Сонгуульд горилогчдын "мэдрэмжгүй" пи арууд

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа улам эрчээ авч эхэллээ. Ингэснээр ээлжит бус сонгуульд горилогчид ч мөн чих тавин хүлээж, дараагийн ээлжнийхэн хоолоо хүлээн сууна. Үүнийхээ хажуугаар тойргоо ч тордож эхэллээ. Ингэж байгаа нь хүртэл ард иргэдийгээ доромжилж буй нэгэн хэлбэр болчихсон гээд хэлчихэд нэг их хатуудахгүй болов уу. Ард иргэдийнхээ дуу хоолой нь болно хэмээн амлаж байсан тэд сонгогдсоныхоо маргааш нь л амлалтаа мартдаг нь байгалийн хууль болсон гэлтэй. Харин сонгуулийн сургаар тойргоо усалж эхэлдэг, гурил, будаа,  хадаг, сүү гээд элдэв дээдийг “бэлэг” нэрээр тарааж байгаа улстөрчдөөс илүү зүйл хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэхдээ одоо тэдний арга улам нарийсаж, эд материал бус, гарт баригддаггүй зүйлийг “тараах” болсон нь “баригдахад” хэцүү арга руу орж байгаа хэрэг. Төрийн ордонд тухалж, түшээ болно гэж горилогсод ч бэлгээ тараагаад, толгой өөд татахгүй явна.

Тухайлбал, “Боловсролыг дэмжигч” гуншинтай МАН-ын генсек Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийг онилоод буй. Тэрбээр ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулж, шалгалт өгч байгаа хүүхдүүдийн урд өөрийнхөө зургийг шүтээн мэт “залуулж” байгаад л шалгалтыг нь өгүүлсэн дүрс, зураг цахим орчинг дүүргэсэн нь нэг хэсэгтээ л олны анхаарлыг татсан. Үүнийхээ дараа багуудад хурдан удмын азарга бэлэглэж, мөн л шуугиулаад буй. 

Хурдан морь Монголд үнэтэй. Баг болгонд очиж байгаа хурдан азаргын үнэ хөлсийг Д.Амарбаясгалан санхүүгийн ямар эх үүсвэрээс гаргаж байгаа нь өөрөө хардлага төрүүлнэ. Хүйтний улирал эхэлж, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, хүүхэд багачуудад нь эмнэлгийн ор хоног олдохгүй коридорт овоорч байхад эрх баригч намын генсек мэдрэмжтэй хүн байсан бол багуудад байх эмнэлгийн, эмчийн тоог нэмж, нийслэлээс хөдөөд ховор олдох хэдэн төрлийн эм дайгаад очих байсан болов уу.

Үүний дараа Сэлэнгэ аймгийг онилоод байгаа фм-ийн хөтлөгчөөс дэд сайд болтлоо дэвшсэн ЗТЯ-ны дэд сайд асан, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл мөн л тойргоо тордож эхэлжээ. Ингэхдээ тэрбээр залуу хүний шинэ санаагаар ажлаа явуулалгүй намынхаа ах нарын хоцрогдсон аргаар нэрээ таниулж эхэлжээ. Тэр дунд нь урлагийн тоглолт, үсчний үнэгүй үйлчилгээ багтаж байгаа юм.

Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хориглох үйл ажиллагааны жагсаалтад нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх зэргийг багтаадаг. Энэхүү журмаар ирэх жил буюу 2020 онд аливаа олимпиад, тэмцээн уралдааныг явуулах эрхгүй болох учир энэ жил зохион байгуулж байгаа гэж хардах үндэслэлтэй. Энгийнээр хэлбэл, сонгуулийн ийм төрлийн далд сурталчилгааг хуулиар хориглосон зохицуулалт манайд байхгүй аж. Энэ ч утгаараа “Шилэн” Цогоогийн пи ар хууль зөрчих үйлдэл болж чадахгүй ч цахим хуудсанд “Шилэн” Цогоогоос “Үсчин” Цогоо болон хувирахад тун ойрхон байгаа гэнэ.

Дараагийн горилогчид бол МАХН-ынхан юм. Одоогийн парламентад ганцхан гишүүнээ шургуулж чадсан ч хүссэнээрээ, гарынхаа аясаар хөдөлгөж чадаагүй тэд ирэх сонгуулийг л хүлээн суугаа. Өндөр настай иргэдийн дийлэнхийг нь өөрсдөдөө татаж чаддаг МАХН-ынхан энэ жил ч мөн зорилтот бүлгээ бусдад булаалгахыг хүссэнгүй бололтой. “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөр гээчийг бий болгож, иргэн бүрийг орон сууцтай болгохоор ажиллаж байгаагаа зарлалаа. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ “Би Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг явуулж байсан. Төр бүх нийтийг орон сууцжуулах боломжтой. Гэтэл төр ажлаа хийхгүй байна. МАХН энэ ажлыг олон жил судлаж хэрэгжих боломжтой гэж үзсэн учраас энэхүү хөтөлбөрийг нээж байна” хэмээн цагаан хоолойгоор “бахирч” сууна. Үнэхээр одоогийн улсын төсөвт өрх бүрийг орон сууцанд оруулах чадал чансаа бий гэж үү. Угаарын хийд хордсон, үүнээсээ болж зарим нь нас барсан гэх  мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд “бөмбөгдүүлсэн” иргэдийн хувьд нар гийсэн мэдээ. Гэхдээ тийм боломж байхгүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө.

Гурил хараад гунигаа “мартдаг” ядарсан иргэдийнхээ хоосон ходоод дээр ийм төрлийн тоглолт хийж байгаа улстөрчдийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд хариуцлага нэхдэг болцгооё.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)