Сул мөнгийг иргэдийн халаас руу цутгах төсөв

Засгийн газар улсын төсвийг агшаахгүй нь. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд улсын төсвийн тодотголын төслөө танилцуулсны дараа ийнхүү мэдэгдлээ. Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилийн дүнгээр 10.7 хувиар агшсан. Энэ нь мэдээжийн хэрэг цар тахлын нөлөөгөөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой. Эдийн засгийн хямралын үед улс орнууд төсвийн зардлаа тэлэх замаар сөрөх бодлого баримтлах нь түгээмэл. Хамгийн үр дүнтэй арга учраас тэр. Манайхан ч энэ замаас гажаагүй.

Төсвийн орлого буурлаа гээд зардлыг нь танавал эдийн засаг 10 хувиар агшсан хэвээр энэ оныг үдэх магадлалтай. Зардлыг танаагүй учраас эдийн засгийн хямрал арай танагтай байх болов уу гэж төсөөлье. Сангийн яамныхан төсвийн тодотгол хийж, орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авснаар эдийн засаг нэг хувиар хумигдаж, энэ оныг дуусгана гэж тооцжээ. Харин ирэх жил долоон хувиар өснө гэсэн тооцоолол хийв.

Төсвийн зардлыг улам нэмсэн бол эдийн засаг өсөлттэй гарах ч боломжтой. Гэвч Засгийн газрын өр нэмэгдэж, ам.долларын ханш огцом өсөх гэх мэт сөрөг талтай учраас эдийн засгаа нэг хувиар агшаах сонголт хийсэн бололтой. Дэлхийн эдийн засаг 5-6 хувиар хумигдана гэж олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид тооцож буй. Манайхан эдийн засгийн төсөөллөө Хятадынхтай уялдуулсан гэнэ. Зэсийн баяжмал, коксжих нүүрс, төмрийн хүдрээ өмнөд хөрш рүү экспортолж, гол зогоох орлого олдог улс тул тэгэхээс өөр аргагүй. Хятадын эдийн засагчид өөдрөг төсөөлөлтэй байгаа учраас манайхан ч ирэх жил дотоодын нийт бүтээгдэхүүн долоон хувиар өснө гэж таамагласан биз. Тэгэхээр их гүрнүүд аюулт цар тахлыг ирэх онд намжаана гэж төсөөлж буй хэрэг.

Энэ оны төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосноор төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасраад байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгол хийснээр төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж мэдэгдсэн. Ингэснээр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэх юм. Төсвийн алдагдлын 1.6 их наяд төгрөг эх үүсвэртэй алдагдал гэдгийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүд аж. Тэгэхээр 2.2 их наяд төгрөгийг хаа нэгтээгээс зээлж таарна.

Төсвийн дэмжлэг болгохоор хөтөлбөрийн зээл авах гэнэ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд түншлэгч орнуудаас хөнгөлөлттэй зээл авах бололтой. Мөн дотооддоо бонд гаргаж магадгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дотоодын зах зээлд бонд гаргана гэж яг таг хэлээгүй. Тэрбээр дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргахыг эсэргүүцдэг, үр дүн багатай гэж үздэг нэгэн. Тиймээс ч Сангийн сайдаар 2017 онд томилогдсоноосоо хойш дотоодын зах зээлд нэг төгрөгийн ч бонд гаргаагүй юм.

Гэхдээ тэрбээр блокчэйн технологид суурилсан платформоор Засгийн газрын үнэт цаас худалдана гэж ярилаа. ICT группийнхэн блокчэйн технологид суурилсан үнэт цаасны арилжааны UBEX систем бүтээсэн. Эл системээ Сангийн яамныханд танилцуулан, туршилт хийгээд байгаа. Сангийн сайд уг системийг ашиглан Засгийн газрын бондыг дотоодын зах зээлд арилжих бололтой. Энэ удаагийн төсвийн тодотгол дотоодын зах зээлээс санхүүжилт татаж буйгаар онцлог болох нь.

