Сунжирсан сонгууль, бататгасан сонгууль

Орон нутгийн сонгуулийн санал хураалт гурав тасарч болох гэж байна. Ямар ч сонгууль ийнхүү сунжирсан түүх манайд үгүй. Энэ сарын 19-нд “үндсэн” сонгууль нь болсон ч 10 аймаг, зургаан дүүрэгт ирц хүрээгүй. Тиймээс ирц хүрээгүй хэсгийн хороодод уржигдар нэмж санал хураалаа.

Нэлээд хүч хөдөлмөр зарцуулж байж, улсын хэмжээнд ирц 60.1 хувьд хүрсэн байна. Санал тэнцсэн нэр дэвшигчдээс нэгийг нь “цойлуулах”-аар дөрөв хоногийн дараа дахин санал хураана. 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт болох юм билээ. Үүний дараа л сонгууль дуусна.

Гэхдээ аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодоос урьдчилсан дүнгээ СЕХ-нд ирүүлснийг тэд өчигдөр олон нийтэд танилцуулсан. Үүгээр бол МАН 200, АН 100 гаруй суманд ялжээ. Нийслэлийн есөн дүүргээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт АН ялж, үлдсэнд нь иргэд МАН-д бүрэн итгэл хүлээлгэсэн байна. Товчхондоо орон нутгийн сонгуулийн гуравны хоёрт МАН ялж, саадгүй ажиллах нөхцөл бүрдсэн аж.

МӨНГӨТЭЙ, СҮРДҮҮЛЭГТЭЙ НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ

Уг нь эхнийх дээрээ л сонгогчид идэвхтэй оролцчихсон бол ингэж сунжрахгүй байв. Үүнд оролцоогүй иргэдийн саналыг өгүүлэх “кампанит” ажил хэдэн өдрийн турш өрнөж, санал хураах үед оргилдоо хүрлээ. Ирц нь бүрдээгүй сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд саналаа өгөөгүй хүн бүр рүү утас цохиж, сонгох эрхээ эдлэхийг уриалсан бол улс төрийн намууд арай өөр аргаар үзжээ.

Сурсан аргаа хэрэглэсэн гэхэд болно доо. Саналаа өгөөгүй сонгогчдын нэрсийг тэд олж аваад утас цохиж, эсвэл гэрт нь очиж мөнгө тараасан байна. АН, МАН ялгаагүй ийм “арга хэмжээ” авчээ. Зарим сэргэлэн сонгогч “Хэрэв би танай нэр дэвшигчид санал өгвөл оронд нь хэдийг өгөх юм” хэмээн үнэ хаялцаж, тохиролцоо хийгээд амжсан гэх.

Гэвч зарим нь мөнгөө авсан, зарим нь “хулхидуулсан” гэнэ. Нэг саналыг 10.000-30.000 төгрөгөөр үнэлсэн аж. Бусдын саналыг худалдаж авах нь хууль бус. Бас иргэн саналаа худалдах нь ч буруу. 18-25 насныхан сонгуульд бараг оролцохгүй байна гэсэн шүүмжлэлтэй зэрэгцэн “Цаадуул чинь мөнгө амлахыг нь хүлээгээд байгаа биз” гэх таамаглал ч гарч байлаа.

Улс төрийн намуудад итгэл алдарсан, хэнд ч санал өгсөн ялгаа гардаггүй, эсвэл сонгох эрхээ эдэлье гээд ч дэмжихээр нэр дэвшигч байдаггүй гэх мэтээр шалтгаан олон. Юутай ч олон дахин сонгууль хийж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэхгүйн тулд хаа хаанаа л чаддаг чаддагаараа ажилласан бололтой юм. Ирц л бүрдэж байвал ямар арга хэрэглэх нь сүүлдээ хамаагүй болчихжээ.

Мөн зарим хүн “сайн дурын сүрдүүлэгч” хийж, хууль зөрчсөн байх юм. Баянгол дүүргийн ...дугаар хорооны нэгэн өрхийн эмч хүүхэн “МАН-аас нэр дэвшсэн ...-д саналаа өгөөрэй. Тэгэхгүй бол дараа жил группэд байх хугацааг чинь сунгаж өгөхгүй шүү” хэмээн сүрдүүлсэн байх юм. Хүний сонгох

 эрхэнд халдах эрх тэр эмчид байтугай хэнд ч үгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох тангараг өргөсөн атал ёс зүйгүй зан гаргаж, хүмүүсийг ийнхүү сүрдүүлсэн тэр эмчид хариуцлага тооцох ёстой. Мэргэжлээ ашиглан улстөржсөн иймэрхүү “сайн дурынхан” сонгуулиар мэр сэр тодорсон л байх.

СОНГОЛТ БА АМЛАЛТ

АН-ын хоорондын талцал, фракцуудын “зодоон”-д залхсан сонгогчид МАН-д УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуулиар итгэл хүлээлгэсэн. Тэдний ажлын эхний 100 хоногийг ч олон нийт дүгнэж буй. Эхний дүгнэлтээр МАН хангалтгүй үнэлгээ авсан. Засгийн газар төсвийн тодотгол оруулж ирэхээс эхлээд л иргэдийн халаас руу гар дүрж, ачаа үүрүүлэх хялбар зам сонгож, хүүхэд, хөгшид, аж ахуйн нэгжүүдээ ялгаж эхэлсэн.

Халамжийг танана, татварыг нэмнэ. Амласныхаа эсрэг ажиллаад эхэлсэн учраас орон нутгийн сонгуулиар иргэд хариу арга хэмжээ авна гэсэн таамаглал ч байлаа. Гэвч олонх нь “Хамгийн доод шатны нэгжид АН ялаад үр дүн гарахгүй. Нэгмөсөн сонголтоо бататгаж, хариуцлагыг нь ч үүрүүлье” хэмээн шийджээ. МАН-ынхны сонгуулийн уриа ёсоор бүрэн итгэл хүлээлгэв.

Итгэсэн, ухарсан, гэвч ахиад л найдлаа. Тэгэхээр эхний 100 хоногийнх шиг хурдаар, бас амлалтаа үгүйсгэн, иргэдээ ялгаварлах зарчмаар ажиллах ёсгүй. Том төслүүдээ хөдөлгөж, иргэдэд амласнаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллахад одоо эрх баригчдад саад үгүй. Тиймээс олон нийт та бүхнээс одоо хурд, зөв шийдэл, үр дүн хүлээнэ.

Юутай ч орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүр зураг гарлаа. Өвөл ч хаяанд ирлээ. Өнөөдрөөс ажилдаа шуударвал яасан юм бэ. Харин хоёронтоо үзүүлсэн иргэдийн итгэлийг дааж ажиллаж чадахгүй бол 2020 онд МАН-ынхныг өнөөдрийн АН-ынхан шиг хувь заяа хүлээж байгаа шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)