Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн аппарат ашиглаж эхэллээ

Иргэдийн гадаад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эх орондоо олон улсын түвшний оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-наас зорьж буй. Үүний хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т ангиографын аппарат суурилуулж, өчигдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Уг аппарат нь Б-план буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийх зориулалттай өндөр түвшнийх аж. Ийм аппарат Улсын гуравдугаар төв эмнэлэгт ганц бий. Гэхдээ ачаалал ихтэй, иргэд тус аппаратаар оношлуулж, эмчлүүлэх гэж олон хоног, сараар дугаарладаг байв. Харин одоо УНТЭ-ийнхэн судсан дотуурх оношилгоо, эмчилгээг нэвтрүүлснээр төв эмнэлгүүд ачааллаа хуваалцаж, иргэд ч чирэгдэл багатай үйлчлүүлэх боломж бүрдэж буй юм.

Уг оношилгооны төхөөрөмжийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нэвтрүүлэх гэж буйгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Ингэснээр улсын гурван том эмнэлэг иргэдэд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлэх гэнэ. Цаашлаад орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг ч дээрх аппаратаар хангах болжээ. Энэ ажлын хүрээнд аймгуудын эмнэлгийн инженер, техникч, дүрс оношилгооны эмч нарыг сургаж эхэлсэн байна. 2021 оноос алслагдсан аймаг, сумуудын иргэд нарийн түвшний оношилгоо, шинжилгээг орон нутагтаа хийлгэх аж. Ангиографын аппаратыг зүрх, судасны эмгэгээс гадна мэдрэлийн бүх төрлийн өвчин, яаралтай тусламжийн үед ч ашиглаж болдгоороо давуу талтай.

УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий “Манай эмнэлэг Зүрхний шигдээсийн нэгж, Мэдрэлийн эмнэл зүйн төв, Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Энэ хүрээнд Б-план бүхий ангиографын шинэ загварын тоног төхөөрөмжийг Дүрс оношилгооны төвд суурилууллаа. Уг аппарат нь хоёр рентген толгойтой, Монголд анх удаа нэвтрүүлж буй дэвшилтэт технологи юм. ЭМЯ-ны санхүүжилтээр нийлүүлсэн тус төхөөрөмжийн давуу тал нь тухайн үйлчлүүлэгчид хэрэглэх тодосгогч бодисын хэмжээ болон цацраг туяаны ачааллыг бууруулна, хугацаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, маш бага хэмжээний цацрагаар тухайн эрхтэн системийг бүхэлд нь шинжилж, оношилгооны нарийн зураг гаргах хүчин чадалтай” гэв.

Бэлтгэсэн: О.Оргилох 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)