Сувилагч нарт “сувилгаа” хэрэгтэй

Түргэн алхаатай, жижиг биетэй, бор царайтай, нүдэндээ галгүй, нүүрэндээ баясалгүй. Манай сувилагч нарын олонхынх нь нийтлэг төрх нэг иймэрхүү. Ажилдаа түүртсэн, ачаалалдаа дарлуулсан, авдаг цалиндаа сэтгэл хангалуун бус байдаг нь тэднийг ийн толгой гудайн амьдрахад хүргэсэн биз ээ. Сонгосон мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, үнэнчээр зүтгэж яваа олон сувилагч бий. Гэхдээ албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь хэдэн зуугаараа байна. Манайд сувилагч нарын үнэлэмж маш доогуур. Үйлчлүүлэгчид нь хүртэл тэднийг өвчтөнүүдийн өтгөн, шингэн ялгадас, нус, цэр гээд муу муухайтай зууралдах ёстой “боол” гээд ойлгочихож. Олны дунд ч нэр хүнд муутай. “Уур уцаартай, ширүүн авиртай, тариа хийхдээ судас олдоггүй, мэдлэг, чадваргүй” хэмээн чичилдэг. Ачир дээрээ сувилагч нар нохойд барьдаг мод биш.

Дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд сувилагч багтдаг. Хэчнээн чухал алба болохыг энэ жагсаалт илтгэнэ. Дөнгөж төрсөн нярайг угтаж, өтгөсийг үддэг нь сувилагч. Өвтөнүүдтэй хамгийн ойр ажиллаж, амьдрах хугацаанд авах эмнэлгийн бүх л тусламж, үйлчилгээг үзүүлж, асрагч, аврагч, хамгаалагч, сэтгэлзүйч гээд олон мэргэжлийн үүрэг нэгэн зэрэг гүйцэтгэдэг хүндтэй хүмүүсээ бид хөсөр хаяад уджээ. Жил бүрийн тавдугаар сарын 12-нд буюу Олон улсын сувилагчийн өдрөөр удирдах албаны хүмүүс хуралдсан болоод заримыг нь “Салбартаа үр бүтээлтэй ажилласан” гэж өргөмжлөн, хэдэн “төмөр” энгэрт нь зүүхээс өөрөөр нийгмийн асуудлыг нь дорвитой шийдвэрлэж чадахгүй л байна.

Мэргэжлийн байгууллагууд сувилагч нарын нийгмийн байдлыг тусгасан өргөн цар хүрээтэй судалгаа одоо болтол хийгээгүй. Цөөнгүй хувь нь өрх толгойлсон, ар гэрийн амьдрал нь тогтворгүй, орон сууцгүй зэрэг бусдын адил зовлон тэдэнд мунддаггүй аж. Энэ мэт шалтгаанаас болж олон хүн мэргэжлээсээ татгалзаж, эмнэлгүүд сувилагчийн эрэлд хатах боллоо. Олон улсад нэг их эмчид дөрвөн сувилагч ногддог байхад манайд ердөө ганцхан байх жишээтэй. Нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаар 222. Ажлын цаг нь өдөрт 12-24, дундаж цалин нь 645 673 төгрөг байна. Ийм нөхцөлд, тийм хэмжээний цалингаар яаж амьдрах вэ.

10 гаруй мянган сувилагч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэсэн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн өгсөн. Эмнэлгүүдийн ачаалал, эмч, үйлчлүүлэгчийн тооноос шалтгаалж, манайд өдгөө 20 гаруй мянган сувилагч шаардлагатай болжээ. Гэвч эл мэргэжлийг сонгон суралцагчдын тоо улам цөөрч, жилд 700 гаруй хүн төгсөж буй гэнэ. БСШУСЯ, ЭМЯ хамтран эл тоог ядаж 1000-д хүргэх зорилт тавиад байна. Сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй, үнэлэмжийг нь өсгөхгүй, цалин хангамжийг нь сайжруулахгүйгээр элсэгч нарын тоог хүчээр өсгөх боломжгүй. Жилд 1000 хүн сувилагчаар төгсөж, мэргэжлээрээ ажиллана гэж үзвэл манай улс 15-20 жилийн дараа л эмч, сувилагчийн харьцаагаа олон улсын стандартад ойртуулж дөнгөнө.