Эдийн засгийн хямралаас шалтгаалан банкууд зээл олгохоос болгоомжилж буй. Тэд таван их наяд төгрөгөөр Төвбанкны үнэт цаасыг худалдан авсан. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлд Засгийн газрын бондыг худалдаж авах боломжтой таван их наяд төгрөг бэлэн байна гэсэн үг. Төвбанкны бодлогын хүү есөн хувьд хүрсэн. Энгийнээр тайлбарлавал, банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж аваад, жилийн есөн хувийн хүү тооцуулж байгаа хэрэг. Тэгэхээр Засгийн газар бондын хүү Төвбанкныхаас арай өндөр тогтож таарна. Засгийн газрын бондын жилийн хүү 11-12 хувьд хэлбэлзэх болов уу. Үүнээс доогуур хүү тогтоовол банкууд худалдаж авахгүй. Засгийн газар 1.5 их наяд орчим төгрөгийг дотоодын зах зээлээс татаж, төсвийн алдагдлыг нөхнө гэж таамаглая.

Дотоодын зах зээлээс татсан мөнгө хаачих вэ. Засгийн газраас “Ковид-19” өвчин тархахаас сэргийлэх, иргэдийн амьжиргааг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй арга зарцуулах нь дамжиггүй. Товчхондоо, зах зээлд сул “хэвтэж” буй мөнгийг иргэдийн халаас руу цутгах нь. Сангийн сайд хүүхэд бүрт сар тутамд 100 мянган төгрөг олгох шийдвэрээ энэ оныг дуустал үргэлжлүүлэх болсноо дуулгасан. Үүнд 320 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Үүнээс гадна тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх нь. Ажиллагсдаас хураах нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сарын 1 хүртэл бүрэн чөлөөлсөн. Үүнийг он дуустал 50-60 хувиар чөлөөлнө. Ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа. Дотоодоос зээлэх мөнгөөр таны амьжиргааг хамгаална гэсэн үг. Мөн эрүүл мэндийн салбарын зардлыг 115 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэнэ. Энэ бол “Ковид-19” өвчин тархахаас сэргийлэх зардал. Таны эрүүл мэндийг хамгаалах зардлыг ийнхүү нэмжээ.

Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа тэвчиж болох зардлаа танасан байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч нарын тэвчиж болох зардлыг танаснаар 109 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Үүнээс гадна өдий хүртэл тендер нь зарлагдаагүй, ажлыг нь эхлүүлээгүй хөрөнгө оруулалтыг царцаасан байна. Ингэснээр төсвийн зардлыг 524 тэрбум төгрөгөөр хэмнэсэн аж. Энэ оны Төсвийн тухай хуульд 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга байшин барьж, зам, гүүр тавьж, инженерийн шугам татахаар төлөвлөсөн байсан. Зарим төслийг царцааснаар энэ жил төсвөөс нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулах нь. Царцаасан хөрөнгөөрөө иргэдийн амьжиргааг дэмжих нь гэсэн дүр зураг харагдаж байгаа биз. Нөгөөтээгүүр, төсвийн орлого буурсан. Тиймээс алдагдал нь 3.8 их наяд төгрөгт хүрсэн хэрэг.

Засгийн газар 13 орчим их наяд төгрөгийн зардалтай, есөн их наядын орлоготой төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн төсөөлөл харагдаж байна. УИХ-ын ээлжит бус чуулган ирэх 17-нд эхэлнэ. Тухайн үед төсвийн тодотголын эцсийн тооцоолол тодорхой болох нь дамжиггүй. УИХ-аас төсвийн тодотголыг өөрчилж, өөчилж, гоочлохгүйгээр батлах болов уу. Эдийн засагт “илүү хөдөлгөөн” хийх нөхцөл бараг байхгүй учраас ингэж дүгнэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)