Сорилтын цаадах СОРИЛТ

Монгол Улсын эдийн засагт 2018 онд тулгарч буй хамгийн том сорилтыг Монголбанкныхан өрийн дарамт гэж “оношиллоо”. Өр эдийн засагт өчигдөр ч дарамттай байсан. Өнөөдөр ч, маргааш ч дарамт болсоор байх болно. Энэ дарамтыг өнгөрсөн хоёр жил монголчууд яс махандаа тултал ойлгов. Эдийн засгийн өсөлт тасралтгүй саарсан өнгөрсөн жилүүдэд Монголын нэр хүнд, үнэлэмж олон улсад шалдаа буусан. Засгийн газрын болон баталгаа гаргасан бондуудын хоёрдогч зах зээлийн хүү гэрлийн хурдаар өсөж, хоёр оронтой тоог давсан удаатай. Өөрөөр хэлбэл, Монголын олон улсын зах зээлээс санхүүжилт татах хүү улам өссөн гэсэн үг. Гэтэл өрөө төлөх хугацаа ойртсоор байв. 2017 оны хавар Хөгжлийн банкны 580, дараа нь “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Тэгээд удалгүй Хятадын зах зээлд гаргасан “Дим Сам” бондын өрийг төлнө. Улстөрчид зээлээ төлж чадахгүй нь хэмээн мэгдэж, дефольт зарлах хүртлээ сэтгэл нь гутарсан үе 2016 он байлаа. Хэрэв сонины шарласан хуудсыг сөхөн харвал цөөнгүй улстөрч “Дефольт зарлах нь, яах вэ” гэж халагласныг уншиж болно.

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх то­хиролцоо хийснээр хөрөнгө оруулагч­дад итгэл төрүүлж, санаснаас хямд буюу 8.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын “Хуралдай” бонд Засгийн газар гаргав. Ингэж Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондыг өнгөрсөн оны хавар төлсөн. Улмаар 5.625 ху­вийн хүүтэй, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд гаргалаа. Үүгээрээ энэ оны эхэнд “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларын өрийг дарав. “Гэрэгэ” бондоос үлдсэн 300 сая ам.долларын 160 саяар нь “Дим Сам”-ын төлбөрийг хийхээр хадгалж байгаа. Илүү гарсан 140 сая ам.доллароор дотоодын зах зээлд гаргасан 370.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг худалдан авлаа.

Засгийн газрын өнгөрсөн жил өрнүүлсэн “өр дарах ажиллагаа” ерөн­хийдөө аюулыг зайлуулсан гэж хэлж болно. Гэхдээ энэ жил нийтдээ 2.7 их наяд төгрөгийн өр төлөх хуваарьтай. Олон улсын зах зээлд гаргасан бондын төлбөрт 700, гадаад зээлд 300 тэрбум төгрөг төлнө. Мөн дотоодын бондын үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг төлөх учиртай. Төсвийн алдагдлаас 300 тэрбум төгрөгөөр илүү мөнгөөр өрөө төлөх шаардлагатай байгаа биз. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн өрийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Бадарчин баярлах болоогүй” гэж хэлсэн юм. Хэдийгээр дефольт зарлах буюу өрөө төлж чадахгүйд хүрэх аюулаас аврагдсан ч баярлах болоогүй байна. Одоо 2021 он хүртэл гадаад зах зээлд гаргасан бондын өрийг эргүүлэн төлөхгүй. Өөрөөр хэлбэл түр амсхийх нь. Гэхдээ Засгийн газар дотоодын зах зээлд чамгүй хэмжээний үнэт цаас гаргасан. Үүнийгээ эргүүлэн төлөх учиртай.

Сангийн яамныхан Засгийн газ­рын өрийн нийт хэмжээ 22.7 их наяд төгрөгт хүрснийг дуулгав. Үүнээс дотоодын зах зээлд гаргасан үнэт цаас 4.2 их наяд төгрөг буюу Засгийн газрын өрийн 18.6 хувьтай дүйж буй аж. Тэгвэл дэлхийн зах зээлд гаргасан 18.5 их наяд төгрөгийн бонд Засгийн газрын өрийн 81.4 хувийг эзэлж байгаа гэнэ. Засгийн газрын өр 2016 оны жилийн эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8 хувьд хү­рээд байсан бол 2017 онд буурч, урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний 74.1 хувьтай тэнцжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар до­тоодын өндөр хүүтэй үнэт цаасыг гадаадын хямд санхүүжилтээр соли­но гэж мэдэгдсэн. Дотоодын зах зээлд гаргасан 370 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө худал­дан авсан нь түүний бодлогын эхлэл бололтой. Энэ талаар Сангийн яам­ныхан “Засгийн газрын гадаадын хямд өртөгтэй эх үүсвэрийг ашиглан дотоод үнэт цаас гаргахыг багасгах, хүүг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн оны 10-12 дугаар сард дотоодын зах зээлд арилжихаар төлөвлөсөн нийт 594 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг зогсоосон” гэсэн мэдээлэл өгөв. До­тоодын зах зээлд бонд гаргахыг зогсоосноор 59.4, өмнө нь гаргасан үнэт цаасаа худалдан авснаар 59.5 буюу нийт 2017-2024 онд төлөх 119 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ. Мөн тус яамныхан “2017 оны нэгдүгээр сард дунджаар 17.9 хувьд хүрээд байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг Төвбанкны бодлогын хүүгээс багаар буюу нэг оронтой тоонд оруулан арилжаалах нөхцөл бүрдээд байна” хэмээн мэ­дээлэл өгсөн.

