Соёл, урлагийн арга хэмжээ наадмаас дутахгүй чирэгдүүлэх нь

Наймдугаар сарын 13 болж, 17 хоногийн дараа орон даяар сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэн бум бужигнаж, түм түжигнэх гэж байхад аймгийн төвүүд эл хуль хэвээр. Аль ч аймгийн төвийн нэг захаас нь ороод, дундуур нь бүтэн цаг холхиж гараад, оройхон буцаж ирэхэд оршин суугчид нь харагдахгүй. Хаана ч ийм байгаа талаар орон нутагт зорчигчид ярьж, зарим нь гайхаж байна. Хүмүүс нь хаачсан бэ. Амарсан, хөдөө, гадаад явсан, эсвэл нийслэлийг зорьсон. Хүүхдүүдээ сумдад буй аав, ээж, ах дүүс рүүгээ явуулсан, эсвэл Улаанбаатар руу илгээсэн.

Аймгийн төвүүдэд гар урлал төдий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг цехүүдэд тав, гурван хүн хуруугаа хөдөлгөж суугааг эс тооцвол ажиллаж буй үйлдвэр, аж ахуйн газар бараг үгүй. Хүнсний үйлдвэрлэл эрхэллээ гэхэд бүтээгдэхүүн нь борлогдохгүй. Яагаад гэвэл худалдан авагч байхгүй. Тийм болохоор хэдэн зуу, мянган км-ийн хол байсан ч дэлгүүр, мухлагт нь нийслэлийн хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн байдаг. Талх нь хатаж, боовны хугацаа тулсан байх жишээтэй. Бод мал гаргасан нэг нь гэдсийг нь шууд хаяж байна. Нохой ч идэж барахгүй. Адууны гэдэс гэдэг нь өнөөх хотынхны уралдаж, булаацалдаад байдаг умс, хятай шүү дээ. Гэтэл түүнийг боловсруулаад хүн ам олонтой нийслэлд худалдах сонирхол, сүйхээтэй хүн байхгүй.

Орон нутгийнхны налайсан энэ байдалд нэрмээс болдог нэгэн хүчин зүйл нь дуу дуугаа авалцан болдог наадам, соёл, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ юм. Аймаг, сумд наадмаа хийлгүй л яах вэ. Гэхдээ Засгийн газрын тогтоол ёсоор наймдугаар сарын 1 гэхэд бүхнийг зогсоосон байх учиртай. Гэтэл тогтоолыг тоож, хэрэгжүүлж, санаж байгаа аймгийн болон сумын Засаг дарга нэгээхэн ч алга гэлтэй. Зүй нь бол өвлийн бэлтгэлийг сайтар хангах зорилготой намрын ажлаа цаг алдалгүй эхлүүлэх ёстой билээ. Уламжлал ч хэзээнээс нааш ийм л байсан. Гэтэл өдгөө наадам, наадам, бас дахин наадам гэсэн зарчмаар “ажиллаж”, аймгаас аймаг, сумаас сум дамжин наадаж, баярлах болов. Соёл, урлагийн ийм ч брэнд, тийм ч эвент гэх арга хэмжээ хаа сайгүй. 

Эдгээрийг зохион байгуулагчид нь “Бид орон нутгийн онцлогийг тусгасан, хол, ойрын зочин, гийчин, дотоодын болон гадаадын жуулчдад зориулж нутаг орноо сурталчилсан, ард иргэдийнхээ танин мэдэхүй, ерөнхий мэдлэг, хөгжлийг дэмжсэн соёлын арга хэмжээ, урлагийн тоглолт зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнд малчдыг төдийлөн хамруулдаггүй. Тэд өөрсдийнхөө ажилд хянуур, хариуцлагатай байвал л боллоо” гэх байх. Гэхдээ л арга хэмжээнийхээ нэр хүндийг өсгөх гэсэндээ тэр үү, олны анхаарал татах гэж юм уу наадам, найр, хурим, ургийн баяраар дээд хоёр нас, үгүйдээ л даага уралдуулж уяачдыг, улмаар малчдыг уруу татаж л байна. 

