Сурагчдыг хар тамхинаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хасах-25” аян өрнүүлж байна. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас мансууруулах бодисын талаарх ойлголт, хэрэглээний тархалт тодруулах судалгаа авах аж. Судалгаанд 10 000 орчим сурагч хамруулна. Үүний дараа НҮБ-аас гаргасан стандартын дагуу 211 сургуулийн 1079 бүлгийн 29 000 сурагчид “Мансууруулах бодисын хор хөнөөл” сэдвээр сургалт явуулах аж. Гуравдугаарт, 91 000 гаруй сурагчийн ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулна. Мөн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох юм.

Ташрамд дурдахад, манай улсад хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон хүмүүсийн 88 хувь нь 35 насныхан аж. Үүний 5.7 хувь нь сурагч. Эцэг, эхүүд хүүхдээ хар тамхи хэрэглэдгийг цагдаагийнхнаас сонсоод ихэд цочирддог аж. Тиймээс Хар тамхитай тэмцэх газрынхан мэргэшсэн сэтгэлзүйчтэй болжээ. Сэтгэлзүйч эцэг, эх болон сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)