Стив Жобсын цэгүүдийг холбож, Сингапурын хамгийн том компанийг байгуулагч

Форрест Ли 2005 онд Стэнфордод диплом гардуулах ёслолын үеэр Стив Жобсын хэлсэн алдартай үгийг сонсжээ. Хятад гаралтай тэрбээр 15 жилийн дараа Сингапурын хамгийн үнэтэй компанийг удирдаж, тус улсын хамгийн чинээлэг 10 хүний нэг болов. “Sea” гэдэг нэртэй, мэдээллийн технологийн компанийнх нь хувьцааны ханш өнгөрсөн оныхоос 1000 дахин өссөнийг цар тахал улам ихэсгэсэн гэнэ.

Өнгөрсөн сарын 19-ний байдлаар Сингапурын “Sea ltd” нь 69 орчим тэрбум ам.доллароор үнэлэгддэг, арал улсын хамгийн их хөрөнгөтэй хувьцаат компанид тооцогдож байна. Тус компанийн тэргүүн бөгөөд үүсгэн байгуулагч, хөрөнгө нь 7.1 тэрбум ам.доллароор хэмжигддэг Форрест Ли Сингапурын хамгийн баян 50 хүний жагсаалтын долдугаарт бичигджээ. Нэг жилийн өмнө 21 дүгээрт бичигдсэн аж. Тус компанийг үүсгэн байгуулагчид болох Дэвид Чэнь, Ган Е нар ч тэрбумтан гэнэ.

Олон компанийг цар тахал устгасан ч нэг хэсэгт нь ашигтай тусжээ. Үүнд “Sea”-гээс илүү сайн жишээ үгүй бололтой. Тус компанийн цахим худалдаа, сүлжээний тоглоом, тоон төлбөр гэсэн үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлийн эрэлт эрс өсжээ. “Энэ өсөлт бол ердөө эхлэл. Бизнесийн энэ гурван чиглэлд хязгаар үгүй” гэж Форрест ярьсан байна. Үүнийг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Sea”-гийн хувьцаа энэ онд гурав дахин үнэтэй болж, одоо 146 орчим ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны эхэн үеийнхээс 1000 хувиар өссөн дүн.

Наймдугаар сарын 18-нд нийтлэгдсэн, хоёрдугаар улирлын орлогын тухай мэдээллээс үзвэл компанийн нийт орлого бараг хоёр дахин нэмэгдэж, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүлжээний тоглоом (62 хувиар өсөж, 716 сая ам.доллар), цахим худалдаа (бараг хоёр дахин нэмэгдэж, 511 сая) гэсэн үйл ажиллагааны хоёр том чиглэлийн орлого үлэмж нэмэгдсэний ач гэнэ. Гэхдээ тус компани алдагдалтай ажиллаж буй. Хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хувиар их буюу 373 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна.

“Sea”-гийн амжилт нь Зүүн өмнөд Азийн тоон ирээдүйд Форрест итгэдгийн бас нэг нотолгоо аж.

Хэдийн эхэлсэн өөрчлөлтийг цар тахал түргэтгэсэн хэмээн тэрбээр үздэг. “Хэдэн жилийн дараа эргээд харахад цар тахлын үед тоон шилжилт өргөн, гүн гүнзгий байсныг, эргэлт буцалтгүй болсныг бид харна” гэж Сингапурын өндөр технологийн бизнес парк “Galaxis” дэх “Sea” компанийн байранд ярилцлага өгөхдөө Форрест хэлсэн байна.

