“СОНСДОГ” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Зураач Ж.Анунаран өнгөрсөн 25-нд “Чөлөөлөлт” бие даасан үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд нээлээ. Энд тавигдсан бүтээлүүд хүний дотоод өнгө, орон зайн тухай өгүүлжээ. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс зургийг нь биш, ашигласан материалыг нь хараад гайхаж байв. Учир нь цэцгэн хээтэй даавуу, торгоны ар хэсэг дээр үзэг, тодруулагч, бэх тосон будаг зэргээр хийсэн бүтээлүүд байлаа. Тун сонин, өвөрмөц зургуудтай энэ үзэсгэлэнгийн бас нэгэн сонирхууштай зүйл нь сонсож болдог хоёр зураг байв. Юу гэхээр, тухайн бүтээлийг илүү ойлгомжтой, хүнд “наалдуулахын” тулд далай, салхи зэрэг байгалийн дуу чимээг сэтгэл тайвшруулах увидастай гэмээр намуухан хөгжмийн аятай хослуулан чихэвчээр сонсгосон юм.


Урлаг судлаач, зураач Ж.Анунаран “Би энэ үзэсгэлэнгээр хүнд дотоод орон зай ямар их хэрэгтэй байдаг, хүмүүс гадагшаа биш дотогшоогоо илүү анхаараасай гэж хэлэхийг хүссэн. Мөн бид өнгөн талыг л өнгө гэж харахаас арыг нь хардаггүй. Гэтэл ард нь ч гэсэн өнгө байдаг. Үүний ижлээр хүн ч гэсэн өөрийн дотоод ертөнцтэй, зарим нь харагдаж байгаагаасаа огт өөр хэн нэгнийг агуулж байгаа юм шиг санагддаг. Үүнийг л харуулах гэж даавууны ар талыг ашиглан бүтээлээ хийлээ.


Ялангуяа уран бүтээлч хүнд орон зайгүй, эсвэл өөрчлөлтгүй чөлөөлөлт гэж байх боломжгүй. Гэхдээ бүх зүйлийг чөлөөл гэсэн үг биш. Чөлөөлөөгүй зүйлийн дэргэд л чөлөөлөлтийг мэдэрнэ гэсэн санааг бүтээлүүддээ илэрхийлсэн” гэв. Түүний үзэсгэлэнгийн “сонсдог” зургийн хөгжмийн найруулгыг хийсэн Д.Мишээлт “Бид бүтээл ба аялгуу, дуу чимээг нэг цогц болгохыг хичээж, сонголтдоо анхаарсан. Хүмүүс энд ирээд өөр ертөнцөөр аялж, өөр зүйл мэдрэх байх гэж бодож байна. Ингэхдээ зөвхөн харахаас гадна сонсож мэдэрвэл сонин байх болов уу” гэлээ. Ж.Анунарангийн энэ үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 7-нд өндөрлөх юм байна.

Х.АЗЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)