Судалгааны их сургууль байгуулахад санхүү, бас сэтгэл дутаж байна

2005 онд манай улсад нийтдээ 250 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан түүх байна, цаана чинь. Тухайн үед Монгол Улс 2.5 сая хүн амтай байсан гэхээр өлгийтэй нялхсаас өтгөс буурлууд бүгдийг нь оруулаад 10 мянган хүн тутамд нэг их, дээд сургууль ногдож асан гэсэн үг. Ёстой л зуун ямаанд жаран ухна гэдэг шиг эл эмх замбараагүй явдлыг цэгцэлж, сургалтын чанарыг сайжруулах бодлого салбарын яамнаас баримталсны үр дүнд өдгөө их, дээд сургуулийн тоо 96 болж буурсан. Дээд боловсролын чанарын шинэчлэлийн тухай ярихад зөвхөн энэ хангалтгүй гэдэг нь мэдээж. Жишээ нь, дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өдгөө дэлхий дахинд сургалтын болон судалгааны гэсэн үндсэн хоёр хэлбэрээр хөгжиж байгаа бол манайд зөвхөн нэг нь илт давамгайлдаг. Олонх их, дээд сургуулийн үндсэн орлого нь сургалтын төлбөр төдийгүй бүх үйл ажиллагаа нь үүнээс шууд хамааралтай байдгийг бүгд мэдэх хойно. Их сургууль гэдэг оюутнуудаас сургалтын төлбөр авахаа л урьтал болгож, зах зээлд ямар ч эрэлтгүй “дипломны гол”-ууд нийлүүлэх бус, улс оронд, салбарт нь хэрэгтэй боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ, шаардлагатай судалгаа шинжилгээг нь ч хийж өгдөг байх учиртай гэх.

Судалгааны их сургууль нь сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдмэл хөгжлийг хангахын зэрэгцээ мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож, нэмэлт орлогын эх үүсвэрээр эрдэм шинжилгээний ажлаа санхүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн байгууллагыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хослуулан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц төсөлт болон захиалгат ажлуудыг хэрэгжүүлэх том институцыг судалгааны их сургууль гэж тодорхойлдог. Дэлхийн олон улс орон шинжлэх ухаан, өндөр технологийн ололтод тулгуурлан мэдлэгийг бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуулиудыг бодлогоор дэмжихэд зориуд анхаарч буй.

Манай улс ч энэ жишгийг дагаж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг бодлогын баримт бичгийг үндэслэн өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрын 282 дугаар тогтоолоор “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг анх удаа баталсан. Ингэснээр 2024 он гэхэд дөрвөн их сургуулийг судалгааны чиглэлээр хөгжүүлэн Азийн түвшинд гаргана гэсэн зорилтдоо нэг алхам ойртсон гэсэн үг. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн гол зорилго нь их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгаа, инновацын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар судалгааны их сургуулиудыг хөгжүүлж, Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд тэдний гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Гэхдээ манай орны хувьд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 56.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгаагүй гэнэ лээ. Тиймээс салбарын яамныхан “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкныхнаас зөвлөх үйлчилгээ авч, бусад улс орон судалгааны их сургуулиудаа хэрхэн хөгжүүлдэг туршлагаас нь судалж байгаа бөгөөд 30 сая ам.долларын санхүүжилт татахаар саналаа хүргүүлсэн гэдгийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан ярив.

Судалгааны их сургууль байгуулж, хөгжүүлдэг нийтлэг гурван хэлбэр байдаг нь нэгдүгээрт, үндэсний хэмжээний хэд хэдэн тэргүүлэх их сургуулийг сонгож, судалгааны их сургууль болгон хөгжүүлэх, хоёрдугаарт, тэргүүлэх их сургуулиудаа нэгтгэж, шинээр судалгааны их сургууль байгуулах, гуравдугаарт, цоо шинээр судалгааны их сургууль байгуулж, хөгжүүлэх юм байна. Үндэсний хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийнхэн Монголын эдийн засгийн чадамж хийгээд манай дээд боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлогын баримт бичгийн уялдаа холбоо, санхүүжилтийн тооцоо, нөлөөллийн шинжилгээ гэх мэт олон хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр нэгдүгээр хэлбэрийг сонгон хэрэгжүүлэхээр болжээ.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Судалгааны их сургууль” гэсэн өрсөлдөөнт тэтгэлэг зарлаад, тодорхой шаардлага хангасан сургуулиудыг сонгон, тэдгээрийг судалгааны их сургууль болон хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл, энэхүү тэтгэлэгт их сургууль гэсэн статустай бүх байгууллага оролцож, сургалтын хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжтой юм байна. Шалгаруулалтаа зарлахаас өмнө яамныхан судалгааны их сургуулийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг батлуулах бөгөөд “Энэ байгууллага улс орны хөгжилд нэн хэрэгцээтэй ямар ямар чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх нөөц боломжтой вэ” гэдгээс эхлээд чамгүй олон хүчин зүйлийг харгалзаж үзэх гэнэ. Одоогоор судалгааны их сургууль болох сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулж, яаманд ирүүлсэн нь ганц ХААИС аж. Хөдөө аж ахуй бол манай улсын урдаа барьдаг салбар. Тэр дундаа ХААИС бол олон жилийн хур туршлагатай эрдэмтэн багш нар, Монголын нөхцөлд он удаан жил идээшүүлсэн технологи хийгээд сургалтын бааз суурь, тоног төхөөрөмжөөрөө салбартаа тэргүүлдэг тул судалгааны их сургууль болохоор оройлон зүтгэсэнд гайхах зүйл үгүй биз. Судалгаанд суурилсан их сургууль болж хөгжихөд хамгийн чухал гурван зүйл нь сайн засаглал, шилдэг эрдэмтэн, профессоруудын багтай байх, мөн хангалттай санхүүжилтийн эх үүсвэртэй, судалгааны орчин нөхцөл сайтай байх гэнэ.

