СТИВ ЖОБС: КОМПЬЮТЕРИЙН ДАЙНД “MICROSOFT” ЯЛСАН

Шинэ жишиг тогтооно гэдэг багахан өөрчлөлт хийхийг хэлэхгүй. Цоо шинэ, хүмүүсийн анхаарлыг татахыг хэлнэ. Харин тэр шинэ жишгийг “Macintosh” тогтоож чадсан. Миний харж, хэрэглэж байсан компьютерүүдээс шинэ жишгийг тогтоох нөхцөл шаардлагыг хангасан ганцхан компьютер байсан нь “Macintosh”. (-“Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс, 1984)

Хэрэв би тухайн үед “Apple”-д ажиллаж байсан бол “Macintosh”-ыг ашигтай бүтээгдэхүүн болгож, дараагийн шатны хувилбарыг хийх ажилд орчих байсан. Гэхдээ компьютерийн өрсөлдөөний дайн хэдийнэ дууссан. Олон жилийн өмнө энэ тулаанд “Microsoft” ялсан.( –Стив Жобс, 1996)

“Wall Street” сэтгүүлийн 2005 онд болсон D хэлэлцүүлэгт “Apple”-ийн гүйцэтгэх захирал Стив Жобс, “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс нар хамтдаа оролцож байжээ. 1983 онд болсон “Macintosh Dating Game” хэлэлцүүлгээс хойш хорь гаруй жилийн хугацаанд олны өмнө хамт сууж ярилцаагүй тэдний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

Кара (“Wall Street” сэтгүүлийн тоймч): Та хоёр бие биенийхээ технологийн үйлдвэрлэлд оруулсан хувь нэмрийг хэрхэн үнэлдэг вэ? Стив та Биллийн талаарх бодлоо хуваалцаач.

Стив: Та бүхний мэдэж байгаачлан Билл бол технологийн салбарын анхны программ хангамжийн компанийг үүсгэн байгуулсан хүн. Энэ бол маш том гавьяа. Технологийн ертөнцөд програм хангамж гэх нэг талбар байгаа гэдгийг сануулж, эл салбарт эргэлт хийж, бизнесийн томоохон үлгэр болсон юм шүү дээ. Үүнийг нь л би түүний хийсэн хамгийн том гавьяа, ололт гэж дүгнэдэг. Хэн ч программ хангамжийг мөнгө болгож хараагүй байхад Билл тэр зүгт бүхний анхаарлыг хандуулж чадсан.

Кара: Энэ их чухал өөрчлөлт үү?

Стив: Миний харж байгаагаар бол тийм. Түүний хийсэн их олон зүйлийг та дурдаж чадах байх. Гэхдээ миний бодлоор компани байгуулна гэдэг тун ярвигтай ажил. Хамгийн шилдэг хүмүүсийг таньж өөрийн байгууллагад сонгож авах чадвартай байх шаардлагатай. Зөвхөн сайн хүмүүсийг таньдаг байгаад зогсохгүй тэднийг бүх хүчээ дайчлан ажиллуулахын тулд манлайлж, удирдан чиглүүлэх ур чадвар ч хэрэгтэй. Харин Билл энэ бүгдийг олон жилийн турш хийсээр, чадсаар ирлээ шүү дээ.

Уолт (“Wall Street” сэтгүүлийн тоймч): Билл харин та Стивийг хэрхэн үнэлдэг вэ?

Билл: Юуны өмнө нэг зүйлийг тодруулъя. Би Стив Жобсын хуулбар биш шүү. (инээв) Хэрэв та 1977 оныг нэхэн дурсвал “Apple II” компьютерийг санах болно. Тэр бол онцгой бүтээгдэхүүн байсан юм шүү. Гайхалтай хүчин чадалтай.

Кара: Та хоёр одоо бие биенээ өрсөлдөгч гэж хардаг уу? Та хоёрыг өрсөлдүүлсэн сурталчилгаа хүртэл гарсан байдаг шүү дээ.

Стив: Сурталчилгаа гэдэг урлаг. Бодит амьдралаас хол зүйл л дээ. Үнэн хэрэгтээ энэ хоёр залуу чинь бие биенээ хүндэтгэж явдаг юм шүү дээ. Компьютер технологийн залуус ихэвчлэн уужуу, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. (Билл инээмсэглэн нүдээ эргэлдүүлэв)

Билл: Ээж нь түүнд их хайртай.

