Соёлын яам шимэгч байх уу, шинэчлэгч болох уу

Энэ Засгийн газрын ганц, шинэ Соёлын яамны бодлого, үйл ажиллагаа соёл, урлагийн салбарт төдийгүй нийгэмд эерэг нөлөө арвин үзүүлээсэй. Яамны зүгээс бүтэц, бүрэлдэхүүн, өөрөөр хэлбэл, ямар газар, хэлтэстэй байх, хэн удирдаж ажиллах, хаа хүртэлх алсын хараатайгаар юу хийх талаар танилцуулаагүй л байна. Шинэ тутам тул бодлого, зорилгоо тодорхойлж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад хугацаа хэрэгтэй, цаг нь болохоор мэдээлнэ гэсэн чигтэй байгаа юм. Соёлын яамыг өдгөө шинэ хэмээн тодотгож буй. 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулсан ч чиг, үүргийн давхардалтай, аль аль асуудалд зуун хувь анхаарах аргагүй, тухайлбал, спортынхонд хохиролтой байна гэх зэрэг үндэслэлээр хоёр жилийн дараа татан буулгасан билээ. Ардчилсан нийгэмд шилжих хугацаанд соёлын асуудалд анх удаа анхаарал хандуулж, гурван асуудлыг нэгтгэн, соёлоор нь манлайлуулан яам байгуулсан ч бүтэлтэй болоогүй нь энэ.

...Соёл, урлагийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг дэс дараатай, уялдаа холбоонд нь шийдэж, эерэг үр дүн гаргахаа яамныхан хэн нэгнээр хэлүүлэхгүй хэмээн бодном. Гэхдээ ам нээсэн юм чинь уушги нээе. Циркээ сэргээе. Дэлхийн цирк монгол уран бүтээлчдээр дутах болсон энэ цаг үед энэхүү гайхамшигт урлагийг эх орондоо дахин бадраая. Цэнхэр гаргийн өнцөг булан бүрээс Монгол циркчдийн тоглолтыг эх оронд нь үзэх гэж ирэг...

Зах зээлийн нийгэмд бараа таваар, баялгаа худалдаж эдийн засгаа өөд татахад нийгэм өндийгөөд ирнэ хэмээн хаана, хаанаа төсөөлж байсан болов уу, соёлын асуудлыг тойргийн гадна үлдээгээд мартчихсан. Өнгөрсөн 20 гаруй жилд юу болов.

Кино үйлдвэргүй болсон. Циркийг “устгасан”. Хүмүүс музей үзэхээ байсан. Галерей, үзэсгэлэн, театрууд арав гаруй жил үзэгчгүй шахам байлаа. Залуучуудын театрыг газрын хөрснөөс арчиж, Хүүхэлдэйнхийг ор нэрийн төдий болгосон. Улсын филармони байраа алдаж, Соёлын төв өргөөнөөс кино танхим түрээсэлж хөгжим тоглодог болсон. Одоо ч хэвээр. Орон нутгийн Хөгжимт драмын театр, чуулгуудын нэр нөлөө, байр суурь дээшилсэн юмгүй. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн оршин суугчдын танин мэдэхүй, мэдлэг, боловсрол, хүүхэд багачуудын хүмүүжил, хөгжил, соён гэгээрэлд дорвитой нэмэр болдоггүй янзаараа. Энэ нь орон нутагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд, нийслэлд их, дээд сургуульд элсэн суралцагсдын ерөнхий мэдлэг, биеэ авч яваа байдал, харилцааны соёлын доогуур түвшнээр хэмжигддэг. Социализмын үед Улаанбаатарт ч, гадаадын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд ч аймаг, аймгаас цугласан оюутнуудын хэн нь хаанаас ирснийг дээрх үзүүлэлтүүдээр тодорхойлж болдог байсан юм. Дундговийнхон дууч, Дорнодынхон ааль авир, амьжиргаа сайтай, Ховдынхон “толгойтой”, Дарханыхан соёлтой, Эрдэнэтийнхэн ганган, орос хэлд гаргууд зэргээр ялгадаг байв. 

