Сонсдог үлгэрийн ном нэгээр нэмэгдэв

 “Монгол ардын гайхамшигт үлгэр, домог” цуврал цомог гарчээ. Залуу уран бүтээлч Б.Ангараг, “Eye studio” компанитай хамтран 11 үлгэр, 11 домог багтаасан уг цомгийг гаргасан бөгөөд ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин С.Дамдин, жүжигчин Т.Карма, О.Оюун, Б.Бархас, Д.Пүрэвжав, С.Отгонцэцэг нараар уншуулсан аж. Б.Ангараг “Дүү нар маань үлгэр уншиж өг гэж үргэлж гуйдаг ч зав чөлөө муутай, үлгэрийн ном ч тэр бүр байдаггүй болохоор ийм цомог хийх санаа төрсөн. Амархан мэт санагдавч яг зориод хийх үед багагүй хүндрэл тулгарсан. Учир нь орчин цагт хуучны, сонирхолтой үлгэр домог ховордчихсон юм билээ.

Үлгэрийн номууд гаргадаг ч хавтас нь өөр болохоос алдартай хэдэн үлгэрийг давтсан, давтаагүй байлаа ч жинхэнэ утга санааг нь гуйвуулсан байх жишээтэй. Тийм болохоор үлгэрийн ном зохиол уншиж судлах, сайн мэддэг хүмүүстэй уулзах гээд нэлээд цаг хугацаа шаардсан” гэв. Ардын жүжигчин А.Очирбат “Үлгэр гэхээр л хүүхдэд зориулсан мэт ойлгодог. Гэвч эрт цагаас Монголын ард түмэн айл хотлоороо цуглаж суугаад үлгэр, тууль хайлж, үр хүүх дээ сургамжлан, алжаалаа тайлдаг байсан түүхтэй.

Нэгэнтээ л ийм сонсдог ном бүтээлцэж байгаагийнх хүүхдийг үлгэрт гарч байгаа тийм орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр уншихыг хичээлээ” гэсэн. Тэд цаашид энэ цувралаа үргэлжлүүлэх бөгөөд удахгүй “Дэлхийн гайхамшигт үлгэр”- ийг мөн ийн гаргахаар төлөвлөжээ.

Б.ДЭЛГЭРХИШИГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)