Сул хараатай хүүхдийн тоо дэлхийн дунджаас 1.5 дахин олширчээ

-Хүүхдийн тань харааг гар утас, компьютер “хулгайлж” байна- 

“Төрүүлсэн ээжийнхээ царайг ганц удаа ч болов харах юм сан” гэж харааны бэрхшээлтэй нэгэн эмэгтэй хэлсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм. Түүн шиг төрөлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн зэрэгцээ осол гэмтэл, элдэв өвчин, эмгэгийн улмаас олон мянган хүн сохорч, мар­гаашийн нарыг харж чадахгүйд хүрч байна. Тэр дундаа бидний ирээдүй болсон балчир үрс эцэг, эхийнхээ ха­риуцлагагүйгээс, эрүүл мэндийн хүр­тээмжгүй тогтолцооноос болж хэдэн зуугаараа хохирч буй юм. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид сүүлийн жилүүдэд нүдний шил зүүдэг хүүхэд олон сурах болсон нь үүнийг илтгэх буй биз ээ.

Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500.000 гаруй хүүхэд сохордог гэсэн харамсалтай мэдээ бий. Хүүхдийн харааг хамгаалах нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгамдсан асуудлын нэг болсныг эмч нар ярьж байна. Манай улсын хувьд 2002 онд хийсэн судалгаанаас харахад (Үүнээс хойш дорвитой судалгаа хийгээгүй) 1000 хүүхэд тутмын 0.19 нь сохорсон нь хөгжиж буй бусад оронтой харьцуулахад цөөн мэт боловч хүүхдийн катарактын сохрол (нүдний болор цайх өвчин) 100 мянган хүүхдийн 5-6-д нь тохиолдож буй юм. Иймээс хүүх­дийн хараа хамгааллыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тус­гажээ. 

Манай улс анх удаа Хүүхдийн ха­раа хамгаалах өдрийг өнөөдөр тэмдэг­лэж байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулж гурваас таван насны хүүхдийн хараа шалгах аргач­лалын сургалт явуулах аж. Сургалтад суусан эмч нар сургагч багш болж, хараа шалгах аргачлалыг цахим ор­чинд түгээж, үүний дагуу аймаг, сум, дүүрэг, өрхийн төдийгүй сургууль, цэ­цэрлэгийн эмч нар ч хүүхдийн харааг тухайн аргачлалаар шалгах юм байна. Хөгжилтэй орнууд энэ аргыг хэдийнэ нэвтрүүлжээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаагаас тодруулсан юм. Түүний өрөөний үүдэнд хоёр ой гаруйтай болов уу гэмээр хүүгээ тэвэр­сэн нэгэн аав зогсож байлаа. Тэрбээр Дундговийнх бөгөөд тус эмнэлэгт 11 дэх удаагаа ирж, хүүдээ химийн эмчил­гээ хийлгэж буй гэнэ. Хүү нь ой долоон сартайдаа нүдний хорт хавдраар өв­чилжээ. Ч.Цэнгэлмаа эмч “Энэ хоёр миний хяналтад байдаг юм. Хүүгийн зүүн нүдийг авч, протез зүүсэн. Эд, эсийн шинжилгээгээр хортой хавдар гэж оношлогдсон. Эмчийн хяналтад насан туршдаа байх шаардлагатай. Хорт хавдартай ч гэсэн эмчид эрт хандсанаар эдгэрсэн. Яг ийм хавдар­тай хүүхэд Монголдоо бус, ХБНГУ, Сингапур, Швейцарь гээд хөгжилтэй оронд эмчлүүлэхээр явж, хэдэн сая евро үрсэн ч хавдар нь дотор эрхтэнд нь үсэрхийлсний улмаас амиа алдсан харамсалтай явдал гарсан. Эндээ эрт оношлуулж, тусламж үйлчилгээ авсан бол тэр хүүхэд амьдрах боломжтой ч байсан юм бил үү” гэж ярив. Малын эвэрт сүлбүүлсэн, элдэв хорхой нү­дэнд нь орсон, хутга, сэрээ, хурц үзүүртэй зүйлд хатгуулсан, осол гэм­тэлд өртсөн, нүдний болор нь цайсан, зовхины үрэвсэл, хялар харах, хавдар гээд түмэн асуудалтай хүүхэд тус эмнэлэгт олон байв. Энэ оны эхний хагас жилд тус эмнэлгийн Тандалт су­далгааны албаны “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээлэл” программд бүртгүүлэн 21 аймаг, нийслэлийн най­ман дүүргийн нүдний эмнэлэг, тасгаар үйлчлүүлсэн 15.787 хүүхдийн 50 хувь нь ямар нэг өвчин эмгэгтэй байжээ. Тиймээс хүүхдийнхээ нүдийг хамгаа­лах талаар ярих цаг хэдийнэ болсныг тус эмнэлгийн Хүүхдийн нүдний мэс заслын тасгийн эмч нар хэлэв. Тэд зүгээр ч ярих бус, үйл хэрэг болгоод эхэлжээ. Тус эмнэлэгт “Монголын нүд судлалын шилдэг загвар-Хүүхдийн ха­раа хамгаалах сүлжээ” төслийг 2014 оноос хэрэгжүүлсэн аж. 2018 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд олон ажил амжуулсны нэг нь Хүүхдийн нүд­ний эрүүл мэндийн мэдээлэл” хэмээх онлайн программ бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн явдал. Орон нутгийн бо­лон нийслэлийн эмч нар хүүхдийн нүдийг үзсэн л бол мэдээллээ уг прог­раммд оруулах Эрүүл мэндийн сай­дын тушаал гарсан аж. Мэдээллийн нэгдсэн сантай болсноор улсын хэм­жээнд 0-18 насны хүүхдийн нүдний өвчлөл, хүйс, бүтцээрээ ямар байгааг мэдэхийн зэрэгцээ хэрхэн сэргийлэх, эмч нараа мэргэшүүлэх зэрэг олон ажил тодорхой болох гэнэ. Дээрх төслийн хүрээнд 21 аймгийн 338 сумын эмч нарт хараа шалгах таблиц илгээжээ. Ийм таблицтай болсноор өрх, багаас эхлээд сургууль, цэцэрлэ­гийн эмч нар хүүхдийн харааг эрт оно­шилж, хүндрэхээс сэргийлэх боломж­ той болж буй юм.  

