Сонгуультай жилүүдэд суга өсдөг халамж

Ядарсан, өвдөж зовсон, өнчин өрөөсөн иргэдээ асарч, халамжлах нь төр, засгийн үүрэг. Албаны үгээр тодорхойлбол, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүмүүст улсаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн халамж гэж нэрлээд буй юм. Гэвч манай халамжийн бодлого баялгаа хуваарилж чадаагүй “модоо барьсан” улс орнуудын араас “шогшиж” яваа нь харамсалтай. Залхуу, ажилгүй, ядуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй өнөөдрийн монголчуудыг төр, засаг өнгөрсөн

25 жилд “бүтээжээ”. Өдгөө Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь халамжаар амь зууж байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу.

Ажил хайдаг ч үгүй, хаа нэгтээ бүртгэл ч үгүй хөдөлмөрийн насны “идэвхгүй хүн ам” 800 мянгыг давлаа. Эрх баригчид нийгмийн ийм арчаагүй байдлыг бий болгочихоод одоо л ухаарсан мэт ядарсан иргэд рүүгээ “ноцох” нь дэндүү утгагүй.

...2017 онд халамжийн сангийн нийт зарлага хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад 556.3, 2018 онд 624.7, өнгөрсөн жил 667.3 тэрбум төгрөг болж өсжээ. Энэ онд нийгмийн халамжид 750.6 тэрбум төгрөг зарцуулж буй...

2021 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг мөчид УИХ-ын гишүүд нийгмийн халамжийн зарцуулалтыг илүүтэй шүүмжилж буй. Тухайлбал, Сангийн дэд сайд асан, одоогийн парламентын гишүүн Х.Булгантуяа “Иргэдийн 60 гаруй хувь нь ямар нэг байдлаар нийгмийн халамж хүртдэг. Хавтгайрсан халамжийг хумих талд ямар ажил хийх вэ” хэмээн чуулганы энэ сарын 16-ны хуралдааны үеэр салбарын сайдаас нь лавлана лээ. Жилд дунджаар 750-800 мянган хүн нийгмийн халамж хүртдэг. Түүн дээр хүүхдийн мөнгөн тэтгэмж авагсдыг нэмбэл хүн амын 62 хувь нь ямар нэг байдлаар халамжийн үйлчилгээнд хамрагдаж байна. Үүнээс харахад өнгөрсөн, түүний өмнөх дөрвөн жилд ч төр барилцаж явсан гишүүд, сайд, дарга нар халамж ингэтлээ хавтгайрсныг одоог хүртэл мэдээгүй байсан бололтой.

Нийгмийн халамжийн сангийн сүүлийн 13 жилийн санхүүжилтэд дүн шинжилгээ хийж үзэв. Тэгэхэд сангийн зарлага 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тав дахин өссөнийг улс төрийн сонгуультай холбон тайлбарлахгүй байхын арга алга. Үүнийг батлах тоо баримт ч олон байна. Үндэсний статистикийн хорооны Нийгмийн даатгал, халамжийн судалгаагаар 2007 онд дээрх сангийн зарлага 115.2 тэрбум төгрөг байж. Гэтэл 2008 онд буюу УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн жилд эл үзүүлэлт 218.6 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэнийг графикаас хараарай. Дараа жил нь буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч нийгмийн халамжийн зардал 25.6 тэрбумаар нэмэгдсэн байх юм.

