Спорт авиралт хөрш орнуудад

БНХАУ-ын спорт авиралтын шигшээ багийн тамирчид Бээжин дэх бэлтгэлийн төвдөө байрлаж, жилийн турш сургуулилалтаа базааж буй. Энэ нь бусад орны багтай харьцуулахад давуу талтай. Токиогийн олимпын наадамд оролцох эрх авсан тамирчид нь тодорсон тул бүр ч чухал ач холбогдол өгч байгаа юм.

ОХУ-ын спорт авиралтын шигшээ багийн тамирчдын хувьд өөрийн дэвжээнд зохиох Европын АШТ-д ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ оны эцсээр Москвад ЦСКА клубийн хөнгөн атлетикийн зааланд дээрх тэмцээнийг хийхээр бэлтгэлээ хангажээ. Тус улсын тамирчид олимпод оролцох ганц эрхтэй тул нэмж авахаар чармайж байгаа юм.

Тус улсын Спорт авиралтын холбоо (ОСАХ)-ны тэргүүн Токиогийн олимп хойшилсон нь тэдэнд ашигтай тусна гэж үзэж байна. Бэлтгэлээ базаах, дасгал сургуулилалтын явцад гарсан алдааг засах, материаллаг баазаа бэхжүүлэхэд нь нэмэлт цаг хугацаа олдож байгаа бололтой. Тэд өөрийн давуу төрлийг хурд, харин техник болон боулдерингээр тэргүүлэх орнуудаас тамирчдын ур чадвараар хоцорч яваа гэж үзэж буй. Одоогоор бэлтгэлийн баазууд хаагдсан тул тус улсын шигшээ багийн тамирчид өөрийн муж, хотуудад бэлтгэл хийж байна. Тухайлбал, Тюменьд хурдны төрөлд хүч сорих тамирчид бэлтгэлээ базааж буй аж.

ОСАХ-ноос гэрийн нөхцөлд бэлтгэл хийхэд зориулсан кампусборд, системборд зэрэг багаж, хэрэгсэл худалдан авч шигшээ багийн тамирчдад өгч байгаа юм. Түүнчлэн нөөц тамирчдад ч олгох нь. Тус холбооноос Спортын яамтай хамтран цаашид шигшээ багийн тамирчдыг бэлтгэлийн баазад тусгаарлаж, нэгдсэн цугларалтад гаргахаар төлөвлөж байгаа мэдэгдсэн.

ОХУ-ын Москва хот, Армийн спортын төв клуб (ЦСКА)-ийн спорт авиралтын төвийг ирэх жил нээхээр төлөвлөжээ. Дэлхийд тэргүүлэх байгууламжийн зураг төслийн ажил сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өрнөж, таван мянган ам.метр талбайтай авиралтын хананууд сүндэрлэх нь. Эдгээрт зориулж 10 мянга гаруй ширхэг ханын хавтан, 50 мянган барьц угсрах юм. Спорт авиралтын үндсэн заалны өндөр нь 20 мерт. Өдөрт 600 хүн хүлээн авах чадалтай. Төвийн үндсэн заал тэмцээн болон бэлтгэл зэрэг хийх боломжтой. Дэлхийн цом, Европын АШТ-ийг хүлээн авч, үзэх 1500 үзэгчийн суудалтай. Зургаан давхар байгууламж нь сонирхогчоос эхлээд мэргэжлийнхэнд зориулсан бэлтгэлийн танхимтай. Гадна авиралтын хананууд барьж байгаа тул зуны улиралд тэмцээн зохиож болно. Түүнчлэн залуус, өсвөр насныханд зориулсан авиралтын хана олон байршилд төлөвлөгджээ. Шинэ төвдөө ОСАХ төвхнөнө.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны шийдвэрээр Спорт авиралтын төв байгуулж байгаа бөгөөд энд тус улсын арми, улсын шигшээ багийн тамирчид хичээллэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)