Сурагчдад цахимаар хичээл заана

Утааны улирал эхэлсэн тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өнгөрсөн сарын 15-наас амраасан. Улаанбаатарын сургуулиудыг ирэх сарын 10 хүртэл амраах хуваарьтай. Харин орон нутгийн сургуулиудын амралт дуусаж, уржигдраас хичээл нь эхлэх ёстой байв. Гэсэн ч ханиад, томуу газар авч, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн тул амралтын хугацааг ирэх сарын 4 хүртэл сунгасан билээ. Амралтын хугацааг сунгасан ч сурагчдыг хичээлээс нь хоцроохгүй, ирэх хавар, зун илүү цагаар хичээллүүлэхгүй гэж БСШУСЯ-наас мэдээлсэн. Үүний хүрээнд цахимаар хичээл заах болжээ. Энэ талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн аргазүйч П.Цэрэндэжидээс тодруулахад “БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэнгийнхэн хамтран сурагчдын амралтад зориулсан цахим хичээлийн хөтөлбөр боловсруулж дууслаа. I-XII ангийн монгол хэл, математикийн хичээлийг цахимаар заана. Анги тус бүрт долоо хоногт хоёр шинэ хичээл үзүүлэхээр төлөвлөсөн. Нэг хичээлийн хугацаа бага ангийнх 15, ахлах бүлгийнх 20 минут байна. Цахим хичээлийн дүрс бичлэгийг “Пинк киви” компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй хийж өгөхийн зэрэгцээ www.dolgion.com сайт, фэйсбүүк хуудсаараа олон нийтэд түгээх болсон. Иймд эцэг, эхчүүд та бүхэн маргаашаас (өнөөдөр) дээрх цахим хуудсанд зочилж, хүүхдэдээ шинэ хичээлийг нь үзүүлээрэй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)