Стандарт, хэмжил зүйн газарт туршилт хийх угаарын хий мэдрэгч ирээгүй гэв

Стандарт, хэмжил зүйн газраас стандарт боловсруулахгүй цаг хугацаа алдаж байна хэмээн мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор мэдээлэл хийлээ.

Хэмжил зүйн газрын дарга Д.Дамбасүрэн хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар туршилт хийх бэлэн төхөөрөмж одоогийн байдлаар ирээгүй. Угаарын хий мэдрэгч нь анх удаа манай улсад орж ирж байгаа болохоор туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулна.

Мөн төхөөрөмжүүд ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулах нь тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг батлавал цаашид хүндрэл, ямар нэг асуудал үүсэхгүй. Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори байдаг. Туршилтыг хийхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгааг хэмжин” гэв.

Угаарын хий мэдрэгчийн стандартыг боловсруулах төсөлд мэдрэгч төхөөрөмж нь дотоод орчинд угаарын хийн концентраци 30 ppm болоход 120 минут, 50 ppm болоход 60 минутын турш түгшүүрийн дохио өгч, 100 ppm болсон үед 10 минутын турш дохио өгдөг байхаар боловсруулжээ. Харин ppm нь ямар түвшинд байх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тэд тодорхой хариулт хэлсэнгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)