилтай завгүй, хүүхдээ хөдөө явуулсан, айлд харуулж байгаа зэрэг шалтгаанаар хичээлийг нь хийлгэхгүй байна” гэлээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 640 мянга гаруй сурагч теле хичээлийг 18 сувгаар үзэж буй. Тухайн үед хичээлдээ “сууж” амжаагүй, ухраан үзэж чадахгүй тохиолдолд econtent.edu. mn цахим хуудсаар нөхөх боломжтой. Одоогоор теле хичээлд хамрагдаж байгааг нэгдсэн журмаар хянаж чадахгүй ч онцгой нөхцөл үүссэн энэ үед хаана хаанаа хариуцлагатай байж, үүргээ ухамсарлах хэрэгтэй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)