АМЬДРАЛД ХӨТӨЛСӨН СУРГУУЛЬ

Хятадын Шанхай хотын Зяотун их сургуулийг инженерийн дипломтой төгссөн, АНУ-ын Стэнфордын их сургуулийг эдийн засгийн магистр зэрэгтэй дүүргэсэн Форрест 42 насандаа урт зам туулжээ. Тэрбээр Хятадын боомт Тяньжинь хотод төрж, өссөн. Эцэг, эх нь насаараа төрийн компаниудад ажилласан гэнэ. Шанхайн “Motorola”, “Corning” компанид дөрвөн жил ажил зуучлагч хийж, хэдэн зуун хүний намтар судалсан Форрест амьдралаас өөр зүйл хүсэж буйгаа ухамсарлажээ. “Намтар бүр хувь хүний түүх. Бусдын түүхийг уншаад өөрийн ирээдүйг ямраар харахыг хүсэж буйгаа бодсон. Ер нь бол таван жилийн дараах миний намтар ямар байхыг би төсөөлсөн. Яагаад ч юм надад гунигтай санагдсан” гэж тэрбээр 2015 онд “Forbes Asia” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн аж. Өөрчлөлт хийх анхны алхам нь Стэнфордод элссэн явдал болж. Тэнд эхнэр Ма Лицяньтай танилцжээ. Магийн төгсөлтийнхөнд диплом гардуулах ёслол 2005 онд болж, үүнд Форрест оролцохдоо Стив Жобсын хэлсэн алдартай үгийг сонссон байна. “Өөртөө таалагдах зүйлийг л та олох хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлжээ. Энэ үг цахим тоглоом тоглох сонирхлоо дагах урмыг Форрестод өгч, Магийн хамт Сингапурт очоод, “GG game” компаниа байгуулсан аж. Гэвч энэ нь бүтэлгүйтсэн ч 2009 онд Форрест “Garena” төслөө эхлүүлж, Чен, Е нартай хамтрав. Тэд гурвуулаа эх газрын Хятадаас гаралтай.

Дэлхийн санхүүгийн хямралын дараа Ази тивийнхэн сэхээ авч хараахан амжаагүй байсан тул хоёр дахь компанийн хэвийн үйл ажиллагааг хангах амаргүй байв. Тэд Америкийн “Riot games” компанитай тоглоомын дистрибьюторын гэрээ байгуулж, компанийнхаа 40 хувийг “Tencent”-д (одоо энэ хувь 20 болсон) худалдаж, хөрөнгө оруулах ихээхэн мөнгөтэй болжээ. “Garena” хөгжлийн дараагийн үедээ 2014 онд шилжиж, тус компани төлбөрийн “Air¬Pay” үйлчилгээ нэвтрүүлснээ хожим нэрийг нь өөрчилж, “SeaMoney” болгосон аж. Дараа жил нь цахим худалдааны зах зээл рүү шилжиж, “Shopee” дэлгүүрээ нээсэн байна.

Эдгээр нь Зүүн өмнөд Азид Хятадын “Ali¬baba”, “Tencent”-ийн адил компани байгуулах гэсэн Форрестын төлөвлөгөөний нэг хэсэг байсныг “Sea” группийн ерөнхийлөгчөөр 2014- 2018 онд ажилласан, АНУ-ын харьяат Ник Нэш ярьсан аж. “Зүүн өмнөд Азид гарсан хувьсал нь олон талаар Хятадын туулсан замыг санагдуулж байна. Гэхдээ түүнээс 11 жилийн дараа болсон үйл явдал юм. Форрест Лигийн стратегийн гайхамшиг нь нууц биш. Энэ нь сүлжээ тоглоомын “Tencent”, цахим худалдааны “Aliba¬ba” гэсэн Хятадын хамгийн үнэтэй хоёр бизнес загвартай адил тул ашиглах, дасан зохицох боломж байв.

2017 онд Форрест төлөвлөсний дагуу IPO гаргахын өмнө “Garena”-г “Sea” болгон өөрчилжээ. Шинэ нэр нь тус компанийн гол зах зээл болох Зүүн өмнөд Азийг сануулсан гэнэ. Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Sea” хувьцаагаа гаргаснаар 884 сая ам.доллар босгож, дөрвөн тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй болсон байна. “Цэгүүдийг холбож байна” (Connecting the dots) хэмээн С.Жобс 2005 онд хэлсэн нь “Sea” группийн уриа болсон аж.