Сувилахуйн тусламж нь эмнэлгийн үйлчилгээний хамгийн чухал, цөм хэсэг. Хуучин цагт сувилагч эмчийн туслах, баруун гар байсан бол өдгөө тийм биш болсон. Олон улсад магистр, доктор зэрэгтэй сувилагч нар ажиллаж, нарийн төвөгтэй хагалгааны үеэр судас тэлэгч, нойрсуулагч гуурс зэргийг тавьдаг аж. Тариагаа ч хийнэ, өвчтөнөө ч хянана гэсэн үг. Зарим улсад сувилагч нар нь өвчтөнүүдийг оношилж, эмчилж байна. Сувилахуйн шинжлэх ухаан нь энэ хэрээр өндөр хөгжсөнийг харуулах биз ээ. Эмчээсээ өндөр цалин авах нь ч бий аж. Харин манайд эсрэгээрээ. Нэг сувилагч өдөрт 20-50 хүнд үйлчилж, тариа, боолтоосоо хэтэрдэггүй. Юун сувилахуйн тусламж, үйлчилгээ манатай л байдаг. Өвчнийг эмч анагаадаг бол сувилахуйн алба алив эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг цогц хийх үүрэгтэй. Эмч нарын багт ажиллаж, үүрэг, хариуцлага, эрх, ямба аль алиныг нь ижилхэн үүрүүлэх ёстой. Эмч, сувилагчийн харьцааг даруй тэнцүүлж, мэргэжлийн ажлыг нь хийлгэхгүй бол өөр салбар луу дайжаад дуусах вий.

Бэлтгэсэн: О.Бат-ундрах

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

ГАЛЫН ШУГАМЫНХАН

-Аль тасагт орохоо шийдсэн үү?

-Үгүй.

-Энд ажиллахад бэлэн үү?

-Сайн хэлж мэдэхгүй байна (түгдэрсхийв).

-Манай эмнэлэг 32 тасагтай. Тэдгээрээс хамгийн ачаалалтай, ур чадвар, мэдрэмж шаардсан, цаг наргүй шахам нь Яаралтай тусламжийнх. Хүмүүстэй харилцахаас гадна цогцсын гар, хөлийг эмхэлж, эвд нь оруулах хэрэг гарна. Цус алдалт, харвалт, зүрхний хэм алдалт, амьсгалын дутмагшил зэрэг хүнд хэлбэрийн өвчний үед тусламж үзүүлнэ. Ажлын шаардлагаар энэ хавиасаа холдвол хаана яваагаа заавал мэдэгдэнэ. Чамайг энд байгаа гэж тооцож байтал хүнд өвчтөн ирвэл хүчгүйдчих талтай. Найман цаг ажиллаад, 24 цаг, 16 цаг ажиллаад 48 цаг амарна. Ээлжид хонохдоо цурам хийх ч эрхгүй. Мөн яаралтай холбоо барин, мэдээлэл авах хэрэг гардаг тул ажлын бус цагаар ч утсаа унтрааж болохгүй. Бусад тасгийн сувилагчдын хийдэг ажил, дадлыг эзэмшихийн зэрэгцээ өөрсдийн албанд тохирсон илүү нарийн мэдлэг, чадварыг эзэмших, эсвэл маш богино хугацаанд сурч, дадлагажих хэрэгтэй гээд ойлгочихож болно. Зарим тасгийн сувилагч эмчийн зааврын дагуу тариа, асаргаа сувилгаа хийдэг бол бидэнд эмчийн зааврыг дагахаас гадна өөрөө санаачилгатай, мэдлэгтэй, мэдрэмжтэй тухайн нөхцөлд тохируулан ажиллах шаардлага үүсдэг. Энд нэг жил ажиллах нь өөр тасагт гурваас дээш жил дадлагажихтай тэнцэхүйц туршлага, мэдлэг хуримтлуулдаг гэвэл буруудахгүй.

Хүнд нөхцөлийн урамшуулал гэж цалин дээр нэмж олгодог. Тэгэхээр бусад тасгийнхнаас арай өндөр цалин авна гэсэн үг. Сайн бодоод хариугаа хэлээрэй” гээд инээмсэглэсэн хүн бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн ахлах сувилагч, сувилахуйн ухааны магистар Д.Дуламсүрэн. Ажилд орохоор ирсэн залуухан бүсгүйд тэрбээр ийн ажлынхаа онцлогийг тайлбарласан юм.