Аймгийн төв, сумд ямар нэг баяр, наадам болж байхад чихээ бөглөөд, нүдээ аниад сууж байх хүн үгүй учраас бүгд л их, бага хэмжээгээр татагдаж, гэгэлзэнэ. Машинаа асаагаад, эсвэл мориндоо мордоод найз нөхдөөрөө дарвиад зориод очно. Ингэсээр байгаад хадлан болон өвлийн бусад бэлтгэл ажил оройтдог болсон. Түрүү жилийн их бороо намар эртийн хяруутай залгаад юу боллоо доо. Хадлан оройтож, тариа хураалтад хүндрэл учирч байлаа. Энэ жил ч мөн бороо ихтэй байна. Намар, өвөл болдгоороо болно. Найр, наадам ихэссэний гор ч гарах л байх.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх түрүү жилийн долдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны үеэр “Наймдугаар сарын 1-нээс өмнө бүх найр, наадмыг дуусга. Цаашид ч энэ журмыг баримтална” гэж “тушаал” буулгаж байлаа. Баян-Өлгий аймагт болсон үертэй холбогдуулан ийнхүү үүрэгдсэн юм. Гэтэл энэ жил Ерөнхий сайд үүрэгдсэнгүй. Аймаг, сумынхан ч найр, наадмаа зогсоолгүй наймдугаар сарын 11 болголоо. Наадам, элдэв эвент арга хэмжээний давлагаа энэ өдрүүдээр дуусгавар болсон гэж найдъя. Хэрвээ наймдугаар сарын 1-нээр наадмыг дуусгасан бол тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Баянчандмань сумд болсон овооны наадмын үеэр болсон морины уралдаанд унасан хүлгээ түрүүлүүлж чадаагүй гэсэн шалтгаанаар 10 настай хүү морины эзэн уяачид гараа хуга цохиулахгүй байлаа. Орон нутагт, төв суурин газар хооронд зам, тээврийн осол өдөр бүр шахам гарч байгаа нь жолооч нарын хариуцлагагүй байдлын зэрэгцээ орон нутагт болж буй найр, наадам, элдэв арга хэмжээ нөлөөлж л буй.

Зуны сар цөөн. Уудам орныхоо өнцөг булан бүрт амьдран суудаг, ажиллаж хөдөлмөрлөдөг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад хийж амжуулах, бусдад үзүүлж, харуулах ажил бишгүй л байх. Гэхдээ үүнийг зургаа, долдугаар сард багтааж зохицуулдаг байгаасай. Наймдугаар сард аймаг, сумд, ард иргэд, малчдад өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар базаах хугацаа олгоосой. Үүнийг л сануулах гэлээ. Түүнээс биш аймаг бүрийн, хүн ам, оршин суугчдынхаа яс угсаа, угсаа гарвал, аж ахуй, байгалийн онцлогт суурилсан, тэдгээрийг тусгасан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ явуулдаг болсныг сайшааж буй юм.

Ганцхан аймгаар жишээ авъя. Хэнтий аймгийнхан 2019 оны эхний хагаст ийм олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулжээ. Галшар сумын уугуул, ЦДБЭЧ-ын дуучин, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг агсны нэрэмжит зохиолын дууны улсын уралдаан зохион байгуулсан нь цараа өргөн, сонирхолтой ч болсон байна. Батширээт сумд нэртэй яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит яруу найргийн уралдаан болж, Хэнтий нутгийн 50 гаруй, улс орны өнцөг булан бүрээс хуран цугласан найрагчид оролцож, хүүхэд болон насанд хүрэгчид гэсэн ангиллаар шүлэг, найргаа уншиж сонсгожээ. Мөн тус сум долдугаар сарын 17, 18-нд “Ёохор-2019” олон улсын наадмаа зохион байгуулав. Биндэр сум “Улаан ном”-д орж буй цэн тогорууг хайрлаж, хамгаалахад анхаарал хандуулах зорилгоор уламжлал болгон тогтмолжуулсан Тогорууны фестивалиа ч алгассангүй. 