“Одоо маш олон хүн гэртээ байж, хоорондоо зай барьж буй үед цахим ертөнцөд нэвтрэх нь тэд бие биетэйгээ харилцах гол арга юм” гэж Форрест хэлжээ. “Garena” гэдэг нэртэйгээ үлдсэн цахим тоглоом бүтээх бизнесийн энэ оны гараа сайн байсан бөгөөд хоёрдугаар улиралд идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 500 саяд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 61 хувиар илүү үзүүлэлт болов. “Бүгд бүгдийн эсрэг” хэлбэртэй, олон оролцогчтой “Free fire” тоглоомын ачаар ийм амжилтад хүрчээ. Хоёрдугаар улиралд энэ нь “Google play store” аппликэйшнүүдээс дэлхий даяар хамгийн их татсан тоглоомуудын жагсаалтын гуравдугаарт бичигдсэнийг “App annie” компанийн судалгаа харуулжээ.

Цар тахлын үед ийм амжилтыг “Shopee” үзүүлсэн байна. Хөл хорионы үед худалдан авагчид интернэтээр дамжуулан хүнс нөөцөлсөн аж. “Хэрэглэгчдийн хувьд гол нь хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах юм” гэж Форрест хэлсэн байна. Хоёрдугаар улиралд “Shopee”-гийн худалдаа өнгөрсөн оныхтой харьцуулахад 110 хувиар өсөж, найман тэрбум ам.долларт хүрсэн бол захиалгын тоо 616 сая болсон нь жилийн өмнөхөөс 150 хувиар илүү үзүүлэлт юм. “App annie”-гийн мэдээлснээр энэ оны эхний хагас жилд “Shopee” Зүүн өмнөд Ази дахь худалдааны аппликэйшнүүдийн дунд ашиглагдсан тоогоор тэргүүлж, дэлхийн шилдэг гурвын нэг болжээ.

“Shopee” сүүлийн таван жил үйл ажиллагаа явуулсан ч урьдын адил алдагдалтай хэвээр байна. Хоёрдугаар улиралд үйл ажиллагааны алдагдал нь 345 саяд хүрчээ. Өмнөх онд эл үзүүлэлт 270 сая байсан. Энэ нь “Alibaba”-гийн “Lazada”, Индонезийн “Tokopedia” (Мөн л “Al¬ibaba” хөрөнгө оруулсан) зэрэг олон өрсөлдөгчийн эсрэг зах зээлээ тогтоон барих ширүүн тэмцэлтэй холбоотой гэнэ. “Shopee”-гийн цэвэр алдагдал нь “Sea” өнөөг хүртэл ашиг олдоггүйн гол шалтгаан юм. Гэтэл “Gare¬na”-гийн үйл ажиллагаа сүүлийн улирлын 384 сая ам.долларын орлогын 167 саяыг эзэлжээ.

Зүүн өмнөд Азийн цахим худалдааны зах зээл тэлсээр буй. Өнгөрсөн онд “Google”, хөрөнгө оруулалтын “Temasek”, зөвлөгөөний “Bain” компанийн бэлтгэсэн илтгэлээс үзвэл тус бүс нутгийн 360 сая интернэт хэрэглэгчийн тал хүрэхгүй хувь нь цахим худалдаа идэвхтэй хийж байна. Тиймээс одоо зах зээлд эзлэх хувь ашгаас чухал гэж Сингапур дахь DBS компанийн Теле харилцаа, медиа, технологийн салбарын судалгааны хэлтсийн дарга Сахин Миттал үзжээ.