Сонссон хүн ч халгаж бэргэмээр, сард 600 000-700 000 төгрөгийн үндсэн цалинтай, сүүлийн 3-4 жилд ачаалал нь 4-5 дахин өссөн тасаг бол мэдээж Яаралтай тусламжийнх. Олон улсын сувилагчийн өдөр болох гэж буйтай холбогдуулан сувилагчдын өдөр тутмын ажлыг сонирхохоор УНТЭ-ийн тус тасагт очсон нь энэ.

Орон нутгийнханд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд үйлчилдэг хамгийн том эмнэлэг бол энэ. 2012 онд Яаралтай тусламжийн тасгийг байгуулахдаа жилд 3000-4000 хүн хүлээн авна гэж тооцсон ч өнгөрсөн онд 19 000 орчим хүн үйлчлүүлжээ. Тус тасаг зургаан ортой бөгөөд 20 орчим сувилагч ээлжээр ажиллан, ирсэн бүх өвчтөнөө эрэмбэлж, шаардлагатай албад руу шилжүүлдэг юм байна. Сувилагчийн ажил хүнд, ахуй хангамж, цалин хөлс муутай тул эл мэргэжлийг сонгох хүн, ялангуяа илүү ачаалалтай тасагт ажиллах сонирхолтой нэгнийг олоход бэрх гэнэ.

Д.Дуламсүрэн “Би 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллалаа. Ажилдаа дуртай, хайртай хүмүүсийн нэг. Тиймээс ч ачаалал, аливаа бэрхшээлийг тоохоо больсон. Манай салбарынхан цалин багатай, нийгмийн халамж муутай нөхцөлд ажилладаг нь үнэн. Гэсэн ч үүргээ ягштал биелүүлж, улам чадваржин, илүү ихийг хийж бүтээх сэн гэж боддог нь олон бий шүү. Ажлын ачааллын хажуугаар иргэдээс учруулдаг дарамтыг онцолъё. Сувилагч бол үйлчилгээний л ажилтан, тэд бөхөлзөх ёстой гэж бүдүүлэг загнадаг хүн олон. Хэл амаар доромжлох, түлхэх, утсаараа бичлэг хийх, орилж хашхирах нь энүүхэнд. Үүнээс гадна нэг өвчтөнийг даган 2-3 хүн ирдэг. Хүн хүндээ санаа тавьж буйг нь ойлгоно. Биднийг чадах чинээгээрээ ажилласаар байхад хажуугаас зааварлаж, хэл амаа билүүдэн, ядаж л зай талбай булаалдаад суучихдаг. Зүгээр суугаа хүнд бусдыг өөлөх шалтгаан мундахгүй шүү дээ” гэсэн юм. Мөн тэрбээр хүмүүс эрүүл мэнддээ анхаарахаа больсны тод жишээ бол эмнэлгийн ачаалал гэдгийг дуулгалаа. Тус тасагт оны эхний дөрвөн сард 40 хүн нас барсан гэдэг бол маш их тоо аж. Өвчин хэлж ирдэггүй гэдэг ч өөртөө анхааралгүй явсаар амь насаа хохирооход хүрч, олон хүнийг сандаргахаасаа өмнө зөв хооллож, спортоор хичээллэж, хорт зуршлаас татгалзаж, өөртөө арчаатай амьдраасай гэдгийг дахин, дахин хэлнэ лээ.

