Спортын хорхойтон үйлдвэр байгуулжээ

Шатны хонгилд гуч орчим жилийн хугацаанд спортын хувцас оёсон нэгэн гэр бүлийнхэн саяхан өөрийн гэсэн үйлдвэртэй болжээ. Зорилгынхоо төлөө тууштай ажилласнаар тэд өдгөө 60 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бүрдүүлсэн байна. Одоогоор үйлдвэрт нь 10 орчим оёдолчин ажилладаг. “ЖДҮХС-гаас зээл авах гэсэн ч бүтээгүй. Банкнаас өндөр хүүтэй зээл авч үйлдвэрээ нээлээ. Гэтэл Монголд ажил хийх хүн олдохгүй нь” гэж тус үйлдвэрийн захирал С.Ганзориг ярив. 

Сүхбаатар дүүргийн XX хорооноос 200 гаруй метр зайд байрлах СОМО үйлдвэрт ажил ид өрнөж байв. С.Ганзоригийн гэргий Ц.Цэрэнсодном өглөө эртлэн босож ажилчдынхаа ундыг бэлтгэн, өдөр нь индүүдлэг, эсгүүр гээд олон ажил амжуулдаг аж. Оройн хоолыг мөн л тэрбээр хийнэ. Тэгэхээр тогооч, угаагч, оёдолчин, эсгүүрчин, индүүдэгч зэрэг олон мэргэжил эзэмшжээ. С.Ганзориг ч ялгаагүй. Үйлдвэрийн нэг, хоёрдугаар давхарт агуулах, хувцас солих, эсгүүр хийх, оёдлын өрөө байна. Тэнд оёдлын машины чимээ 07.30-20.30 цаг хүртэл тасрахгүй. Ажлын ачаалал их, сардаа хангалттай цалин авдаг гэж үйлдвэрийн ажилчид өгүүлж байв. Тамирчны нэр, хувийн дугаарыг бэлтгэлийн хувцас дээр наах, будах, хатгаж оёх гэсэн гурван аргаар бэхэлдэг юм байна. Цаашид шүрших технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Гуравдугаар давхарт захиалга авах, уулзалтын өрөө байна. Дөрөвдүгээр давхарт спортын танхим, саун байгуулах гэнэ. Үйлдвэр нь хотын төвөөс зайтай учраас тус компанийн захирал өглөө, орой ажилчдадаа унаагаар үйлчилдэг аж.

С.Ганзориг спортод хорхойтой нэгэн. Тиймээс ирэх сард болох “Гурвын эсрэг гурав” гудамжны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын хувцсыг үнэгүй оёж, өгөх гэнэ. Хувцасныхаа материалыг “Adidas” компаниас захиалж авчирдаг юм байна. Гарсан өөдсөөр нь улавч, бээлий зэргийг хийдэг тул хаягдал бараг гардаггүй гэсэн.

Бас нэг таатай мэдээ дуулгахад, Олон улсын сагсан бөмбөгийн холбооныхон тэдний оёсон хувцсыг музейдээ ирэх зургадугаар сард байршуулах болсон гэнэ. Ингэснээр Монголын хувийн хэвшлийнхний хувцасны чанар, загвар “Adidas”, “Nike” брэндийн хувцаснуудтай “мөр зэрэгцэнэ” гэсэн үг. Үүнээс гадна монгол сагсан бөмбөгчдийн өмссөн хувцасны загварыг олон улсад таниулах ач холбогдолтой ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)