Сонирхолтой, содон кинонууд

Дэлгэцийн урлагийн уран бүтээлчид хүүхдийн, уянгын гээд олон төрлийн киног ойрын хугацаанд олны хүртээл болгох нь. Тэдний үзэгчдэд хүргэхээр зэхэж буй зарим киног танилцуулъя.

* “Brosis pictures”-ийн уран бүтээлчид 2017 онд “Том толгойтын адал явдал” хүүхдийн цувралыг үзэгчдэд хүргэж эхэлсэн. Тухайлбал, “Том дөрвөн толгой”, “Том зургаан толгой”, “Том амжилт” бүрэн хэмжээний, хүүхдийн, уран сайхны киног олонд хүргээд байна. Тэд энэхүү цувралаа үргэлжлүүлэн “Том толгойт” киног “Мэгүүн медиа”-тай хамтран бүтээжээ. Киноны зургийг Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт авсан бөгөөд гол дүрд өмнөх ангиудад тоглосон С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар тоглосон байна. Найруулагч Э.Сүхжаргал “Хөгжилтэй найзуудад тохиолдох онц сонирхолтой адал явдал, үлгэрийн ертөнцөд учрах ид шидийн тайллууд нь үзэгч хүүхдүүдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ташрамд сонирхуулахад, “Том толгойтын адал явдал” цувралыг 2024 оныг дуустал үргэлжлүүлэх бөгөөд бүрэн хэмжээний найман уран сайхны киног үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй аж.

* Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолыг уншигчид мэдэх биз ээ. Тус зохиолоор 2017 онд найруулагч С.Бямба “Хэвтрийн хүн” бүрэн хэмжээний кино зохиол бичсэн нь Каннын олон улсын наадмын “Le atelier” төсөлд шалгарсан. Энэ нь төслийг 2005 оноос санаачилж, өнгөрсөн онд 13 дахь удаагаа хэрэгжүүлсэн юм. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, тус наадмын үйл ажиллагаанд оролцуулах, олон улсын кино студи, продюсер болон кино санхүүжүүлэгч нарт танилцуулах зорилготой хөтөлбөр аж. “Хэвтрийн хүн” киног “Гуру медиа” болон “Номадик пикчерс” хамтран бүтээжээ. Уянгын төрлөөр, хар, цагаан өнгөтэйгөөр бүтээсэн тус киног ирэх сараас олны хүртээл болгох юм. Сонирхуулахад, “Хэвтрийн хүн” кино төслийн баг Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй “Le moulin d Ane” кино зохиол бичих хөтөлбөрт хамрагдсан гэнэ.

* “Аравт”, “Чингисийн хүүхдүүд” зэрэг уран сайхны киногоороо үзэгчдийн танил болсон “Монгол фильм”-ийн найруулагч Д.Золбаяр “Эхиймаа” нэрт кино бүтээжээ. Энэ сарын 11-нээс үзэгчдэд хүргэх тус кинонд эмэгтэйчүүдийн ертөнц, гуниг харуусал, мөн бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлийн тухай өгүүлэх аж. Найруулагч Д.Золбаяр “Алддаггүй хүн үгүй. Гэхдээ алдахгүй бол мэдээж сайн. Харин нэгэнт алдсан хүнд “Ард тань амьдрал бий. Бэрхшээлийг даваад гар” гэж итгэл төрүүлэхийг хүссэн. Хүнийг ад үзэж, нийгмийг буруутгах биш, алдсан хүмүүст урам зориг өгөхөөр энэ киногоо бүтээсэн” гэлээ. “Эхиймаа” киноны хөгжмийг “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат зохиосон бөгөөд киноны “Би асууя” дууг “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан олны хүртээл болгоод буй.

Бэлтгэсэн: А.Хангай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)