Соёл урлагийн салбарын удирдах ажилтнууд номын дуу сонсож байна


БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газраас санаачлан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн менежерүүдийг хамруулсан “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-Удирдахуйн шинэлэг хандлага II” сургалт зохион байгуулж байна. 

Сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд “NCS” компанийн гүйцэтгэх захирал, “Мобиком”-ын гэдгээр олонд танигдсан Д.Болор , “Голомт” банкны хэлтсийн захирал Н.Тэгшжаргал нар багшилж буй юм. “Nomadico business center”-д эхэлсэн уг арга хэмжээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, “Креатив даймонд” ХХК-тай хамтран явуулж байна. 

Тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнгээс яагаад бизнесийн салбарын лекторуудыг урьсан талаар асуухад “Төрийн ч, бизнесийн ч салбарын байгууллагын аль алинд удирдлага, хүний нөөцийн бодлого байдаг. Удирдах гэдэг нь хүнтэй хэрхэн ажиллаж, байгууллагыг амжилтад хүргэх тухай асуудал учраас энэ чиглэлийн олон жилийн туршлагатай, илтгэх ур чадвар сайтай хүмүүсээс сонгож урьсан” гэлээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах шаардлагын талаар тус яамны мэргэжилтэн Б.Баяраагаас тодрууллаа. Тэрбээр “Манайх СУИС-тай хамтарч соёл урлагийн салбарын хүний нөөцийн томоохон судалгаа хийхэд манай салбарт өнөөдрийн байдлаар 5496 хүн ажиллаж байна. Тэдний 668 нь ойрын таван жилд тэтгэвэрт гарах насны хүмүүс. Тэднийг ажлаа өгөхөд оронд нь ажиллах залуус байна уу, байсан ч цалин голоод ирдэггүй тал байдаг. 

Тэгвэл төрийн энэ салбарын ажлыг доголдолгүй явуулахын тулд ажиллах хүмүүсийг хэрхэн татах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Үүнээс үүдэн, тэгээд ч олон жил ужгирч ирсэн, соёл урлагийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх арга замыг хайж, асуудал оруулснаар амжилт олсон. Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд тогтоол гаргаснаар  соёл, урлагийн байгууллагын ажилтнуудын цалин багш нарынхтай дүйцэхүйц болж ирсэн. 

Дарга нарынх бол хэвээрээ, ажилтнуудынх нэмэгдсэн. Театруудын ерөнхий найруулагч, балетмейстер, бүжиг дэглээч гэх зэрэг удирдах ажилтнуудын цалин 150-192 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн бас нэг дэвшил бол төв болон орон нутгийн байгууллагуудын ялгааг арилгасан. Уран бүтээлчид ур чадвараар л өрсөлдөх болж байгаа юм. Энэ бүхнийг соёл урлагийн салбарын хүний нөөцийн судалгаа хийснээр гаргаж ирж, асуудал болгон шийдвэрлэсээр байна.

Судалгаа хийснээр салбарт юу болж байна, хаана алдаа дутагдал байна, бодлогын түвшинд хэрхэн засаж сайжруулбал зохилтой вэ гэдэг харагдсан л даа. Уран бүтээлчдийг цалин талаас дэмжээд өглөө. Дараагийн асуудал бол соёл урлагийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагаа. 

Үүнийг хангахын гол үндэс нь удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах юм. Энэ хүрээнд эхний ээлжинд удирдах ажилтнуудад байгууллага удирдах ур чадвар, хүний нөөцийн бодлогодоо шинэ цаг үеийн шаардлагын үүднээс, шинэлэг арга барил, сэтгэлгээгээр хэрхэн хандах талаар номын дуу сонсгож байгаа юм” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)