Үнэндээ улстөрчид энэ мэт иргэдээ халамжаар “өлгийдөж”, ажилгүй, тарчиг амьдруулах “сонирхолтой”. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөхөөр ядарч, туйлдсан ард түмнийхээ зовлонгоор тохуурхаж, зүсэн зүйлийн халамжид хамруулах нэрийдлээр саналыг нь худалдан авдаг муу жишиг тогтсон. Халамжийн бодлого нь улс төрд оноо авах хэрэгсэл болсны уршгаар ДНБ-ийхээ 1.5-1.8 хүртэлх хувийг жил бүр иргэдэд зүгээр л тараагаад өгчихдөг. Гэтэл дэлхийн улс орнууд нийгмийн халамжидаа ДНБ-ийхээ 1.2-1.5 хувийг л зарцуулдаг байна. Үүнд эдийн засаг нь өндөр хөгжсөн, байгалийн баялагтай байх, эсэх нь хамаагүй. Гол нь ажилтай, орлоготой иргэн “бүтээхэд” л анхаарлаа хандуулдаг аж. Манайх шиг хөгжиж буй хэрнээ халамжийг хавтгайруулан олгож, эдийн засгаа сүйрүүлэх, хүн амаа ядуурал, өлсгөлөнгийн ангал руу “түлхдэг” улс цөөхөн гэсэн үг.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд, УИХ-ын анхны сонгуулиа 1992 онд хийж, хоёр жилийн дараа нийгмийн даатгалын багц хуулийг баталсан байдаг. Тэр үеэс л зорилтот бүлгийнхэнд хуулийн дагуу 12 төрлийн халамжийн багц үйлчилгээг үзүүлж иржээ. Өнгөрсөн хугацаанд халамжийн нэр, төрөл 72 болж олширсон нь нөгөөх л улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтууд юм. Үндэсний статистикийн хорооны Нийгмийн даатгал, халамжийн судалгааг сөхвөл дээр дурдсанчлан УИХ, Ерөнхийлөгчийн сонгуультай жилүүдэд халамжийн сангийн зарлага 2-3 дахин нэмэгддэгийг харж болно. Хамгийн хачирхалтай нь, сонгууль хуучрахаар халамжийн төсвийг аажмаар танадаг “туршлагатай” юм билээ. Тодруулбал, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн жилд Нийгмийн халамжийн сангийн зардлыг 99.3 тэрбум төгрөг хүртэл хумьсан байна. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулан олгохыг ард түмэн эсэргүүцэхийг урьдаас тооцож, эгдүүцсэн даруйд нь төсвийг танадаг аж. Гэхдээ улстөрчид үүнээс уйдахгүй, сонгууль дөхөхөөр дахиад л олон нийтийн “таньдаг” эл аргыг хэрэглэнэ.

Хамгийн ойрын жишээ нь, 2016 оны УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн дараа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүд Нийгмийн халамжийн санд ихээхэн дарамт учруулав. Тухайлбал, 2017 оноос олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж, үйлчилгээ 74.6, ахмадынх 16.5, халамжийн тэтгэвэр 13.3, тэтгэмж нь 8.1, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх 5.2, онцгой мөнгөн тэтгэмжийнхийг 5.6 хувиар тус тус нэмсэн юм. Ингэхдээ халамжийн үндсэн үйлчилгээнүүдийг нэмсэн болгож харагдуулахгүйгээр нэр, төрлийг нь олшруулж, хүрээг нь тэлсээр иржээ. 2017 онд халамжийн сангийн нийт зарлага хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад 556.3, 2018 онд 624.7, өнгөрсөн жил 667.3 тэрбум төгрөг болж өсжээ. Энэ онд нийгмийн халамжид 750.6 тэрбум төгрөг зарцуулж буй.

2020 оны УИХ-ын сонгуулийг угтсан “халамжийн шоу” ч олон байлаа. Ахмадаа өргөж, тэтгэдэг улс болж “жүжиглэн” татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээлийг нь төлсөн. Цар тахалтай, онцгой нөхцөлд иргэдээ бөөцийлж, бараг бүх төрлийн халамжийг 2-3 дахин өсгөлөө. Ипотекийн, цалингийн болон бусад хэрэглээний зээл төлөх хугацааг сунгаж, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдэд мөнгөн урамшуулал олгов. Хүнд, хэцүү цаг үед иргэдийнхээ амьжиргааг тэтгэх бодлогыг дэлхийн улс орнууд өөр өөрийн хэм хэмжээнд тохируулан авсаар ирсэн. Харин манай эрх баригчид төсвийн мөнгөө хэтэрхий баян орон шиг гарын салаагаар энэ мэт “урсгаатхав”. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох тул халамжийн үйлчилгээг хумихгүй нь ойлгомжтой. Түүнийгээ цайруулахын тулд цар тахлаар түрээ барьж ч байх шиг.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “2019 онд хүн амын 62 хувь нь ямар нэг байдлаар халамжийн үйлчилгээнд хамрагдсан. 2020 онд ч энэ тоо өссөн. Үүнд 0-18 насны хүүхдийн, ихэр хүүхдийн, тэжээгчээ алдсаны, бүтэн өнчин, одонтой, цалинтай ээжийн, өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эцэг, эхийн, асаргааны тэтгэмж, насны хишиг, ганц бие ахмадын, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн хөгжлийн болон боловсролыг дэмжих гэхчлэн 72 нэр, төрлийн халамжийн үйлчилгээ бий. Тиймээс цаашид эдгээрийг ялгаж салгах шаардлагатай. Хүн амаа өсгөх бодлого нь юу байх юм. Зорилтот бүлэгт ямар халамж үзүүлэх вэ гэдгийг ангилна. Мөн зохих хүмүүс нь халамж хүртэж чадаж буй, эсэхийг бас үнэлэх хэрэгтэй. Нийтээрээ хавтгайрсан халамжаас татгалзаж, хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэх цаг болсон” хэмээн ирэх оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр ярьсан юм.