Баянгол дүүргийн XIX хорооны “Шар дэгд” өрхийн эмнэлэгт өчигдөр 10.00 цагт очиход 20 орчим хүн үзүүлж, тариа, дусал хийлгүүлж байв. Хорооныхоо 6000 гаруй иргэнд үйлчилдэг тус эмнэлэг гурван сувилагчтай бөгөөд нэг нь өдөр тутмын эмчилгээгээ гардан хийдэг. Бас нэг нь айлуудаар явж, гурав дахь нь физик эмчилгээг хариуцан ажилладаг гэнэ. Долоо, долоо хоногоор ээлжилдэг аж. Эмнэлэгт үлдсэн сувилагч өдөрт 30-40 хүнд үйлчлэн, жирэмсэн эхчүүдийг хянан, өвчний түүхийг нь бөглөж, вакцин хийнэ. Дуудлагын үйлчилгээ үзүүлдэг нь нь өдөржин явган таваргаж, шаардлагатай айл бүрээр орохыг хичээдэг ч цаг заваас шалтгаалан, заримд нь хүрч үйлчилж чадахгүй, гомдол санал дагуулдгаа ч дуулгав. Өрхийн эмнэлгийн сувилагчдын цалин бусдаасаа бага тул ажиллах хүсэлтэй хүн бараг л үгүй гэнэ. “Шар дэгд” эмнэлэг өнгөрсөн онд гурван сарын хугацаанд ганцхан сувилагчтай байсан нь үүнтэй холбоотой аж. Сувилагч Д.Отгондэлгэр “Ачаалал ихтэй. Өөртэй чинь ярих ч завгүй байгааг харж байгаа биз. Ийшээ харж тариагаа хийн, тийшээ орж дуслаа залгаад, картаа бөглөөд, бичиг цаасны ажлаа эмхлээд таардаг юм. Цайны цаг 30 минут. Энэ хооронд иргэд үүдэнд дугаарлаад л сууж байдаг. Аль ч дүүрэг, хорооны өрхийн эмнэлгийнхэн адилхан. Ялангуяа нийслэлийн хүн амын тоо тогтмол өсөж буйгаас ажлын ачаалал сараас сард ихэссээр байна” гэсэн юм.

Цөөнгүй мэргэжил хүнээс тэсвэр тэвчээр, ур чадвар, өндөр хариуцлага, гомдоллох эрхгүй шахам “гүйхийг” шаарддаг. Тэдгээрийн нэг нь эрүүл мэндийн салбарынхан. Ялангуяа өвдсөн, зовсон, өөрийн ухаанаа алдсан, “харахаас халшрам” нэгнийг сувилж, асарч, цаг тутам бөөцийлж, санаа тавигсад нь сувилагч. Тэднийг энх цагийн галын шугамынхан гэвэл буруудахгүй болов уу.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.ЭРДЭНЭТУЯА: Мэргэжлээсээ хөндийрсөн сувилагч нарт салбартаа дахин ажиллах боломж олгоно

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрдэг мэргэжилтэн бол сувилагч нар. Тиймдээ ч эрүүл мэндийн байгууллагуудад сувилагчийн хүрэлцээ дутмаг байгаа нь ажиглагддаг. Уг асуудлыг зохицуулахын тулд салбар яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, төгсөлтийн өмнөх удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төгссөний дараах тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих гэсэн гурван чиглэлийн найман зорилт дэвшүүлэн, 2026 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Сувилагч бэлтгэх, төгссөн мэргэжилтнийг ажлын байран дээр нь тасралтгүй хөгжүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих зэргийг зорилтдоо тусгасан. Үүнээс гадна мэргэжлээрээ ажиллахгүй байгаа сувилагч нарыг салбартаа дахин ажиллах боломжоор нь хангаж байна.

-Сувилагч мэргэжилтэн бэлтгэдэг хэчнээн сургууль байдаг вэ. Сонгон суралцах хүүхэд цөөрсний шалтгаан юу юм бол?

-Сувилагч мэргэжилтнийг бакалаврын, дипломын, туслах гэсэн гурван шатлалаар бэлтгэдэг. Туслах болон дипломын сувилагч нар Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 1-3 жил, бакалаврынх нь их, дээд сургуулиудад дөрвөн жил суралцдаг. Туслах сувилагчийг 2013 оноос бэлдэж эхэлсэн. Хуучнаар асрагч гэж ойлгож болно. Өмнө нь асрагч ажилтай хүн үйлчлэгчийн ажлыг сувилагчийн туслахтай хамт хийдэг байсан бол 2013 оноос үүрэг, чиглэлийг нь өөрчилж зөвхөн сувилагчид туслах үүрэгтэй болгосон.

