СУДАН улсад цэргийн хээрийн эмнэлгийн баг ажиллана

    Монгол Улсын Зэвсэгт хүчний “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг Бүгд Найрамдах Судан Улсын Дарфурт явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос оролцуулж үүрэг гүйцэтгүүлэхээр болов.
    Манай эмнэлэг Судан Улсын Дарфур мужийн төв хот болох Эль Фашер хотоос баруун хойш 170 км зайд байрлах Кабкабия суурингийн дэргэд байгаа НҮБ-ын цэргийн баазад байрлан ажиллах юм.
    Цэргийн хээрийн эмнэлэг НҮБ-ын цэргийн хүчин, иргэний цагдаа, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, олон улсын болон орон нутгийн гэрээт энгийн ажилтан, олон улсын байгууллагуудын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнуудад /ойролцоогоор 5000 хүнд/ эмнэлгийн II шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээжээ.
2009 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас цэргийн II шатны хээрийн эмнэлэг хандивлах хүсэлт ирүүлсэн юм.     
    Манай улс өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцсон цэргийн багуудын бүтцэд “Цэргийн хээрийн I шатны эмнэлэг”-ийг Сьерра-Леоне Улсад 8, Ирак Улсад 10, эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийг Косово Улсад 1 удаа тус тус ажиллуулж, давхардсан тоогоор цэргийн 126 эмч, мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)