Сонсголын бэрхшээлтэй иргэд хосгүй үнэт үзмэрүүдтэй танилцах боломж бүрдэв

Сонсголын бэрхшээлтэй хүмүүс Чойжин ламын сүм музейн үзмэрүүдийг дохионы хэлний хэлмэрчийн тусламжтайгаар үзэж сонирхох боломж бүрдлээ. Шашны холбогдолтой үг, хэллэгийг дүрсэлж ойлгуулах аргагүй байсан тул тэд өмнө нь музейн үзмэрүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, тухайлбал, өндөр гэгээн Занабазарын урласан бурхдын талаар мэдээлэл авах боломжгүй байжээ. Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоногийг угтуулж Чойжин ламын сүм музей, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран өчигдөр “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөг зохион байгуулав. Сонсголын бэрхшээлтэй хүмүүст үзмэрүүдийг тайлбарлах хэлмэрч таван ламыг тус хоёр байгууллагынхан хамтран сургаж бэлтгэжээ. Хэлмэрчдийн нэг, Сахъяа хийдийн лам Т.Бат-Эрдэнэ “Шашин талаас нь авч үзсэн ч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэсэн үзэл, хандлагын тухайд ч шинэ, дэвшилт үйл явдал болж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд Ногоон дарь эх гэж юу байдаг, ер нь бурхны шашны мөн чанарын талаар ямар ч мэдээлэлгүй, ойлголтгүй байдаг. Одоо бид тайлбарлаж өгөх үүрэг хүлээж байна. Миний хувьд лав шинэ сорилт. Тайлбарласныг минь хүмүүс ойлгож байвал зорилго маань биелнэ” гэв.

Өдөрлөгийн нээлтийн үеэр дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаа “Талын монгол айл”-аа дуулахад нь урилгаар ирсэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж дохионы гурван хэлмэрч тайлбарласан юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор цугласан хүмүүст хандаж “Сонсголын бэрхшээлтэй хүмүүс гарын, сэтгэлийн, мэлмийн ч ур сайтай байдаг. Тусгайлан бэлтгэсэн хэлмэрчдээр Монголынхоо өв соёлын хосгүй үзмэрүүдийг тайлбарлуулан үзүүлэх боломжийг нээсэн Чойжин ламын сүм музейн хамт олны санаачилгад баяр хүргэе” гэлээ. Музейн үзмэрүүдийг дохионы хэлний хэлмэрчийн тусламжтайгаар үзэж сонирхох боломжтой энэхүү өдөрлөгт сонсголын бэрхшээлтэй 300 иргэн оролцсон юм.

Ташрамд дурдахад, Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног энэ сарын 23-наас эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)