“Sea” группийн бизнесийн гурав дахь чиглэл нь “SeaMoney”. Санхүүгийн тоон үйлчилгээ үзүүлэх нь тус группийн хамгийн жижиг салбар бөгөөд хоёрдугаар улиралд 12 сая ам.долларын орлого олсон нь компанийн нийт орлогын нэг орчим хувийг эзэлж байна. “Цахимаар төлбөр хийх нь маш чухал дэд бүтэц” гэж Форрест ярьжээ. Жишээлбэл, өнгөрсөн зургадугаар сард Индонезэд “Shopee”-гийн захиалгын 45 хувийг “SeaMoney”-гоор хийсэн байна. “Google”, “Temasek”, “Bain” компанийн судалгаанаас үзвэл 2025 он гэхэд Зүүн өмнөд Азийн цахим төлбөрийн зах зээл нэг их наяд ам.долларт хүрэх бөгөөд үүнд тус бүс нутгийн нийт төлбөрийн тал хувь ногдох таамаг гарчээ. Коронавирус улам олон хүнийг цахим төлбөрийн хэрэгсэл ашиглахад хүргэнэ хэмээн Форрест найдаж байна.

“SeaMoney” цахим банкны үйлчилгээ явуулах эрхийг оны эхээр хүсжээ. Ингэснээр зээл олгож, хадгаламж авах боломж нээгдэх гэнэ. “Sea” гурван гол салбар болон цахим банкнаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Форрест төлөвлөөгүй аж. Хэтдээ тус компани өргөжин тэлэхийн хэрээр Зүүн өмнөд Азийн хил давна. Цахим тоглоомчдын талаас илүү хувь нь тус бүс нутгаас гадна Энэтхэг, Өмнөд Америк, Орос, Ойрхи Дорнодод буйг Форрест тэмдэглэжээ.

ХӨЛБӨМБӨГ БА ТЕХНОЛОГИ

Форрестын амбиц зөвхөн тоон технологийн салбараар хязгаарлагддаггүй. Тэрбээр хөлбөмбөгийн улаан хөгжөөн дэмжигч бөгөөд Сингапурт эл спортын нэр хүндийг өсгөхөөр төлөвлөж байна. Тус улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооны хувилбараар дэлхийд 157 дугаарт ордог. Сингапурын Хөлбөмбөгийн холбооны зөвлөлд багтдаг Форрест залуу тоглогчдыг дэмждэг. “Хүүхдүүд эл спортыг үнэхээр сонирхож байгаа, бас авьяастай бол энэ замаар замнаж, мэргэжлийн тамирчин болбол сайн, сайхан ирээдүй тэднийг хүлээж буйг харуулахыг хүсэж байна. Европын олон орны хувьд энэ хэдийн бодитой болсон байхад Азид тийм ч тодорхой бус буй” гэж тэрбээр ярьжээ.

Форрест Ли улсынхаа мэргэжлийн “Лайон cити cейлорс” клубээр дамжуулан дэмжлэгээ үзүүлдэг. Тус клубийг “Sea” өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраасаа худалдан авч гэнэ. Энэ нь тус улсын хувьд клубийн анхны хувьчлал болсон аж. Өнгөрсөн зургадугаар сараас клубийн дарга болсон Форрест Ли дэлхийн хэмжээний авьяаслаг залуучууд бэлтгэлээ хийх “Лайон cити cейлорс” төв байгуулахаа зарласан аж.

Цаашдаа Форрест Европын хөлбөмбөгийн клубүүдийг ч авахыг үгүйсгээгүй байна. “Одоогоор манайд тийм төлөвлөгөө байхгүй. Гэхдээ харж л байя” гэж тэрбээр ярихдаа инээд нь хүрч буйг нуугаагүй аж. Хэрэв тийм үйл явдал болбол “Sea”-г үүсгэн байгуулагч нь Европын клубүүдийг эзэмшдэг Азийн магнатуудын шилмэл клубийн гишүүн болно. Одоо тэдний тоонд Сингапурын Питер Лим (“Валенсия”), Малайзын Винсент Тан (“Кардиффc”), Тайландын Айяватт Шриваддханапрабх (“Лестер cити”) нар багтдаг.

Италийн “Ювентус” клубт тоглодог супер од Криштиану Роналдуг Форрест шүтэн биширч, “Барселона”, “Арсенал”-ыг хөгжөөн дэмждэг аж. Өнгөрсөн онд Форрест “Shopee” брэндийн элчээр Роналдуг ажиллуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)