Хүүхдүүд сувилахуйн мэргэжлийг сонгон суралцахгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй. Нэгдүгээрт, улсын хэмжээнд эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг 13 сургууль бий. Үүнээс одоогоор найм нь сувилагч бэлтгэж буй бөгөөд нэг нь л улсынх. Тиймээс улсын болон хувийн сургуулийн босго онооны зөрүү нөлөөлж байна. Жишээлбэл, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн босгыг давсан сурагчийн оноо нь хувийн сургуулийн их эмчийн ангид элсэх оноотой дүйцэж байвал их эмчийн ангиа сонгодог. Уг нь сувилахуйн шинжлэх ухаан нь анагаахын шинжлэх ухаантай нэг түвшинд байх ёстой. Гэтэл манайд сувилагч мэргэжлийн нэр хүнд муу байна. Тиймээс уг мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор өнгөрсөн жил гурван сувилагчид Гавьяат цол олгосон.

-Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа сувилагч нарт салбартаа дахин ажиллах боломж бүрдүүлж буй гэсэн. Ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар 1:2 зорилтыг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд зарласан. Үүний хүрээнд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй, сувилагч нарыг салбартаа ажиллахыг дэмжсэн сургалт явуулж эхэллээ. Тав болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарыг сувилахуйн мэргэжлийг бататгах 14 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч, лиценз олгож байна. Харин мэргэжлээсээ хөндийрөөд таван жил болоогүй бол Сувилахуйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх гурав хоногийн сургалтад хамруулах болсон. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш нийт 373 сувилагч сургалтад сууснаас 60 хувийг нь ажлын байраар хангажээ. Зарим нь өөрсдийн хүсэлтээр ойрын хугацаанд ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Бэлтгэсэн: Ж.Уранмандал

БАЙР СУУРЬ

Сувилагчийн мэргэжил бие даасан томоохон салбар болтлоо хөгжжээ. Гэсэн ч монголчууд энэ мэргэжлийн ач холбогдол, үр нөлөөг төдийлөн онцгойлж үздэггүй юм байна. Анагаах ухааны сургуулиудад сувилахуйн мэргэжлээр элсэгчдийн тоо цөөн байгаа нь үүнийг гэрчлэх болов уу. Өөрөөр хэлбэл, сувилагч мэргэжлээр суралцагчдын тоо цөөн учраас эмнэлгүүдэд ийм мэргэжилтний хомсдол үүсжээ. Сувилагчийн ажлын ачааллын талаар зарим мэргэжилтний байр суурийг сонслоо.

Монголд докторын зэрэгтэй сувилагч 11 бий

Д.СОЛОНГО (АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, сувилахуйн ухааны доктор):

-1986 онд нэг эмчид гурван сувилагч ногдож байлаа. Гэтэл одоо энэ үзүүлэлт эрс буурсан. Энэ нь сувилагчийн хомсдолтой холбоотой. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн эмнэлгийн тоо өссөн. Нэг эмнэлэг нээгдэхэд 10-20 сувилагч ажилд авдаг. Улсын эмнэлгүүд өргөжиж, тэр хэрээр сувилагчийн орон тоо шаардлагатай болж байна. Гэтэл хувийн анагаах ухааны сургуулиуд сүүлийн 10 гаруй жил сувилагч бус, эмч нарыг бэлтгэж ирлээ. Иймээс сувилагчийн хомсдол үүссэн. Судалгаагаар сувилахуйн мэргэжлээр төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажилд ордог гэсэн дүн гарсан. Гэхдээ нийгэмд сувилагчийн үнэлэмж муу, цалин бага учраас хүмүүс ажлаасаа гарч, өөр газар луу шилжихийг илүүд үзэж байна. Олон нийт ч сувилагчийг эмчийн туслах мэтээр хардаг. Уг нь гадаадад сувилагч нар эмчтэй ижил түвшний нэр хүндтэй. Сувилахуйн ухаан бие даасан салбар гэдгийг баталсан. Монгол Улс энэ чиг хандлага руу явж буй. Монголд сувилагчийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар 11 доктор, 80 магистр сувилагч бэлтгэсэн. Тэд их, дээд сургуульд багшилж, төсөл удирдаж байна.