Энэ нь дунд сургуулийн сургалтын чанар боломжийн, мөн соёл, урлагийн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа идэвхтэй, үр өгөөжтэй байсныг илтгэдэг. Хүмүүжил муу, ухамсар дорой, ёс суртахууны дутагдалтай байх аваас бусдад халтай, нийгэмд хортой бодгаль болдог нь нийтэд ил олон жишээнээс өнгөрсөн хугацаанд харав. Хүн гээч төрөл нь нийгмийн зохистой гишүүн болтол төлөвшиж, хөгжихөд боловсрол болон соёл, урлагийн хүчин зүйл гэсэн хос багана мэт тулгуур сайтар бэхэлсэн суурь болдог нь хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харагддаг. Тэгэхээр шинэ үеийн Соёлын яамыг зөвхөн соёл, урлагийн байгууллагууд, тэнд ажиллагсдын эрх ашигт чиглэсэн үйл ажиллагаа явуулах нэгж гэж тодорхойломгүй. Бодлого, зорилго, зорилтуудынх нь үр дүн олон нийтийн оюун санааны хөгжил, ёс суртахууны ахиц, дэвшлээр хэмжигдэх үйл ажиллагааны цараа өргөнтэй, хамрах хүрээ далайцтай байгууллага байлгахыг цаг үе шаардаж байна. Зүй нь энэ Засгийн газар Гэгээрлийн яамтай баймаар. Яагаад гэвэл олон нийтийн дунд гаднаа гяланцаг, дотроо паланцаг мэт сэтгэл бохир, санаа муу, бурууд гаргууд хүн олон болсон нь бүхий л салбарын хөгжилд саад тээг болсоор. Тиймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг тусгайлсан яамаар дамжуулж хийх цаг нь иржээ хэмээн санаж байсан юм.

Соёлын яамтай үед иргэд яагаад соёл, урлагийн үйлчилгээ илүүтэй авдаг байв. Яам нэг ёсондоо хуучинсгаар хэлэхэд захиргааддаг, зөөлрүүлэх аваас удирдамж, аргачлалаар хангадаг, төрийн үйлчилгээнээс үр дүн гаргахыг зорьдог байжээ. Мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудаас чанар шаарддаг, үзэгчдийг “яв, оч” хэмээдэг байж. Энэ дундаас хүүхэд, залуус танин мэдэж, шүтэн биширч, үлгэр дуурайл авдаг байсан бөгөөд тухайн үед төрсөн сэтгэгдэл хүмүүний насан туршийнх нь амьдралын мөрдлөг болсон байхыг ч үгүйсгэхгүй. Урлагийн нөлөө ийм хүчтэй, үлдэцтэй ажгуу. Жишээ нь, Улсын цирк улирал тутамд хөтөлбөрөө шинэчлэхэд эр зоригт авьяастнуудын тоглолт, үзүүлбэрийг сурагчид, эцэг, эхчүүд ч алгасахгүй үздэг байсан юм. Харин өнөө үед зарчим өөр, “зах зээлийн” болсон. Гэлээ ч нийслэлчүүдийн дунд дуурийн болон драмын театраа ялгахгүй нь олон хэвээр. Хэргийн учир хоёр театрыг ялгах, үгүйд биш юм. Ойлголт, хүмүүжил, мэдлэг, мэдээлэл, төлөвшил, соёлын асуудал энд яригдана.

Өнгөрсөн сард Соёлын яам байгуулахад соёл, урлагийн салбарынхан баярласан. Тухайн салбарын бодлогыг олон асуудал нэгтгэсэн яамны бүрэлдэхүүн, магадгүй хавсарга мэт байлгахын сацуу төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх дээрээ тулахаар ажлыг Засгийн газрын дэргэдэх ижил нэртэй агентлаг аялуулдаг байхаар зохицуулсан нь нэг талаар ойлгомжгүй байсан. Одоо бүхнийг нэгэн дээвэр доор, ядаж удирдлагынх нь зэрэг дэвийг бусдын адил тодорхой байдлаар нэгтгэв. Удирдах, хэрэгжүүлэх, оролцох, хянахад тохиромжтой болох буй за. Соёл, урлагийн салбарынхан эхний ээлжид үүнийг олзуурхсан байх. Яамтай болоход ядаж л цалин хөлс, урамшууллын систем нь урлагийн ажилтнууд, уран бүтээлчдийн бүтээлч идэвхийг өрнүүлэхүйц болох байх хэмээн санасан биз ээ. Тухайлбал, энэ чиглэлээр ямар өөрчлөлт, шинэчлэл хийснээ сайд, түүний баг удахгүй мэдээлэх болов уу.

Шинэ Засгийн газрын бүтцэд Соёлын яам багтаасныг зарим хүн айхавтар эсэргүүцсэн юм. “Соёлын яамаар юугаа хийнэ ээ” гэсэн. Тэр ч бүү хэл, хараалын үг урсгасан нь ч бий.