Засгийн газрын хүүгийн төлбөр 2011 онд 3.7 тэрбум төгрөг буюу төсвийн урсгал зардлын 1.1 хувийг эзэлж байжээ. Тэгвэл Засгийн газрын өр 2012-2017 онд жил бүр огцом нэмэгдэн, 2017 онд хүүгийн төлбөр 1.15 их наяд төгрөг буюу төсвийн урсгал зардлын 16.5 хувийг эзлэв. Зөвхөн өр гэлтгүй хүүгийн зардал нь ч улсын төсөвт дарамт болж байгааг эндээс харж болно. Тэгэхээр өндөр хүүтэй үнэт цаасыг хямд бондоор солих нь зөв бодлого. Ингэвэл төсвийн зардал буурч, дарамт багасах нь ойлгомжтой. “Мүүдис” агентлаг хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Caa1”-ээс “B3” болгон өсгөсөн. Ингэснээр манай Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалж буй бондуудын өгөөж 0.1 хувиар буурчээ. Хэдийгээр эдийн засгийн маш олон хүчин зүй­лээс хамаарч, бондын хүү тогтдог ч зээлжих зэрэглэлийг дээшлүүлсэн нь чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, дахин гаргах бонд илүү бага хүүтэй байна гэсэн үг. Нэг талаар дотоодын зах зээлд гаргасан өндөр хүүтэй бон­дыг гадаадын зах зээлээс хямд мөнгө зээлж дахин санхүүжүүлэх нөхцөл бүрдээд байна. 

Энэ удаагийн эрх баригчид өрийн дарамтыг иймэрхүү байдлаар даагаад гарах нь тодорхой боллоо. Тэгвэл да­раагийн Засгийн газар хүндхэн ачаа үүрэх нь гарцаагүй. “Чингис” бондын нэг тэрбум, “Хуралдай”-н 600, “Гэ­рэгэ”-гийн 800 сая ам.долларын өрийг 2021-2024 онд төлөх учиртай. Өрийн дарамт эдийн засгийн сорилт хэвээр байхаар байгаа биз. Тэгэхээр бид өрөө төлөх сорилтыг даван туулахын тулд яах ёстой вэ? Өрийг өрөөр дарах нь хорыг хороор даруулж ууж байгаа шиг аюултай зүйл биш. Зээлийнхээ хүүг багасгаж чадвал харин хожоо­той. Гэхдээ өрөө өөрийнхөө хөрөнгө хүчээр төлөх хамгийн сайн арга. Нэг ч болтугай бондын төлбөрөө өөрийн хөрөнгөөр төлөх нь сорилтын цаадах сорилт юм. Өрөө төлөхийн тулд ва­лютын нөөцөө нэмэх шаардлагатай. Их хэмжээний валют цуглуулж байж өрөө төлнө. Тэгэхээр валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж Монгол Улсад байна уу? Энэ асуултад эдийн засагчид, судлаачид хөрөнгө оруу­лалт татаж, уул уурхайн томоохон ордуудаа ашиглавал валютын нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэж хариулж байна. Томоохон төслүүдээ “хөдөлгөх” нь өрөө дарах нэг сорилт байх нь. Бас нэг сорилт нь төсвийн алдагдлаа багасгах юм. Жил бүр төс­вөө алдагдалтай баталсны улмаас Монгол Улс их өртэй болчихоод бай­гаа билээ. Ойрын гурван жилд төсөв нийт зургаа орчим их наяд төгрөгийн алдагдалтай байх төсөөлөл бий. Зо­ригтой шийдвэр гаргаж, төсвийн алдагдлыг эрс танаж чадвал өрийн дарамт багасна. Засгийн газрын өр нэмэгдэхгүй учраас дарамт нь буурна гэсэн үг. Тэгэхээр төсвийн алдагдлыг багасгах, цаашлаад тэглэх нь өрийн дарамтыг бууруулах сорилт байх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)