Ачаалал их байгаа тул сувилагчийн туслахын орон тоо гаргасан

А.МӨНХТУЯА (“Улаанбаатар сонгдо” эмнэлгийн Сувилахуйн албаны дарга):

-Энэ жил сувилахуйн мэргэжлээр төгсөх оюутны тоо маш цөөн юм билээ. Тиймээс сувилагч гэхээсээ илүүтэй сувилагчийн туслахын орон тоо гаргаж, хүн мэргэшүүлэн ажиллуулж байна. Сувилагч хомсдолтой байгаа учраас ажлын ачаалал нь аль ч эмнэлэгт их. Манай эмнэлэгт сувилагчийн туслахын орон тоог нэмсэн. Одоогоор манайх 100 сувилагч, 20 туслахтай. Нэг сувилагчид өдөр 6-8, шөнө 15 өвчтөн ногддог. Олон тасаг нэгжтэй. Гэхдээ нэн тэргүүнд хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тасагт сувилагч шаардлагатай байна.

Хүний нөөцийн хомсдол үүссэн

Ц.СОНГИНОСҮРЭН (Нийслэлийн эрүүл мэндийн газрын сувилахуй, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн):

-Сувилахуйн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал бол хүний нөөцийн хомсдол. Тийм хэдий ч олон улсын жишигт хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлж Эрүүл мэндийн дэд хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй хоёр ч төсөл, хөтөлбөрт энэ талаар тусгасан байсан. Олон улсын жишгээр нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой. Гэтэл Монголд нэг эмчид нэг л сувилагч ногдож байна. 2020 онд гэхэд энэ харьцааг нэмэхээр зорьж буй. Нийслэлд нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо маш олон. Дээрээс нь сувилагчийн ээлжид гарах тоо дэлхийн жишгээс хамаагүй их. Оюутан залуустай уулзаж сувилагчийн ажлыг сурталчилдаг ч төгсөж буй хүний нөөц хангалтгүй хэвээрээ байна.

Энэ мэргэжлийг нийгэмд зөв ойлгуулах хэрэгтэй

Б.АЛТАНТУЯА (Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн ахлах сувилагч):

-Би 1986 онд Урологи, андрологийн төвд сувилагчаар ажилд орж байлаа. Тухайн үед манай эмнэлэгт өдөрт хоёр хагалгаа, жижиг мэс ажилбар гурвыг хийдэг байв. Одоо өдөр 10, шөнө 3-4 хүнд хагалгаа хийх болсон. Дээрээс нь дурангийн хагалгаа өргөжиж, нээлттэй хагалгаатай зэрэгцүүлэн хийх болсон. Жилээс жилд шинэ техникийн тоо өсөж, тэр хэрээр ачаалал нэмэгдэж байна. 1990 онд 900 гаруй хүнд үйлчилдэг байлаа. Өдгөө эл тоо 2500 болж өссөн. Гэтэл намайг ажилд орох үеийн орон тоогоороо иргэдэд үйлчилсэн хэвээр.

Манайх 14 сувилагчтай. Нэг нь ээлжийн амралтаа авах юм уу, өвдвөл ажлыг нь бид нөхөж хийдэг. Бидэнд чөлөө авна гэсэн ойлголт байдаггүй. 24 цаг зогсолтгүй ажилладаг. Шөнийн ээлжид хоёр сувилагч гарах ёстой. Нэг хүнд 20-25 өвчтөн ногддог. Хэн нэг нь ажлаас гарах юм уу, жирэмсний амралт авахад орон тоог нь нөхөх хүн тийм ч амар олддоггүй. Уг нь сувилагчийн ажил сайхан. Хүмүүст эрүүл мэнд, аз жаргал бэлэглэдэг. Энэ мэргэжлийг нийгэмд зөв ойлгуулж, хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол нь, төр, засаг зөв менежент явуулж, олон улсын стандартын дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлээсэй.

