Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил өрнөж байна

Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажлыг нийслэлийн хэмжээнд хийж байна.

Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгөх ажил өрнөсөн бөгөөд явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн газар болон барилгын түр хашааг буулгах, стандартын шаардлагад нийцүүлэх ажлуудыг явуулж байна.

Явцын талаар товч дурдвал:

  • БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулган, авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа.
  • БЗД-ийн 22-р хорооны Ойн бүргэд ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйлчилгээний төвтэй 288 айлын орон сууцны барилгын гадна хашааг албадан буулгаж стандартын шаардлагын дагуу шинээр хийх үүрэг өгч ажлыг эхлүүлээд байна.
  • БЗД-ийн 5-р хорооны Сэнгүр горхи хотхоны баруун талд шаардлага хангаагүй барилгын түр хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлөв.
  • БГД-ийн 4-р хорооны хойд талд байрлах явган зорчигчийн зам хааж тагласан гражыг тус дүүргийн газрын албатай хамтран буулгав.
  • БГД-ийн 5-р хорооны Тэмүүлэл хотхоны хойд талын граж яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад учруулж байсан тул буулгав.
  • БГД-ийн 15-р хороо, 40-р сургуулийн хойно иргэн Лхагвасүрэнгийн барилгын түр хашааг стандартын дагуу болгох зорилгоор буулгах ажлыг тус тус эхлүүллээ.
  • БГД-ийн 7-р хорооны үйлчилгээний зориулалттай барилгын гадна хашааг буулгаж байна.

Албадан буулгах ажил өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)