Хүүхдээ уйлахаар ухаалаг утсаа өгөөд аргалдаг аав, ээж бишгүй. Нэг удаа уйлахаас нь айж насан туршид нь уйлах эхлэлийг бид тавьж бо­лохгүй. Өдрөөс өдөрт бүх зүйл ца­химд шилжиж, гэр бүлийн гишүүд ч хоорондоо халуун дулаан яриа өрнүү­лэхээсээ илүүтэй ухаалаг утастайгаа нөхөрлөхийг илүүд үздэг болсон мэдээллийн энэ эринд үр хүүхдээ эрүүл саруул өсгөх хариуцлагын өмнө ирээд байна. Хайрлаж байна гээд хор болох зүйлсийг зөвшөөрөөд байвал ирээдүй хойч минь “дөрвөн нүдтэй” цаашлаад хорвоог харах боломжгүй болох дээрээ тулах нь.

Хайрын цаана нуугдсан “хулгайчаас” хүүхдийнхээ нүдийг хамгаалах сонголт бидэнд бий. Компьютерын элдэв тоглоом, фэйс­бүүк, youtube гээд хүүхдүүдийг уруу татах бүхэнд хамгийн их чилээрх­дэг нь нүд. Тиймээс хүүхдээ багаасаа нүдээ хайрлаж, хамгаалах дадал хэвшилтэй болгохыг эмч нар хэлж буй. Ялангуяа хүүхдээ сургуульд оро­хоос нь өмнө буюу 3-5 настай бай­хад нь харааг нь шалгуулахыг онц­гойлон захив. Хөгжингүй орнуудад ийм насны хүүхдийн харааг шалгаж, элдэв эмгэгээс урьдчилан сэргийлдэг тогтолцоо бүрдээд уджээ. Хүүхдүүд гар нүүр, шүдээ угааж хэвшсэн шигээ нүдээ хайрлах энгийн дасгал, арга ар­гачлалыг эцэг, эх, багш нар нь зааж өгдөг юм байна. Ерөнхий боловс­ролын сургуулийн сурагчид 40 ми­нут хичээллээд 10 минут амардаг нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй нүд амраах арга. Хол, ойрыг тэнц­вэржүүлэх байгалийн дасан зохицох чадвар нь алдагдсанаас нүдэнд эмгэг үүсдэг гэнэ. Ухаалаг утсаар олон цаг тоглосон хүүхдийн нүдэнд ойрын зайн хялар үүсдэгийг БНСУ-ын эрдэмтэд тогтоожээ. Тиймээс нүдээ байнга ам­рааж, “20 минут тутамд зургаан метр газрыг 20 секунд хар” гэсэн зарчим ба­римтлахыг эмч нар зөвлөв. 

Анхан шатны үзлэгээр 0-18 нас­ны хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хоёр ба гуравдугаар шат­лалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх нь сул хараатай бо­лох, сохрохоос сэргийлэхэд зайлш­гүй чухлыг Ч.Цэнгэлмаа эмч он­цолсон. Ингэж шат дараатай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн мэдлэг тааруу эцэг, эхчүүдээсээ болж хүүхдүүд эмчид оройтож хан­даж, эмчлүүлэх боломжоо алдсаар байна. Монгол, Японы бага насны хүүхдийн харааны гажгаас үүдэл­тэй мохос хараа (сул хараа) нь олон улсын дунджаас 1.5 дахин их байгаа аж. Тиймээс сум, өрхийн эмч, цэцэрлэгийн багш, сувилагч нарт хүүхдийн нүдийг хамгаалахад чиглэ­сэн анхан шатны тусламж үзүүлэх, хараа шалгахад шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх, болор цайх өв­чин, төрөлхийн глауком, хорт хавдар, хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэргийг эрт илрүүлэх тогтолцоо зайлшгүй шаардлагатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)