Уолт: Бизнесийн талбарт өрсөлдөгчид болж байсан тохиолдол олон уу?

Билл: Цөөн тохиолдол бий. Гэхдээ үүнийг бид боломж гэж хүлээж авдаг.

Стив: Бид тэдэнд хайртай. Учир нь бүгд л хэрэглэгч шүү дээ. (инээв)

Кара: “Apple”-ийн хэтийн төлөвлөгөөг танилцуулаач.

Стив: “Apple”-ын том нууц бол... Мэдээж тийм ч том нууц биш байх л даа. Хэтдээ программ хангамжийн компани болох зорилт тавьж буй. Өдгөө “Microsoft”-оос өөр томоохон программ хангамжийн компани алга байна шүү дээ. Бид компьютерийн зах зээлийн 80 хувийг эзэлж чадахгүй гэдгийг та ч мэдэж байгаа.

Уолт: Хэрэв ганц л зүйлийг өөрөөр шийдсэн бол “Mac” өдгөө компьютерийн зах зээлд ноёрхож байх байсан гэх харамсал танд төрдөг үү?

Стив: Намайг “Apple”-ээс гарсны дараа их олон зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Тиймээс би компанидаа байсан бол байдал одоогийнхоос огт өөр байх байсан гэж бодогддог. Гэхдээ одоо тэр бүхэн хамаагүй л дээ. Одоо бол бид зөвхөн урагш харж л ажиллана. Арван жилийн өмнө би Стэнфордын музейд бүхий л төхөөрөмж, бичиг баримтаа өгсөн. Гэхдээ одоо бүгдээрээ өнгөрсөн рүү харахаа больё. Одоо бол маргааш ямар байх ёстой вэ гэдэгт л анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь гишгэсэн мөрөө хараад “Бурхан минь би тэр үед тэнд байх ёстой байж” гэж харамсаж суух нь бидэнд юуг өгөхгүй. Өчигдөр болсон зүйлд харамсаж суух хугацаагаа маргааш хийх ажлаа бэлдэхэд зарцуулбал хамаагүй үр дүнтэй.

Кара: Салбарынхаа тэр дундаа интернэтийн хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ?

Стив: Эрүүл байгаа гэж бодож байна. Маш олон залуу боловсон хүчин энэ салбарт хүч түрэн орж ирж байна. Зарим нь том компани байгуулах гэж зүтгэж байхад зарим нь зүгээр суухгүй, ямар нэгэн ажил эхлүүлэх гэж энэ салбарт хөл тавьж байна.

Билл: Тийм шүү, би ч бас энэ үеийг эрүүл гэж тодорхойлно. Маш олон гарааны компани төрж, хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байна. Энэ үеийг хөрөнгө оруулалтын үе гэж нэрлэсэн ч болохуйц.

Уолт: Та хоёр бол нийгмийн дээд давхаргынханд үйлчилдэг. Гэхдээ таван жилийн дараа ч суурин компьютер чухал хэрэглээ байсаар байна гэдэгт итгэлтэй байна уу?

Билл: Харин та компьютерийг хэрэглээнээс гарах байх гэж таамаглаж байгаа юм аа даа. Анх компьютерүүдийг нэгдсэн сүлжээтэй болгоно гэхэд хүмүүс тэнэг санаа хэмээн шүүмжилж байсан. Угаас шинэ санаа байнга л шүүмжлэлд өртд өг юм. Гэтэл одоо төхөөрөмж зурагттай холбогдож байна.

Уолт: Таван жилийн өмнө та ямар төхөөр өмжүүд хэрэглэдэг байсан бэ?

Билл: Таныг ч ганцхан төхөөрөмж хэрэглэдэг байсан гэж бодохгүй байна. Та тун удахг үй том дэлгэцтэй, түүнийгээ хаана ч аваад явчихдаг төхөөрөмжтэй болно гэдэгт би итгэлтэй байна. Кара: Бас хөнгөн. Билл: Тийм ээ. Цаашдаа таблетийн үйлдвэрлэл өргөжнө. Та үзгээр ажлаа бичдэг байснаа болиод компьютер ашигладаг боллоо. Удахгүй халаасанд тань багтах төхөөрөмжтэй болсон. Гэхдээ л танд халаасанд багтах төхөөрөмж байсан ч нөгөөг нь ч бас хэрэглээндээ байлгах сонирхол байж л байдаг. Технологийн хөгжил биднийг олон төхөөрөмжийг нэг дор нэгтгэж хэрэглэхэд биш өөр өөр зориулалттай олон төхөөрөмжтэй л болгодог.

