“Стандарт” банканд төлөх өрийг шийдвэрлэсэн гэв үү

Г.Равжаа

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч гол эх үүсвэр байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 100 гаруй сая ам.доллар залилсан хэргийн дуулиан одоо болтол үргэлжилсээр буй. Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу уг зээлийг “Эрдэнэт үйлдвэр”, Засгийн газар төлөхөөр болсон билээ. Тус банк манай Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд ирүүлсэн түүхтэй. “Өмнөд Африкийн “Стандарт” банк үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондоны олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны долдугаар сарын 27-нд тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийт 44.3 сая ам.доллар гаргуулан “Стандарт” банканд олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг ч Английн Худалдааны шүүх хангаж шийдсэн байдаг.

Харин манай Засгийн газраас дээрх банктай 2018 оноос хойш хэлцэл хийж, үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох талаар ярилцаж, тохиролцоонд хүрснийг эх сурвалжууд батлав.

Нэлээд урт хугацааны яриа хэлэлцээний үр дүнд нэхэмжлэгч тал 60 гаруй сая ам.доллар аваад асуудлыг нэг тийш нь болгох санал тавьсан сурагтай. Хэлцлийн дүнд 40 гаруй сая ам.доллар “Стандарт” банканд төлж, хаахаар болсон гэх мэдээлэл байгаа юм. Энэ тухай ирэх долоо хоногт Засгийн газрын гишүүд олон нийтэд танилцуулна гэдгийг мэдээлэлд ойр эх сурвалж баталлаа. Одоогоор үүнийг ихэд нууцалж буй аж.

Өдгөө шүүхийн хяналтад буй “Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”- ийн захирал асан Ч.Ганзориг, хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, “Алтжин групп”-ийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд энэ хэлцэл их ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банканд төлөх өрийг Засгийн газар бус, буруутай байж болзошгүй Ш.Батхүү нараар төлүүлэхээр тохиролцсон бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)