ДЭЛХИЙН ЖИШИГ

АНУ-д сувилагч эмчид бус, тусдаа хэлтэст харьяалагддаг

АНУ-ын эрүүл мэндийн салбарт сувилагч нь эмч болон өвчтөний хамтын ажиллагааг хариуцдаг гол мэргэжилтэн. Анагаах ухааны салбарт өндөр технологи их нэвтэрч байгаа учраас эмчээс өвчтөнд зарцуулах цаг улам багасаж байна. Хэвтэн эмчлүүлэгчийн харилцах цагийн дунджаар 80 хувь нь сувилагчид, 20 хувь нь эмчид ногддог. Сувилагчийн мэдэх, чадах ёстой зүйлийг эмч мэддэг ч чадвар нь сувилагчийн хэмжээнд хүрэхгүй. Тиймээс АНУ-д сувилагчийг туслах мэргэжилтэн гэж үздэггүй. Эмчийнхээс огт өөр, маш нарийн, өндөр технологийн мэргэжил учраас сувилагч хүн Америкт хүндлэл хүлээдэг, тэр чинээгээрээ цалин өндөр авдаг гэнэ. Тус улсад сувилагчаар ажиллахын тулд дөрвөн жил сурч, дараа нь мэргэшлээсээ шалтгаалаад нэмж сурдаг. Тухайлбал, өвчтөнийг мэдээ алдуулах ажилбарын 80 хувийг эмч гүйцэтгэдэг ч мэдээгүйжүүлэгч сувилагч үндсэн сургалтаас гадна дөрвөн жил суралцдаг. Америкийн сувилагч эмчид бус, бие даасан хэлтэст харьяалагддаг. Сувилагч юу хийхийг эмч заадаггүй. Харин Италид эмч, сувилагч хоёр нэг баг болдог. Ромын Кампус Био-Медико их сургуулийн багш, Наварры их сургуулийн сувилахуйн ухааны доктор, Микелла Пиредда “Сувилагч их сургуулийн боловсрол эзэмшдэг болсноор байдал эрс өөрчлөгдсөн. Урьдынх шиг эмчтэй зөвлөхгүй, бие даан шийдвэр гаргаж, хариуцлагаа бүрэн хүлээдэг болсон. Эмч, сувилагч хоёр өвчтөнд туслахаар нэг баг болж ажилладаг. Гэхдээ тус тусын үүргээ л гүйцэтгэдэг. Ном журмын дагуу, зөв шийдвэр гарган ажилласан бол хүндлэл хүлээдэг” гэв.

Тэгвэл ОХУ-д сувилагчид эмчийн туслах мэт ханддаг. Сувилагчийн мэргэжлийн нэр хүндийг хэрхэн өргөх талаар ОХУ-ын нийслэлийн эмнэлгийн сувилагч нарын бүс нутгийн олон нийтийн байгууллагын ерөнхийлөгч, Ф.И.Иноземцевийн нэрэмжит, Москва хотын клиникийн эмнэлгийн ерөнхий сувилагч Галина Плетминцева “Бид сайн ажилладаг ч юу мэддэгээ илэрхийлж сурах хэрэгтэй байдаг. Өвчтөн болон эмчийн сувилагчид хандах хандлага сайжирч байгаа. Төрөөс энэ мэргэжилд хүндэтгэлтэй хандаж, ажиллах орчин, хөдөлмөрийн хөлсний талаар санаа тавих нь их чухал. Миний бодлоор, сувилагчийн цалин эмчийнхтэй адил байх ёстой” хэмээжээ.

Олон улсын анагаах ухааны нийгэмлэгийн Нидерланд дахь боловсролын хөтөлбөрийн ерөнхий захирлын орлогч Бьянка Гоммерз-Кеннисер “Манай улсад сувилагчийн ажил хэрхэн хөгжиж буйг 20 жил ажиглаж байна. Мэргэжлийн боловсрол олгох, бэлтгэх, тавигдах стандарт их өөрчлөгдсөн. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд сувилагч хүн ажлын хувьд олон үүрэг хүлээдэг. Чанартай асаргаа, эмчилгээ хийхийн сацуу шинэ технологи нэвтрүүлэх нь тэдний зорилт. Ажил үүргээ гүйцэтгэхэд бие махбодын хувьд хүндрэлтэй болоход жишээлбэл, шөнийн ээлжид гардаггүй, зөвхөн өдрийн цагаар ажилладаг хэсэгт шилжүүлж болдог. Өөрөөр хэлбэл, сувилагчийн ажлын бүтээмжийг дүгнэх тусгай стандарт бий. Мэс засал хийлгэсэн өвчтөнд үйлчилж байгаа сувилагч өвчтөнөөс биеийнх нь байдлын талаар өдөрт дөрвөн удаа асуух ёстой. Үнэлгээний хэсгийг ахалдаг ахлах сувилагч ийм стандартыг нь үндэслэн бусад сувилагчийн ажлыг дүгнэдэг” гэсэн байна.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)