“Энэ яам ирэх дөрвөн жилд лав бие даасан соёлын бодлого явуулах мөнгө байхгүй. Коронавирус дэлхийн урлаг, соёлын бодлогыг өөрчилж байхад ийм яамны хэрэг байхгүй. Монгол соёл, урлагт суурилсан эдийн засагтай орон ч биш. “Татаасны” санхүүжилттэй бодлого бол илүү зардал шаардана. Манай ядуу эдийн засагт бас л нэгэн шимэгч гэсэн үг. Төсвөө ядаж л СУИС-иа шинэчилж, театрууддаа сайн менежер өндөр хөгжилтэй оронд бэлдэхэд зарцуулмаар юм. Тэгээд ч урлагийнхан ер нь хоцрогдсон гэдгээ хүлээн зөвшөөрмөөр. Гадаад хэл мэдэхгүй, харилцаа, холбоо, төлбөр тооцооны наад захын соёл, мэдлэггүй. Менежментийн ямар ч компанигүй. Яамтай л болчихвол бүх юм өөр болно гэх гэнэн бодлоо орхино уу” гэснийг анхаарууштай. Уг сэтгэгдэлд дүн шинжилгээ хийх аваас хүлээн зөвшөөрөх шүүмжлэл байна гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй.

Энэ удаа Соёлын яамыг “татаасны” санхүүжилттэй, эдийн засагт шимэгч байлгахаар биш, харин шинэ үеийн, аливааг материаллаг талаас харж, амьдрал гэдэг нь алт, мөнгө, уурхай, улмаар авлига, улс төр юм хэмээн хардаг болсон олныг сэхээрүүлэн, гэгээрүүлэхэд чиглэсэн бодлогоор үйл ажиллагаа явуул хэмээн тусгай үүрэг даалгавартайгаар байгуулсан болов уу хэмээн найдна. Монголчуудын өв, соёлын олон зуу, мянган жилийн түүхээс дурдах нь илүүц. Манжийн дарлалын он жилүүдийг ч “мартъя”. Хөмөрсөн тогоон дотроос өндийсөн Монголын цөөн хэдэн үр сад гэдгээ санахад л социализмын үеийн Соёлын яам ард түмнийг соёлжуулсан гэдэгтэй маргах хүн төдийлөн гарахгүй дээ. 1920-1930-аад он, улмаар 1940-өөд онд тухайн үеийн нам, засаг бодлогоор улс орондоо соёлыг түгээж байв. Урлагийн байгууллагуудын суурийг тэр үед тавьсан. Соёлын яамыг албан ёсоор 1956 онд байгуулж, ард түмнээ дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхуулах чиглэлд эрч хүчтэй хөдөлсөн түүхтэй. Дуу, хөгжим, дүрслэх урлагийн сонгодог бүтээлүүдийг “нутагшуулах” ажилд ханцуй шамлан, дуурийг нь ч, хөгжмийг нь ч сурч ир хэмээн авьяаслаг залуусыг ЗХУ, Болгар, БНАГУ зэрэг оронд ар араас нь илгээж байв. Нийслэл болон орон нутагт Хөгжимт драмын театрууд байгуулж, зохих уран бүтээлчдийг бодлого, төлөвлөгөөтэй бэлтгэн гаргаж, нийлүүлж ирсэн. Улсын симфони найрал хөгжим байгуулан Улаанбаатарын төв тайзаас авхуулаад аймаг, сум, багийн төвд сонгодог хөгжим эгшиглүүлж байлаа. Ийм бодлогын үр дүнд зах хязгаар сумаас нийслэлийг зорьж ирсэн малчид “Дуурь гээчийг нь үзье. “Учиртай гурван толгой” л гэдэг. Юндэн, Нансалмааг нь “амьдаар нь” харъя, сонсъё” гээд УДБТ-ыг зорьдог байсан тухай ахмадууд ярьдаг, түүхийн ном, уран бүтээлчдийн дурсамж ярианд ч олонтоо давтагддаг. Хөдөөгийн хүмүүс хотод юу үзэж, харсны хэрээр амьдрал дахь хандлагаа өөрчилж байсан аж. Хотод хүмүүс яаж амьдардгийг мэдэрсэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ эрдэм номын мөр хөөлгөж, өөрсдөө малаа дагаж үлддэг болсон нь олонх. Хүмүүний оюун санаанд соёл, урлагийн үзүүлэх бодит, дэвшилт нөлөөлөл энэ буюу.

Технологийн дэвшил, хэтийдсэн хэрэглээ ноёлсон энэ цаг үед монголчууд бид нийгмийнхээ зохистой гишүүн байж чадаж байна уу гэдэг асуултад бүгдээрээ хариулмаар байна.

Монгол Улс 25 жилийн дараа дахин Соёлын яамтай боллоо. Социализмын үеийн Соёлын яам 1989 он хүртэл оршин тогтносон. 1990 онд татан буулгаж, Соёл, урлагийн хороо гэж байгуулсан ч, удалгүй “нураасан”, 1992 онд Засгийн газар бүрдэхэд Соёлын яамыг дахин сэргээсэн ч, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр намын ажлаа сонгосноор соёлын асуудал эзгүйдэхэд яамыг бүрмөсөн татан буулгасан. Энэ зурвас хэсгээс харахад нийгмийг шинэчлэхийг зоригсод мөнгө “үйлдвэрлэдэг” салбарт, тодруулбал алт, бусад ашигт малтмал олборлоход илүүтэй анхаарч байснаас бус, ард түмний оюун санааг “зайрмагтуулчих” вий гэж огтхон ч санаа тавиагүй нь харагддаг.

