Стандартгүй хогийн сав төсвийн дайсан

Нийслэлийн ЗДТГ-ын байр буюу “Хангарьд” ордны гадна саяхан байрлуулсан мэт гял цал хогийн сав байх аж. Тулж очин тухлаад нүүрээ ч будаж болохоор цэвэрхэн, үзэмжтэй. Хаягдлыг энгийн, дахивар (шил, лааз, хуванцар, төмөр) гэж ялгах хос савтай. Хоёр, гурван метрийн зайтай байрлах тэдгээр сав дээр “Татсан тамхины иш, хог хаягдлаа зориулалтын саванд хийж өөрийгөө болон бусдыг хүндэлье” гэжээ. Ойр орчимд нь дүрэмт хувцастай олон хүн тамхилдаг хэдий ч хогийн савны ойролцоо янжуурын ганц иш байтугай үнс ч харагдсангүй. Тэндээс хэдхэн алхмын цаана байх Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд төмөр суурь, таглаатай, модон хогийн савнууд бий. Хэрэглэгчдэд зориулсан элдэв сануулга, зөвлөмж дээр нь байхгүй. Ангилан ялгах зориулалтгүй дан савтай. Сав болгоны ойролцоо 2-3 “манаач” зогсох бөгөөд тэдний ул мөрийг илтгэх тамхины иш, бохь, шүлс нүдэнд тусна. Тус хүрээлэнгээс баруун урагш эргэж, “Хүнсний 20”-иос Улсын их дэлгүүр хүртэл алхлаа. Хаалга, таглаа нь яйжийж, хугарсан, суурь нь ганхаж, бэхэлгээ нь суларсан, тоос шороонд дарагдаж, нус, шүлсээр будагдсан, юу юугүй салаад унах нь уу гэлтэй хогийн сав тэр хавьд олон. Ангилан ялгах тэмдэглэгээтэй нь ховор байв.

“Мэргэжилтний 20”-ийн автобусны буудал дээрх хогийн савны суурийг нь салгаж, хаалгыг нь эвджээ

Хувийн болон ажлын шугамаар байнга шахам явдаг энэ замаар тэс өөр зорилготой алхахдаа өмнө нь анзаараагүй зүйлсээ олж харлаа. Эзэнтэй зүйл гэдэг ондоо аж. Аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн хогийн савнууд цэвэр цэмцгэр, тэр ч бүү хэл, ойр орчимдоо өнгө үзэмж нэмж байхад олон нийтийн эзэмшлийнх нь эсрэгээрээ. Тамхины иш, нус, цэр, хог хөглөрсөн. Хогийн сав нь өөрөө хог болж харагдахаар үзэмжгүй, бохир. Заримыг нь газарт бат бөх бэхэлж суурилуулсан байхад нөгөө хэсэг нь хүний хөл хүрэв үү, үгүй юү, ойчихоор “туниагүй” харагдана.

ШИНЭ СТАНДАРТ БАТЛАВ

Хогийн савнууд энэ мэтчилэн хувийнх, “хувьсгалынх” гэж өнгө үзэмж, чанараараа ялгарах ёстой юу. Стандарт, журам гэж бий юү. Нэгэнт стандарт хангасан савнууд яагаад ийм амархан эвдэрч сүйдээд байгааг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга О.Оджаргалаас лавлахад “Манай байгууллага 2019 онд нийслэлийн 34 дэх агентлаг болон байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь эд хогшил, иргэдийн аюулгүй байдалтай холбоотой 5400 гаруй гомдол бидэнд ирүүлсний зонхилох нь хогийн сав, ногоон байгууламжийн тухай байв. Энэ хүрээнд хийсэн хяналт шалгалт, судалгааг үндэслээд 2020 онд гурван баримт бичиг боловсруулсны дотор хогийн савны стандарт багтсан. Уг стандартыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас мөрдөж байна” гэв.

