Станцуудад нүүрс нийлүүлэх сонирхлоо илэрхийлжээ

Уул уурхай, хүнд үйлдэврийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай өнгөрсөн амралтын өдөр танилцжээ. Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах тусгай зөвшөөрөлтэй Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордод түшиглэн уурхай, цахилгаан станц, боловсруулах үйлдвэрийн төслийг “Цэцэнс майнинг энд энержи” компани хэрэгжүүлэхээр зэхэж буй юм. Тус компани Бөөрөлжүүтийн ордод жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлох хүчинтай чадалтай уурхай байгуулж, цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Мөн ордын уулын, гидрогеологийн, байгаль орчны, дэд бүтцийн судалгаа хийн, зохих зөвшөөрөл авчээ. Бөөрөлжүүтийн ордын нүүрсний нөөц 3.8 тэрбум тонн. Байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс олборлолт эхлүүлэх зөвшөөрлийг “Цэцэнс майнинг энд энержи”-гийнхэнд 2017 оны наймдугаар сард өгчээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр уурхайгаас олборлосон нүүрсээ цахилгаан станцуудад нийлүүлэх сонирхолтойгоо сайд нарт дуулгасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)