СУДЛААЧ: “Зэвтэй ус биед хоргүй” гэдэг нь эрүүл мэндийн боловсролгүй хүмүүсийн бүдүүлэг дүгнэлт

2014-2016 онд оршин суугчдаа хүлээн авсан “Хангай” хотхоныхон зэвтэй, зэгэл шар усаар ундаалаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэд “СӨХ, орон сууцны конторынхонд хандаад нэмэргүй. Биднээс шалтгаалах зүйл байхгүй гээд ам таглачихдаг. Яагаад шаардлага хүлээж авдагүй юм, бүү мэд” хэмээн манай сонинд “ховлосон”. Бид энэ мэдээллийн мөрөөр сурвалжилж, “Мэргэжлийн хяналтын газар: Зэвтэй ус эрүүл ахуйн шаардлага, стандарт хангадаг” хэмээх нийтлэл бичсэнийг уншигчид санаж буй биз ээ.

Эрүүл, аюулгүй орчинд амьдарч, орчны бохирдол, доройтлоос хамгаалуулах Үндсэн эрхээ эдлэхийн тулд “Хангай” хотхоныхон холбогдох байгууллагад хандаж, хэрэндээ дуугардаг ч эцсийн дүндээ “Нийслэлийн цэвэр усны шугам хоолой өндөр насжилттай, маш муу. Бүхэлд нь засвар шинэчлэл хийх боломжгүй учраас яах ч аргагүй. Бидэнд хамаагүй” гэсэн “бөөрөнхий” хариултаар “алгадуулах” нь түгээмэл.

Харин 516 дугаар байрны оршин суугч И.Дуламсүрэн өнгөрсөн тавдугаар сард харьяа дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст хүсэлт гаргаж, ундандаа хэрэглэж буй зэвтэй уснаас дээж авхуулан, МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлсэн байдаг. Хачирхалтай нь, борооных гэмээр өнөөх шар ус нь эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан гэж үнэлэгджээ. Гэтэл орон сууцны конторынхон “Зэвтэй ус гарч байна” гэсэн шүүмжлэл гарах бүрт 516 дугаар байрны цэвэр усны шугам хоолойд хийсэн дээрх дүгнэлтээр иргэдийн амыг таглаж, өөрсдийгөө хаацайлдгийг иргэд тухайн үед хэлж байв.

Зэргэлдээ байтугай нэг байрны давхруудад очдог усны хэмжээ, чанар өөр байдаг гэдэг. Бас усны найрлага ч өдөр өдөрт хувьсан өөрчлөгддөг. Гурван сарын өмнөх шинжилгээний бичигт “амаа үдүүлсэн” оршин суугчид МХЕГ-ын дүгнэлтэд эргэлзэж байгаагаа хэлж, “Зэвтэй ус эрүүл мэнд, бие махбодод ямар нөлөөтэйг мэргэжлийн хүмүүсээс заавал тодруулж, мэдээлээрэй” гэж үүрэг даалгавар өгсөн юм. Энэ тухай сурвалжлах явцад зөвхөн “Хангай” бус, “Вива сити”, “Саруул”, “Богд-Ар”, “Рапид харш” хороолол, Таван шард орших Нэхмэлийн шар байрны оршин суугчид ч ийм зовлонтойг мэдсэнээр дээрх асуултад хариулт олох “аялал”-д гарсан.

Харамсалтай нь, манай улсад энэ чиглэлээр хийсэн дорвитой судалгаа байдаггүй аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хүртэл “Бид энэ талаар судалдаггүй. Мэдээлэл хомс. Гадаадын сайт “ухаж”, судалгааны материал харахгүй л бол хэцүүхэн” гэж шалтагласаар 10 гаруй хоног боллоо. Нийгмийн эрүүл мэндийн боловсрол, судалгаа хариуцсан гол байгууллагынхан ажлаа мэдэхгүй, ийм зүйл яриад сууж байна гэхээр ичмээр.

Харин “Мэргэжлийн хяналтын газар: Зэвтэй ус эрүүл ахуйн шаардлага, стандарт хангадаг” хэмээх нийтлэл хэвлэгдсэний маргааш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн утсаар холбогдож “Ямар ч бохирдолгүй цэвэр усыг нэрмэл ус гэдэг. Ийм ус уух муу гэдэг юм билээ” хэмээн өөрсдийгөө өмгөөлж, “Зэвтэй ус тийм ч хортой биш” гэсэн мессэж иргэдэд өгсөн өнөөх дүгнэлтээ зөвтгөсөн.

Манай улс Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 09005 2005 стандартыг мөрддөг. Энд зааснаар бол усанд агуулагдах зэв буюу төмрийн агууламжийн хэмжээ 0.3 мг/л-ээс ихгүй байх ёстой. Зэв хүний биед огт сөрөг нөлөөгүй байсан бол бид ийм стандарт, хязгаар тогтоох хэрэг юу билээ. “Стандартаас бага юм чинь яавал гэж” хэмээн зэвтэй, зэгэл шар усаар ундаалаад байж болно гэж үү.

БАЙР СУУРЬ

Зэвтэй ус ямар “шид”-тэй талаар дараах судлаач, иргэд мэдээлэл өглөө.

Ө.МАНДАХ: ХУМС ХҮРТЭЛ ГЭМТЭЖ, ӨӨРЧЛӨГДДӨГ

(“Баялаг ус” төрийн бус байгууллагын зөвлөх, усны энерги, найрлага судлаач)

-Ундны усны найрлага тодорхойлох зургаан элемент байдаг. Натри, кали, кальци, магни, хлорид, сульфат, гидрокарбонатын ион үүнд орно. Гидрокарбонатын буюу цэнгэг ус нь хоол шингээх, хлорид, иод нь бодисын солилцоог сайжруулах, кальци, сульфат нь ясны эд, эсийг бэхжүүлэх, магни нь тайвшруулах нөлөөтэйг шинжлэх ухаанаар баталчихсан.

