Сурагчдын сургуулиас гэр хүртэлх замыг камержуулъя

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас өнгөрсөн өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын зарим сургуульд ажиллаж, орчны аюулгүй байдлыг хангуулан, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж гадна, дотно орчноо камержуулсан, эсэхийг шалгажээ. Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 183 сургуулийг шалгахад 90 нь буюу 49 хувь нь зөрчилтэй гарав. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх 33, 14, 55, 92, 79 дүгээр сургуулиас гадна “Арвис”, “Оюунлаг”, “Хишиг” дунд сургуулийн камер шаардлага хангахгүй байжээ. Мөн ерөнхий боловсролын “Төгс дэлгэрэх” зэрэг хувийн сургуулийн камерууд ажиллагаагүй байсан бөгөөд засвар хийж байгаа тул салгасан хэмээн тайлбарласан байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 122, 12, 121, 74, 81, 82, 86, “Ромашка”, “Номуун” сургуулийн хяналтын камерууд нь асуудалтай байсныг цагдаагийнхан хэлэв. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дахь өндөр төлбөртэйд тооцогддог “Орчлон”, “Оргил”, “Онон” зэрэг ерөнхий боловсролын сургууль орчноо бүрэн камержуулаагүй байжээ. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас 5, 24, мөн төлбөр өндөртэй “Олонлог”, “Тулга” ерөнхий боловсролын сургуулийн хяналтын камер нь стандартын шаардлага хангаагүй байсан гэнэ. Дээр дурдагдсан сургуулиудын зөрчлийг арилган, гадна, дотно орчныг нь бүрэн камержуулах албан бичгийг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавихыг дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст даалгасан байна.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 800 гаруй ерөнхий боловсролын сургууль байдаг. БШУЯ-наас ерөнхий боловсролын бүх сургуулийг камержуулсан хэмээн мэдэгдсэн ч дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн төвийн сургуулиудад бодит байдал ийм байгаа юм. Сургуулиуд өнгөн дээрээ гадна, дотно орчноо камержуулсан гэх ч нидэр дээрээ MNS:6423-2019 Теле хяналтын камерын ерөнхий шаардлагын наад захын шалгуур хангахгүй байсныг цагдаагийнхан онцолсон. Тухайлбал, камерууд нь хүйтэнд ажилладаггүй, царцчихдаг, шөнө бичлэг хийх боломжгүй, бичлэгээ 45 хоног хадгалах багтаамжгүй, холоос дүрс татдаггүй зэрэг нийтлэг зөрчилтэй байгаа юм. Камеруудын сервер тухайн сургуульдаа байдаг ч зарим нь ямар ч хяналтгүй байсныг дурдсан. Уг нь сургуулийн гадна, дотно хэсэг, булан тохой бүрийг камержуулах ёстой. Гэтэл зарим сургууль зөвхөн үүдэндээ камер суурилуулсан байжээ. Сургуулийн орчинд гарч буй гэмт хэрэг, аливаа ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гурван жилийн өмнө бүгдийг нь камержуулсан юм байна. Тодруулбал, нэг сургуульд дунджаар 10-35 хяналтын камер суурилуулсан гэх. Харамсалтай нь, ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг гарсаар байгаа.

Сургуулийн орчинд ихэнхдээ хүүхдүүд нэгнээ гэмтээж, дээрэмддэг гэнэ. Тодруулбал, 14-17 настнууд бага ангийнхны эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг, эсвэл хоорондоо зодолддог юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо нэг жилд 35-40 гэмт хэрэг гардаг бөгөөд бүгдийг нь камерын тусламжтайгаар илрүүлэх боломж хомс гэнэ. Ер нь жилд 1200 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 250-300 нь ял, шийтгэл авдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлсэн. Тиймээс хүүхдүүдийг аюулгүй байлгах, нөгөө талаар буруу зам руу халтирахаас нь урьдчилан сэргийлж, сургууль гэлтгүй нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууц, хотын захын гэр хорооллыг бүрэн камержуулах шаардлагатай аж.