2017 онд шинэчлэн баталсан Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд хогийн саванд тавигдах шаардлагын талаар тусгасан. Үүнд, хаягдлыг ангилан ялгах, ачих, цуглуулах технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийсэн, хог салхиар тархаж, шүүрэл ялгарахаас сэргийлсэн шийдэлтэй байна хэмээн тусгасан. Гэвч энэ хууль төдийлөн хэрэгждэггүй, зэвэрч гундсан, эвдэрхий хогийн сав элбэг болсон нь үүний үр дүн гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрлөө. Харин дээрх агентлагаас сүүлд баталсан стандартад хогийн савны материал, багтаамж, суурилуулалт, тэмдэг, тэмдэглэгээ гээд илүү нарийвчилсан шаардлага тусгажээ. Тэр ч бүү хэл, урт, өргөний хэмжээг ч заасан байна. Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайд байршуулах хогийн савны өндөр нь 1050, өргөн нь 450, урт нь 400-500 мм байх ёстой. Өнгө үзэмж, чанарын үзүүлэлтэд ч “Хогийн савны металл хийц хэсгүүдийг зэвэрдэггүй материалаар хийнэ. Эсвэл зэврэхээс хамгаалсан түрхлэг ашиглана” гэжээ. Ийм стандарттай болсноор хогийн савны чанар сайжирна гэж найдаж буйгаа мэргэжилтнүүд онцолсон юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хогийн савыг тухайн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хариуцдаг. Зөвхөн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хогийн сав 3000 гаруй бий гэнэ. Нэг дүүрэг дунджаар 500 гаруй хогийн савтай гэсэн үг. Үйлчилгээний ажилтнууд тэр бүгдэд санаа тавьж ажиллах нь хэцүү гэдгийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн хэллээ. Тэд “Хогийн савтай холбоотой зөрчил түгээмэл. Эвдэж сүйтгэнэ. Зарим нь аваад явчихна. Өдөр болгон нэгбүрчлэн бүртгэх аргагүй учраас их хэцүү. Хагас жил тутамд бүртгэл, тооллого хийдэг” гэв. Сонгинохайрхан дүүргийн ТҮК-ийн ажилтан Б.Алтандуулга “Хогийн саванд зөвхөн хаягдал хийдэггүй. Гудамжны хүмүүс бааж, шээх нь энүүхэнд. Шингэн, хүнсний хаягдал хийгээд байхаар зэвэрч, өнгө алдана. Зарим нь төмөр авдаг цэгт өгөхөөр санаархдаг шиг байгаа юм. Суурь нь салахгүй болохоор эвдчихдэг. Хогийн савыг зориулалтаар нь ашиглаж чаддаггүй хүмүүст арга хэмжээ авч, торгодог болмоор байна. Тэгвэл бидний ажил ч хөнгөрнө” гэлээ.

ТЭД ТАТГАЛЗАЖ, БИД НАЙР ТАВЬСААР

Манайхны олонх нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав зайлшгүй байх ёстойг хүлээн зөвшөөрдөг. “Энд хогийн сав алга” хэмээн зарга мэдүүлэх нь ч энүүхэнд. Гэтэл хог хаягдлын менежмент сайтай, хөгжингүй зарим оронд эсрэгээрээ. Гудамж, талбайд хогийн сав байх шаардлагагүй гэж тэд үзэх болжээ. Үүгээрээ “Бид хогоо ил, задгай хаядаггүй хотын соёлт иргэн” гэдгээ тунхаглаж байна. Улмаар хогийн саванд зарцуулах хөрөнгөө хэмнэдэг. Гэтэл Монголд зөвхөн нийтийн эзэмшлийн хогийн савыг шинэчилж, засаж сайжруулахын тулд жил бүр багагүй хөрөнгө төсөвлөдөг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилтын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм “Бид жил болгон нийслэлийн гудамж, талбайд хогийн сав шинээр байршуулдаг. 100, 200 метр тутамд хогийн сав суурилуулна гэвэл нийслэлийн төсөв хүрэхгүй. Тиймээс энд л хогоо хаяж магадгүй гэсэн газарт тавьдаг. Яг үнэндээ хогийн сав тав, тавь байсан ч ялгаагүй. Иргэд хогоо хаясаар л байна” гэв. Хогийн саванд жилд хэчнээн төгрөг төсөвлөдгийг түүнээс лавлахад “Яг төд гэж тоо хэлэх боломжгүй” гээд өөр нэг мэргэжилтний дугаар өгөв. Харин өнөөх мэргэжилтэн нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар луу чиглүүлэв. О.Оджаргал “Манайх зөвхөн стандарт, баримт бичиг боловсруулж, түүний хэрэгжилтийг хянадаг. Төсөв, зарцуулалттай холбоотой нарийн мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэдэг” гээд өөрсдөөсөө зайлууллаа. Дүүргүүдийн ЗДТГ-ынхан ч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тохов. Ингээд энэ асуулт эзэнгүйдэв.

Хогийн сав шинээр байршуулах, засаж, шинэчлэхэд зарцуулах хөрөнгийг нийслэл, дүүргийн төсөвт суулгадаг. Захиалагч нь нийслэл, эсвэл дүүрэг байхаас хамаараад техникийн тодорхойлолт бичиж, тендерээ зарладаг байна. Өөрөөр хэлбэл, “Ийм өнгөтэй, тийм материалаар хийсэн, төдөн ширхэг хогийн сав авна” гээд тендерт оролцох хувь хүн, байгууллагынхныг урьдаг.

Яг энэ дагуу зарласан хэд хэдэн тендерийн мэдээлэлтэй танилцлаа. Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан орон сууцны хороололд хог ангилан ялгах хогийн сав суурилуулах ажлын тендер зарласан нь 480 сая төгрөгийн төсөвтэй байв. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГ-аас энэ сарын 9-нд зарласан нийтийн эзэмшлийн сууцууд дунд хогийн сав байршуулах ажлын төсөв 32.5 сая төгрөг аж. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн савнууд шинээр байршуулж, засаж сэлбэхэд чамгүй хөрөнгө зарцуулдаг гэдгийг эдгээр тендерээс тодорхой харж болохоор. Тиймээс л мэргэжилтнүүд нь мэдээллээ нууцалж, “Иргэд хогийн саванд хайр гамгүй ханддаг учраас жил болгон засаж, шинэчлэхээс аргагүй” гэж зөвтгөж буй биз ээ.