“Үндэсний хөтөлбөрийн хүрээнд таван гол зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, судалгааны их сургуульд тавигдах шаардлага, сургалт, судалгааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тогтооно. Хоёрдугаарт, их сургуулийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайн засаглалын шаардлагад нийцүүлж, боловсронгуй болгоно. Гуравдугаарт, санхүүжилтийн оновчтой механизм бүрдүүлж, судалгааг эрчимжүүлэх өрсөлдөөнт тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ зорилт маань хамгийн чухал нь гэж хэлж болно. Учир нь тогтвортой санхүүжилтгүйгээр судалгаанд суурилсан их сургууль хөгжих боломжгүй. 

Судалгааны их сургуулийн санхүүжилт хангалттай байх нь дэлхийн жишигт нийцсэн судалгааны материаллаг баазыг бий болгох төдийгүй, өндөр цалин, хангамжаар шилдэг судлаачдыг өөртөө татах боломжийг бүрдүүлж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц даацтай судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл бүрддэг. Дөрөвдүгээрт, ахисан түвшний сургууль байгуулан хөгжүүлж, чадварлаг судлаачдын төвлөрөл бий болгоно. Эцэст нь, судалгааны хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, инновацын эко системийг хөгжүүлэх гэсэн таван зорилт тавьсан. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээний чиглэлүүдээ тодорхойлж, хэрэгжилтийнх нь үр дүнг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдээ ч нарийн зааж өгсөн” хэмээн БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ судалгаа, түншлэл, хамтын ажиллагааны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Сарантуяа ярилаа.

...Тогтвортой санхүүжилтгүйгээр судалгаанд суурилсан их сургууль хөгжих боломжгүй. Судалгааны их сургуулийн санхүүжилт хангалттай байх нь дэлхийн жишигт нийцсэн судалгааны материаллаг баазыг бий болгох төдийгүй, өндөр цалин, хангамжаар шилдэг судлаачдыг өөртөө татах боломжийг бүрдүүлж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц даацтай судалгаа, шинжилгээний ажил хийх нөхцөл бүрддэг...

Судалгааны их сургуулиуд их хэмжээний зардал, санхүүжилт шаарддаг тул ямар ч улсын дээд боловсролын байгууллагуудын маш цөөхөн хувийг эзэлдэг байна. Жишээ нь, Америкийн 4800 орчим их, дээд сургуулиас 150 нь, Энэтхэгийн 18 000 их, дээд сургуулиас 10 гаруй нь, Хятадын 5000 орчим их, дээд сургуулиас 100 нь дэлхийн чансаатай судалгааны их сургуульд тооцогддог. 2009 онд ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор судалгааны их сургууль шалгаруулах нээлттэй уралдаан зарлахад 110 байгууллага хүсэлтээ ирүүлснээс 12-т нь л эрх олгожээ. Зөвхөн 2009-2010 онд ОХУ-ын Засгийн газраас судалгааны их сургуулиудыг дэмжих үүднээс 271 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэхдээ энэ их хөрөнгө оруулалтын үр өгөөж улс орны нийгэм, эдийн засагт эргээд заавал үржиж ирдэг учраас алсын хараатай түшээд, удирдагчид үүнд гар татдаггүй аж.

Манайх одоогоор судалгааны их сургуулиудыг хөгжүүлэх ажлаа энд тэндхийн төсөл, хөтөлбөрт найдах маягаар эхлүүлж байна. Үүний бас нэгэн тод жишээг өчигдөр МУБИС-д болсон цахим хурлаас мэдрэв. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт уралдаан зарласан бөгөөд хөдөөгийн их, дээд сургуулиас нийт 67 төсөл ирүүлсний 27 нь судалгааных байв. Сонгон шалгаруулах багийн дүгнэлтээр хоёрдугаар шатанд шалгарсан 20 төслийн 11 нь мөн л судалгааны төсөл байсан гэхээр эдийн засгийн хөшүүрэг нь байвал дээд боловсролын байгууллагууд энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй байдгийн илрэл биз. Тэр дундаа “Ховд” их сургуулиас 20 төсөл ирүүлсний дөрөв нь энэ шатанд шалгарчээ. 

Баруун бүсийн хөгжлийн тулгуур төвийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой гэдгээ эхэнд нь онцолсон тэд “Зах зээлийн нийгэм ба монголчуудын аж төрөх ёсны өөрчлөлт, шинэчлэлийн судалгаа”, “Их нууруудын хотгор-Хар ус нуурын экосистемийн мониторингийн суурин байгуулах”, “Баруун бүс нутгийн ургамал, үрийн генофонд санг хадгалж мэдээллийг цахимжуулах” зэрэг даацтай төслүүд ирүүлсэн байна билээ. “Дорнод” их сургуулийнхан гэхэд л “Дорнод аймгийн Халхгол сумын аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн бий болгох” төслөөрөө шалгарчээ. Орон нутгийн их, дээд сургуулиудыг судалгаа, шинжилгээний ажилд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 төслийг шалгаруулж, нийт 330 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)