Сурагчид Солонгос орныг “бүтээжээ”

“Миний мэдэх солонгос орон” гар урлал, уран зургийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээжээ. Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам, Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн хамтран зургаа дахь жилдээ уралдаан зохион байгуулж, “сойсон” 1250 бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн нь энэ. Иргэд ирэх сарын 10 хүртэл хүүхдүүдийн бүтээлийг тольдох боломжтой. Улсын хэмжээнд зарласан уг уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцжээ. Тэднээс шилдэг 25-ыг тодруулж, шагнал гардуулсан байна. Түүнчлэн жил болгон шавь нараа бэлтгэн, хамруулдаг багш нарыг ч урамшуулсан аж. Өнгөрсөн жилийн уралдаанд 800 гаруй бүтээл ирүүлж байсан бол энэ удаа цар хүрээ нь тэлжээ. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймгаас хүүхдүүд идэвхтэй оролцсон гэнэ. Ташрамд дурдахад, энэ жил Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл, зан заншлыг хүүхэд багачуудад таниулах, тэдний бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг дэмжих зорилгоор эл арга хэмжээг зохион байгуулсан юм.

Бэлтгэсэн: Э.Намугун 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)