Долдугаар сарын 23, 24-нд болсон “Чингис фестиваль”-д хөрш орнуудаас оролцогчдыг урьснаар наадам үзүүштэй, өгөөжтэй болсон гэж байлаа. Оролцогч орнуудын төлөөллүүд гар урлалын бүтээгдэхүүн, уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж, гэрэл зураг хэн сайн авахыг шалгаруулсан уралдаан ч явуулжээ. Язгуур урлаг, соёлын биет бус өвийг сурталчлах зорилгоор төрөлжсөн уралдаанууд мөн зохион байгуулсан байна. Уг наадмыг Европын жуулчид олноор сонирхжээ. Үүнтэй залгуулаад, маргааш нь тус аймгийн музей байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэсэн аж. Удирдамжийг улсын хэмжээнд түгээн, өвөрмөц музейнүүдийн төлөөллийг ойн баярт урьснаар нийслэлээс Үлэг гүрвэлийн төв музей, Соёлын өвийн үндэсний төвөөс мэргэжилтнүүд очиж мэдээлэл, туршлагаа солилцсон байна. Бас долдугаар сарын 28, 29-нд Баян-Адарга сумынхан Монгол хатдын II их наадмыг улсын хэмжээнд зохион байгуулсан нь гадаадын 800-гаад жуулчин цугласан арга хэмжээ болжээ. Эрдэм шинжилгээний бага хуралд Монголын нэртэй судлаачид, түүхчдийг урьж, судалгаа, шинжилгээний бүтээлээсээ танилцуулахыг урьсан тул энэхүү наадам нь үе үеийн монгол хатдын намба төрх, дэг жаяг, үлгэр дуурайл ямар байсныг эх сурвалжийг нь үндэслэж харуулсан түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах бүрэлдэхүүнд байдаг, төр түшилцэж байсан эмэгтэйчүүд очсонд наадам зохион байгуулагчид болон оролцогч, үзэгчид баяртай байсан аж. Нэг аймгийнхан төвдөө, зарим сумдаа “найр, наадмын хугацаа”-нд явуулсан соёл, урлагийн арга хэмжээ танин мэдэхүйн болон соёлын ямар их ач холбогдолтой байсан талаар өгүүлэхийг зорьж дурдлаа. Гагцхүү аливаа найр, наадмыг байгаль, цаг уурын аясыг харгалзаж, уламжлалаа бодолцож, Засгийн газрын тогтоолыг ч хэрэгжүүлж наймдугаар сарын 1-ний наана дуусгах нь хаана хаанаа хэрэгтэй байна гэдгийг сануулах үүднээс бичлээ. Дахин жишээ татахад, Хэнтий аймаг орон нутгийн брэнд арга хэмжээ болсон “Талын түмэн адуу” наадмаа уламжлал ёсоор арваннэгдүгээр сард зохион байгуулна. Намар налайдгаараа налайгаад улирах, малчид, адуучид айдгаа авдартаа хийсэн үед болдгоороо, өөрөөр хэлбэл бусдад садаа болдоггүй “мөрөөрөө”, онц сонирхолтой арга хэмжээ бол энэ. Энэ мэтчилэн цаг үеэ олсон юм бүхэн үнэ цэнтэй бөгөөд тухайн орон нутгийн онцлогийг харж болох соёл, урлагийн арга хэмжээ аймаг, сум бүрт бий. Гагцхүү хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ гэдэг л асуудал.

Нар, сар ээлжлэн, он жил солигдоно. Ирэх жил хэд хэдэн аймаг, сум тэгш ойтой. Увс, Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ой тохионо. Мөн Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Цэнгэл, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, Булган аймгийн Баян-Агт, Дорноговь аймгийн Улаанбадрах, Ховд аймгийн Буянт, Чандмань сумынхан 95 жилийн ойгоо тэмдэглэнэ. Орон нутгийн захиргаа Засгийн газрын тогтоолыг мөрдөж наадмаа улсын баяр наадмын өмнө юм уу, хэд хоногийн хойно хийх байх л даа. Гэхдээ дээр дурдсанчлан сумын, бүсийн, улсын, олон улсын хэмжээний элдэв наадам, уралдаан, тэмцээнээ наймдугаар сарын 1 гэхэд өндөрлүүлж, цаашид ч мөрдөж ажиллаж байгаасай. Жилийн дөрвөн улирал ээлжилдэг, эрс тэс уур амьсгалтай Монгол сайхан орондоо төрсөн их хувь заяандаа хэн хүнгүй эзэн болж, ажил, амьдрал, найр, наадмаа хүртэл зохицуулдаг, байгалийн ч, төрийн ч хуулийг дагаж мөрддөг, Засгийн газрынхаа тогтоол, журмыг биелүүлдэг ухамсартай иргэд байх юм шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)