Япон, Солонгос, БНХАУ, Европын Холбооны улсад сургуулиуд нь бүрэн камержсан байдаг гэх. Тэр ч бүү хэл, хүүхэд гэрээсээ гараад нэг км гаруй газарт алхаж сургуульдаа очлоо гэхэд замд нь түүнийг 250-500 камераар “хянаж” байдаг аж. Хүүхэд эхний камерын хамрах хүрээнээс гараагүй, өнцөг нь дуусаагүй байхад л дүрс нь дараагийн камерт орж ирдэг гэнэ. Товчхондоо, камерууд хүүхдээс нэг хором ч “хараагаа” салгадаггүй гэсэн. Жишээ дурдвал, Японы нэгэн мужид хэдэн жилийн өмнө нэг охин сургуульдаа явахаар гараад орой нь ирээгүй аж. Тус мужийн Цагдаагийн газрынхан камерын тусламжтайгаар охиныг хулгайлсан гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Тухайн гэмт хэрэгтэн нь тэтгэвэрт гарсныхаа дараа сайн дурын ажил эрхэлж, замын гарцаар хүүхдүүдийг аюулгүй гарахад нь тусалдаг өндөр настан байсан гэдэг. Үүнээс гадна гадаадын ихэнх оронд сургуулиудад нь аюулгүй амьдрах ухааны хичээл ордог бөгөөд гэмт хэрэг, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг танхимын сургалтаар олгодог ажээ. Харин Монголын нөхцөлд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, сургууль, гудамж, талбайгаа камержуулах нь битгий хэл бүхэлд нь гэрэлтүүлж хараахан чадаагүй байна. Манай цагдаагийнхан ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сард 1-2 удаа зохион байгуулдаг бөгөөд гадаадын улсуудын жишгээр хуулийн мэдлэг танхимын сургалтаар олгох хэрэгтэй хэмээн үзэж буй.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн найман настай сурагч охин сураггүй болоод дөрвөн жил өнгөрлөө. Цагдаагийн байгууллагаас 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг томилоод ч 2017 оны арваннэгдүгээр сард сураггүй болсон охины сургийг гаргаж чадалгүй өдий хүрэв. Тухайн үедээ цагдаа, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1200 гаруй ажилтан, иргэн, эрэлч нохой, техник хэрэгсэл ашиглан Замын-Үүд сумыг самнан, охиныг хайгаад ч үр дүн гараагүй. Охины гэрээс сургууль хүртэлх чиглэл камертай байсан бол хэргийг илрүүлэхэд төвөггүй байсан биз. Ер нь Монголын нөхцөлд сурагч гэрээсээ сургууль хүртэлх замыг камержуулах нь битгий хэл, зөвхөн сургуулийн орчныг бүрэн хянаж чаддаг, эсэх нь эргэлзээтэй.

Хүүхдийг нэгэнт сургуулиас гэр, гэрээс сургууль хүртэлх замыг нь улс бүрэн камержуулж, гэрэлтүүлж чадахгүй учир цагдаагийнхан тэднийг аюулгүй байлгахаар явган болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулдаг. Учир нь зарим эцэг, эх хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөггүй, бас авдаггүй.

Улсын хэмжээнд 4000 орчим камер бий гэх. Үүний 2500 орчмыг нь нийслэлийн гудамж, талбайд суурилуулсан. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт хяналтын 200 орчим камер бий. Харамсалтай нь, тус дүүрэгт эрсдэлтэй 700-800 цэг байдаг. Эдгээр камераар тухайн нутаг дэвсгэрийг бүрэн хянах боломжгүй. Уг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах зорилгоор ойр орчмоо камержуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч ажиллагаагүй камер суурилуулж, нүд хуурдаг газар олон аж. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг хураах заалт байдаг. Тухайлбал, мод хууль бусаар бэлтгэх, ан агнасан тохиолдолд унаж явсан машин, хэрэглэсэн техник хэрэгслийг нь улсын орлого болгодог. Монголд мөрийтэй тоглоомын газар нууцаар ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж цөөнгүй байдаг. Тэдгээр газрын дотно, гадна талд өндөр хүчин чадал бүхий камер суурилуулж, нөхцөл байдлыг хянадаг. Тодорхой хэлбэл, шөнө гэлтгүй хол зайд байгаа хүний нүүр, машины дугаар зэргийг тодруулж хардаг камерыг тус газруудад ашигладаг. Мөрийтэй тоглоомын газар ажиллуулахдаа цагдаа нарыг “хянадаг” тэдгээр камерыг нь хурааж, дээрхтэй адил улсын орлого болгоод ерөнхий боловсролын сургуулиудад суурилуулбал яасан юм бэ.

Сургуулийн орчин, гудамж талбайд камержуулалт дутуу, дээрээс нь эцэг, эхийн хяналт сул байгаас хүүхэд гэмт хэргийн золиос болж буйг хуулийнхан хэлдэг. Цагдаагийнхан сургуулийн удирдлага, аж ахуйн нэгжүүдэд орчноо камержуулах мэдэгдэл өгөхөөс өөр арга хэмжээ авах эрх мэдэл үгүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)