Зарим бичил элементийнхээ хэрэгцээг бид хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авдаг ч чанаж, боловсруулах явцад шимт нэгдэл нь алдагдах нь бий. Үүнийг уснаас нөхөж авах боломжтой. Тухайлбал, ундны уснаас хүн фторын хоногийн хэрэгцээний 60, зэсийн 28, цайрын 14, марганецийн дөрөв, иодын 2.5-4, молибдений 0.2 хувийг авч болно гэж үздэг.

Хүний биед зайлшгүй хэрэгтэй, ундны усаар дамжуулан, нөхөж авдаг ийм гол болон бичил элемент бий. Зэв буюу төмөр усанд зайлшгүй байх ёстой, ашигтай нэгдэл биш. Тийм учраас бид стандарт тогтоосон шүү дээ. “Зэвтэй ус биед хоргүй. Төмрийн хэрэглээгээ уснаас авах боломжтой” гэдэг бол харанхуй, эрүүл мэндийн боловсролгүй хүмүүсийн ярьдаг зүйл. Мах, махан бүтээгдэхүүнд агуулагддаг төмөр хүний биед илүү сайн шингэж, эм болдог. Мах, элэг, навчит ногоо, вандуй зэргээс бид төмрийн хэрэгцээгээ нөхөх боломжтой. Зэвтэй ус хэрэглэснээр арьс, салст гэмтэх, цаашлаад дотор бүх эрхтэн өвчилнө. Тэр байтугай хумс хүртэл гэмтэж, өөрчлөгддөг.

Н. БАТБИЛЭГ: ҮС ХАГТААД, АРЬСААР БЭРЖГЭР ЗҮЙЛ ТУУРСАН

(“Хангай” хотхоны оршин суугч)

Манайхны үс хагтаад, арьсаар байсхийгээд л бэржгэр, улаан зүйл туураад байгаа. Тэгээд шампуниа солиод, эмчид үзүүлээд ч нэмэр алга. “Ямар нэг зүйлээс харшилж байгаа байх” гэх юм. Тэгээд сорил тавиулаад ч юуных гэдэг нь мэдэгдэхгүй байна. Саяхан хамаатныхаа нэг эмчид энэ тухай хэлтэл “Усаа шинжлүүл. Зэвтэй уснаас болж байж магадгүй” гэсэн. Нээрэн, бодоод байсан чинь энэ байранд орсноос хойш л ингэх болсон. Манайх 514 дүгээр байранд нүүж ирээд хагас жил боллоо. Охид маань “Ийм шар усанд орохгүй” гээд ахынх руугаа явдаг. Зайлшгүй тохиолдолд буцалгаж, цэвэршүүлж байж л ашигладаг.

Г.БОЛОРМАА: ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ТОГТОЛЦООГ ДОГОЛДУУЛДАГ

(МУИС-ийн ШУС-ийн багш, профессор)

Нийслэлийн иргэд бүгд зэвтэй усаар ундаалдаггүй л дээ. Шугам хоолой, сантехникийн насжилт, чанартай холбоотойгоор зарим орон сууцны хороолол л ийм зовлонтой байгаа. Төмрийн агууламжтай усаар ундаалаад байвал мэдээж ходоод гэдсэнд муу. Ялангуяа хоол боловсруулах эрхтний тогтолцоог доголдуулах эрсдэлтэй. Амны хөндий, улаан хоолой, нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай өвчилнө. Сүүлийн жилүүдэд манай улсад хоол боловсруулах эрхтний эмгэг ихэссэнд олон зүйл нөлөөлсөн. Үүнд ундны ус тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Б.ГЭРЭЛТХҮҮ: ШУГАМ ХООЛОЙГОО ТОГТМОЛ ШАЛГАДАГ УЧРААС ЗЭВ ГАРДАГГҮЙ

(Канадын Монреаль хотод амьдардаг)

-Канадад дэлхийн цэвэр усны нөөцийн есөн хувь нь ногддог юм байна. Гэсэн ч усны нөөцөө зохистой, ухаалаг ашиглах бүхий л үйл ажиллагааг төрөөс бодлогоор хэрэгжүүлж, дэмждэг. Ялангуяа Квебек мужийнхан усандаа ариг гамтай ханддаг. Цоргонууд нь гэхэд бүгд мэдрэгчтэй. Манайх шиг тасралтгүй асгардаггүй. Хөгжилтэй орон ч гэлээ байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, томоохон осол тохиолдоход ус дамжуулах шугам гэмтэх нь бий.

Энэ үед их хэмжээний ус дэмий асгардаг учраас инженерүүд нь урьдчилан сэргийлээд сард 1-2 удаа шалгадаг гэсэн. Тиймээс зэвтэй ус гардаггүй. Дүүрэг бүр Эрүүл ахуй, усны хяналтын хороотой. Мэргэжилтнүүд нь тогтмол явж усны чанарыг шалгадаг. Гэртээ байхаасаа байхгүй нь их болохоор тэдэнтэй тэр бүр таардаггүй. Гэхдээ зөвлөмж, гарын авлага үлдээсэн байдаг. Зэвтэй ус ходоодонд их муу гэдэг юм билээ. Мэдээж ямар нэг бодистой ус эерэг юм уу, сөрөг нөлөөтэй л байж таарна шүү дээ.


Бэлтгэсэн: Ж.Сувд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)