Өдгөө олон нийтийг шинэ нөхцөлд соён гэгээрүүлэх ажлыг Соёлын яаманд даатгав бололтой. Тэгэхээр шинэ тутам байгуулсан уг яамыг шинэчлэлийн, хөгжлийн, гэгээрлийн хэмээн тодотгож болмоор. Соёлын яам нийгмийн хөгжлийн хөтөч байгаасай гэсэндээ үйл ажиллагаа, ирээдүйг нь ийнхүү төсөөлөхийг хичээлээ.

Соёл, урлагийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг дэс дараатай, уялдаа холбоонд нь шийдэж, эерэг үр дүн гаргахаа яамныхан хэн нэгнээр хэлүүлэхгүй хэмээн бодном. Гэхдээ ам нээсэн юм чинь уушги нээе. Циркээ сэргээе. Дэлхийн цирк монгол уран бүтээлчдээр дутах болсон энэ цаг үед энэхүү гайхамшигт урлагийг эх орондоо дахин бадраая. Цэнхэр гаргийн өнцөг булан бүрээс монгол циркчдийн тоглолтыг эх оронд нь үзэх гэж ирэг. Үндэсний урлагийн их театр, Чингис хааны болон Байгалийн түүхийн музейн барилгыг төлөвлөсөн хугацаандаа барьж, ашиглалтад оруулъя. Улсын филармонийг жинхэнэ утгаар нь хөгжмийн танхимтай болгоё. Хөгжимчид дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийг төгс тоглож буй. Ташрамд хэлэхэд, хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг симфони найралд ганц, хоёрхон удаа дуугаргаж үзээд, шууд үзэгчдэд сонсгодог “Алтан намар” хөгжмийн наадмаар энэ чиглэлийн арга хэмжээг хязгаарламааргүй байна. Мэргэжлийн хөгжмийн урлагт бодлого алга гэж хөгжмийн урлагийнхан өөрсдөө шүүмжилдэг. Хөгжим судлаачдыг “хөлд, хэлд” оруулмаар байна. Хөгжмийн урлаг, үзэгчдийн ч хөгжилд нэмэр болтол тогтмол бичүүлж, шүүмжлүүлж баймаар. Гагцхүү тэднийг зохистой ажиллуулах механизмыг олох шаардлагатай.

Ардын жүжигчин Ц.Намсрайжавын зохион байгуулдаг байсан хөгжмийн лекц-концертын туршлагыг сэргээж, дахин эргэлтэд оруулмаар. Тэртээ 1970-аад онд симфони оркестрынхон заримдаа өдөрт гурван удаа тоглодог байсан юм билээ. Тэгж байж өнөөдрийн сонсогчдыг бэлтгэсэн түүх хуучраагүй. Гагцхүү хөгжимчдөд цалин, урамшууллыг харамгүй олгож байж л ажиллуулах нь зүйн хэрэг.

Зураачид туурвисаар. Гэтэл тэдний бүтээлийн тухай бичиж, мэдээлдэг судлаач алга. Арга ядаад зураачид өөрсдөө шүүмж бичих гэж оролдоод бусдадаа ад болохыг харж байна.

Соёлын салбар багтаамж ихтэй. Энд дурдсан жишээнүүд бол зөвхөн зах зух нь бөгөөд жагсаавал барагдахгүй. Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр “Шинэ яам Хөгжмийн зохиолчдын, Урлагийн ажилтны, Зохиолчдын холбоотой нягт уялдаатай ажиллавал сая үр дүн гарна” гэж хэлсэн. Санал нэг байна. Социализмын үеийн Соёлын яам эдгээр байгууллагатай хамтарч ажилладаг, тодорхой төсөв хуваарилж, зарцуулах эрхийг нь мэргэжлийн холбоодод өгдөг байсан. Тийм ч болохоор чиглэл бүрт цаг хугацаа улирах тусам үнэд орох шилдэг бүтээлүүд төрсөн түүхтэй бөгөөд үзэгч, хэрэглэгчид үнэлж, цэгнэн, уран бүтээлчдийг шүтэн биширч, хүндэтгэж ирсэн соёл бий. Нийгмийн байгуулал өөр болсон ч, урлаг хэзээд мөн чанараараа орших нь үнэн юм. Тиймээс зарим талаар өнгөрсөн үеийн сайн туршлагуудыг өнөө цагт “зээлдэн” ашиглаваас үр дүн өгөх буй за. Соёлын яам гадагшаа чиглэсэн бодлого хэрэгжүүлэх байх. Гэхдээ юуны өмнө ард олныг соён гэгээрүүлэх талд түлхүү ажиллаасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)