“Хогийн савныхаа чанарыг сайжруулаад, зарцуулах хөрөнгийг нь хэмнэж болохгүй юу” гэж дээрх мэргэжилтнүүдээс асуухад “Бид хуулийн хүрээнд л ажиллаж байна. Иргэд хогоо ангилан ялгаад хэвшчихвэл мэдээж энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ багасна. Одоохондоо манайхны экологийн боловсрол тийм ч сайнгүй тул хэвшүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч байна” гэсэн нийтлэг хариулт хэлэв.

Хөгжингүй орнууд хог хаягдлын асуудлаа хэрхэн шийддэг, тэр дундаа, нийтийн зээмшлийн гудамж, талбайд иргэдийн хандлага ямар байдаг талаар гадаадад ажиллаж, амьдардаг монголчуудаас лавлалаа.

Б.ЦОВООЛОГ: ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР НЬ АЙЛУУДЫН ДУНД БАЙРЛАДАГ

-Би Токиод ирээд хоёр жил гаруй болж байна. Хамгийн их хүн амтай гэгддэг энэ хотын төвд хогийн сав бараг харагддаггүй. Метроны буудал болон 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд л хог ангилан ялгах сав бий. Ингэхдээ хаа сайгүй биш, орох, гарах хаалганы дэргэд байршуулдаг. Зарим метроны буудалд хогийн сав олддоггүй. Хогоо ангилан ялгаж, хуваарийн дагуу зөв газарт хаях нь япончуудын хувьд өглөө бүр шүдээ угаадаг шиг амьдралынх нь нэг хэвшил болсон. Хог боловсруулах үйлдвэр нь айлуудын дунд байрладаг. Яндангаас нь тунгалаг утаа гардаг. Маш нарийн технологиор, олон шат дамжлагатай боловсруулдаг юм билээ. Хогоо шатаасан үнсээр нь тоосго хийх технологи хүртэл боловсруулсан. Ийм аргаар хийсэн тоосго энгийнээс хэд дахин бат бөх болдог талаар тайлбарлаж байв. Хаягдлыг ул мөргүй болтол нь боловсруулж, ашиглах технологийг япончууд нутагшуулахаар зорьж байна.

Ч.ЦЭРМАА: ӨРХ БҮР ХОГИЙН САВ ХУДАЛДАЖ АВААД, ТҮҮНИЙГЭЭ АШИГЛАДАГ

-Германчууд дүрэм, журмыг маш сайн дагадаг. Энд хуванцар болон нийлэг хогийг шар, энгийн болон картон цаасыг цэнхэр, хоол хүнсний үлдэгдлийг хар шуудайнд хийдэг. Хаягдал шил, хуучин хувцсыг тусад нь өөр газарт аваачна. Гэрийн хуучин тавилга зэрэг овор ихтэй хаягдлыг айл бүр жилд нэг удаа хогийн машинд дуудлагаар үнэгүй ачуулах эрхтэй. Сүүлийн үед сав, баглаа боодлоос татгалзаж, бүтээгдэхүүнээ задгайгаар, эсвэл сав, шилээ өөрсдөө авчирч авах болсон. Хуванцар, цаас хэрэглэдэггүй жишиг өрхүүд бий болж байна. Айл бүр хот тохижуулах газраасаа хогийн сав худалдаж аваад, түүнийгээ насаараа хэрэглэдэг. Би Германд 20 жил амьдрахдаа гудамж, талбайд байршуулсан хогийн савыг сольж, сайжруулахыг үзсэнгүй.

С.ТУУЛ: ХОГИЙН САВ ДҮҮРЭХ НЬ ХОВОР

-Би БНСУ-ын Чонжу хотын Чонбук их сургуульд сурдаг. Хотын гудамж, талбайд хогийн сав олон байдаггүй. Албан байгууллага, хоолны газар, кофе шопууд нь бүгд хогийн савтай. Хүмүүс байнга очдог цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хогийн сав цөөн байдаг. Хог дүүрэх нь ч ховор.

Б.ГАНПҮРЭВ: ЭНГИЙН БОЛОН ДАХИВАР ХОГИЙГ ХУВААРИЙН ДАГУУ ХАЯДАГ

-Би Японы Фүкүокад гурван жил ажиллаж байна. Эндхийн иргэд хогоо тогтмол ангилж, хуваарьт өдрөө хаядаг. Жишээлбэл, мягмар болон баасан гарагт зөвхөн энгийн хог хаяна. Өөр нэг өдөр нь шил, лааз, хуванцраа ачуулна. Ингэж хаяхдаа шилнүүдээ усаар зайлж, цэвэрлэдэг. Мөн дээрх бичгийг нь үрж, арилгадаг юм. Би саяхан цэвэрлээгүй бохир шил аваачиж тушаахдаа үнэхээр их санаа зовсон. Хүнд төмөр, металл эд зүйлсийг сардаа нэг удаа машинууд ирж, цагаан хоолойгоор зарлаж авдаг. Гудамж болгоны үзүүрт том сараалжин хогийн сав байрлуулсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)