Стив: Гэхдээ утас, таблетнаасаа интернэтэд холбогддог болчихсон үед суурин компьютерийн хэрэглээ тодорхой хэмжээгээр хумигдана. Суурин компьютерийг орлохуйц утастай болсон ч хэрэглээнээс гарахгүй гэж би хувьдаа боддог. Танд зөөврийн компьютер, таблет цүнхэнд тань байсан ч гэртээ суурин компьютер байрлуулсаар л байна.

Кара: Интернэтийн ертөнцөд та цахим сүлжээ гэх мэт салбарыг хэр их сонирхдог вэ?

Стив: Цахим ертөнцөд сонирхол татсан зүйл хэдэн тэрбум шүү дээ. Гэхдээ миний хувьд хамгийн сонирхолтой зүйл нь интернэтээр дамжуулан шинэ үйлчилгээ гарч буй явдал. Цахим ерт өнцөд цаг үрсэн зугаа цэнгэл төдий зүйл их олон. Харин түүний оронд өөрт ашигтай, амьдралдаа цахим ертөнцийг үр бүтээлтэй ашиглах зүйлд анхаарал хандуулдаг.

Кара: Та хоёрын дунд маргаан, үл ойлголцол үүсэж байсан байх.

Стив: Бид гэрлэлтийнхээ талаар олон жилийн турш нууж явсан. (инээв)

Билл: Хамт ажиллахад зугаатай байдаг юм. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс наалдсан юм шиг үргэлж хамт байх хамтрагчтай байх дуртай байдаг. Эрсдэл ихтэй ажил учир бүтсэн, бүтэлгүйтсэн туршилтынхаа талаар ярьж, шинэ санаагаа ярилцаж зөвлөгөө авах гээд бүх ажилд хамтрагч их тус болдог.

Стив: Бид бүр бага залуу байхдаа танилцаж хамтран ажиллаж эхэлсэн. Би түүнээс зургаан сараар л ах гэхээр нас чацуу гэсэн үг. Би ах учраас л түүнтэй олон жилийн турш нөхөрлөсөн юм. (инээв) Бид залуудаа “Битлз”-ийн дууг их сонсдог байсан. Тэдний дууны нэг мөр одоо ч сэтгэлд хадаатай байдаг юм. “Бидний өнг өр үүлсэн цаг хугацаа дурсамж, гадаах замаас ч урт”. Энэ мөр бидэнд яг тохирох үнэн үг шүү.

Уг ярилцлагын үеэр үзэгчдэд асуулт тавих боломж олгодог.

Асуулт: Сайн уу? Намайг Жесс Комблат гэдэг. Стив та Биллийг харах бүртээ “Азтай залуу шүү. Авьяастай, хөрөнгөтэй. Надад түүнд олдсон шиг боломж байсан ч болоосой” гэж бодох үе гардаг уу?

Стив: Биллийн амжилт бол үнэндээ орлого хөрөнгөөрөө тэргүүлсэн явдал биш гэж би боддог. Билл ч үүнтэй санал нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Би ч түүний адил их мөнгөтэй болохыг гол зорилгоо болгож байгааг үй. Байгуулалцсан компани маань намайг харьцангуй залуу байхад амжилтад хүрсэн учраас надад мөнгөний араас хөөцөлдөх хэрэг байгаагүй. Ажил гэр бүлдээ л анхаарлаа хандуулж байна. Бид хоёр хоёул азтай хүмүүс шүү дээ. Учир нь бид өөрсдийн дуртай ажлаа хийж байна. Бид зөв цагт, зөв газраа байж таарсан. Өдөр бүр би хамгийн сайхан, зөв сэтгэлтэй хүмүүстэй хамтран ажиллаж хэдийнэ 30 жилийг ардаа үдсэн байна. Үүнээс илүү аз жаргалтай байна гэдэг бараг л боломжгүй зүйл болов уу. 

О.Ундармаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)