Давхардуулан олгодог ижил төрлийн халамжуудыг ангилж, нэгтгэх замаар дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Алтантулга санал нэмэрлэв. Тэрбээр “1995 онд баталсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.1-т “Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн асрамж, халамж дутагдалтай, бие даан, эсвэл бусдын тусламжгүйгээр амьдрах боломжгүй иргэдийн наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох тусгайлсан үйлчилгээг халамж гэнэ” хэмээн заасан. Одоогоор нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн дагуу 12 төрлийн багц халамжийг иргэдэд өгч байна. Жишээ нь, халамжийн тэтгэвэр нь тав, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж нь есөн чиглэлээр гэхчлэн төрөл нь дотроо задардаг. Холбогдох хуулийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг одоохондоо халамжийн төрөлд хамааруулж байгаа. Гэхдээ хүүхдэд олгож буй мөнгө халамж биш. Манайд өдгөө хүн амын цонх үе тохиож, хөдөлмөрийн насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Ийм үед улс орнууд ажлын байр бий болгохын хажуугаар хүн амаа өсгөх бодлого давхар явуулдаг. Тэр утгаараа манай улс ч эх, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулсаар ирсэн. Тухайлбал, хүүхдийн, жирэмсний, цалинтай, одонтой ээжийн тэтгэмж байна. Эх, хүүхдийн нийгмийн хамгааллыг дэмжсэнээр бие махбодын болоод сэтгэл зүйн хувьд эрүүл иргэн төлөвшүүлнэ. Нөгөө талаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэддээ наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор олгож буй тэтгэвэр, тэтгэмж нь бас л тухайн иргэний хоногт авах ёстой хоол, тэжээлийн хэрэгцээг нь хангах, өвдөхөөс сэргийлж буй нэг хэлбэр. Жилд дунджаар Нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оруулаад 500 гаруй тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулж ирсэн. 2018 оноос эл үзүүлэлт 600 тэрбум давсан нь цалинтай ээж, насны хишиг зэрэг үйлчилгээ, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг инфляцтай уялдуулан нэмсэнтэй холбоотой. ХНХЯ “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зорилгыг гол бодлогоо болгосон. Үүний хүрээнд ирэх жилүүдэд олон арга хэмжээ зохион байгуулна” гэж ярилаа.

Ямартай ч салбарын яамныхан, УИХ-ын гишүүд нийгмийн халамжийн үйлчилгээний нэр, төрөл олон, хамрах хүрээ өргөн байгааг ярьж, энэ нь зорилтот бүлэгт чиглээгүйг ухаарав бололтой. Халамж хүртэгсдийн гуравны нэг нь шаардлагагүй бүлгийнхэн буюу амьжиргааны түвшнээс дээгүүр орлоготой хүмүүс байгааг ч шүүмжилсэн юм. Халамжийн үйлчилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалт жил ирэх тусам өсөж буй ч зорилтот бүлэгт үзүүлдэг тэтгэмж нь эсрэгээрээ хэт бага буюу амьдралд нь хүрэлцдэггүйг илтгэх судалгаа ч олон. Тиймээс хөдөлмөрийн насныхныг залхууруулж, халамж хүртэх сонирхолтой болгохын оронд зорилтот бүлгийнхэнд зохих дэмжлэгийг нь олгох нь зүйтэй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)