Спорт танхимуудыг үнэгүй ашиглуулна

спорт заал

Монголын тамирчдын болон Олон улсын олимпын өдөр энэ сарын 22-нд тохионо. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд олон арга хэмжээ болох нь. Биеийн тамир, спортын газрынхны мэдээлснээр амжилт гаргасан тамирчдаа алдаршуулах, спортоор хичээллэхийн ач холбогдлыг таниулахын сацуу олимпизмыг сурталчлах үйл ажиллагааг орон даяар зохиох аж. Тухайлбал, Монголын үндэсний олимпын хорооны музейг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. 

Түүнчлэн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн спорт танхимуудыг иргэд үнэгүй ашиглах боломжтой гэсэн. Өдөрлөгийн үеэр “Токио олимп” сангийн шилжин явах цомыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт гардуулах юм. Улмаар тус цомыг 21 аймгаар аялуулж, 2020 оны Токиогийн олимпод оролцох баг тамирчдын бэлтгэлийн болон ёслолын хувцас, эм хангамж, санхүүгийн дэмжлэгт хувь нэмэр оруулахаар хандивын аян эхлүүлэх гэж буйгаа албаныхан онцоллоо.

Өдөрлөгөөр иргэдэд биеэ хэрхэн, зөв хөгжүүлэх тухай эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм байна. Төв талбайд соёл, урлагийн тоглолтоос гадна арав гаруй спорт хороо, клуб үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн спортын чиглэлээр ажилладаг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа танилцуулах гэнэ.

Э.Намуунцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)