Сонгуулийн үеэр бэхэн тэмдэглэгээ ашиглах шаардлага хүргүүлжээ

 Нийслэлийн Ардчилсан намын зүгээс удахгүй болох орон нутгийн сонгуулийн үеэр саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхийг шаардан, Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын бүлэг, СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ. Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга “УИХ-ын сонгууль болж шинэ парламент, Засгийн газар байгуулагдан ажиллаж эхэллээ. Гэвч сонгуультай холбоотой гомдол, маргаан тасрахгүй байна. Тухайлбал, нэг хаяганд олон хүн бүртгэсэн, саналын хуудас нь тусгай дугааргүй, “хар машин” зөрүүтэй тоо гаргасан зэргийг иргэд ярьсан хэвээр. Үүний дагуу хууль хяналтын байгууллага шалгаж, арга хэмжээ авна гэж найдаж байна. Нийслэлийн Ардчилсан намынхан сонгуулийн дараа программ хангамжийн мэргэжилтнүүдийг ажилуулж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллүүдийг үнэн, эсэхийг судлууллаа. 2.1 сая хүн уг жагсаалтад бүртгэгдсэнээс яг тал нь ижил овог, нэртэй байжээ. Ийм боломж бий юү. Тиймээс бид удахгүй болох орон нутгийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхийг шаардаж байна. 2016 оны сонгуулийн үед уг тэмдэглэгээг ашиглаагүй. Тухайн үед МАН УИХ-д 65 суудал авсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвхөн нийслэлийн иргэдийн хуруунд тэмдэглэгээ хийсэн. Харин энэ удаад уг тэмдэглэгээг ашигласангүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.14-т “Саналаа өгснийг илэрхийлэх тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно” гэж заажээ. Аливаа сонгуульд хэний төлөө саналаа өгснийг нууцалдаг болохоос биш, хэн сонгох эрхээ эдэлснийг нуух шаардлагагүй” хэмээв. Тэд сонгуулийн үед хурууны бэхэн тэмдэглэгээ ашиглах талаар холбогдох байгууллагад чиглэл өгөхийг Ерөнхийлөгч, СЕХ, УИХ-ын гишүүдээс хүсэж буй юм.

Бэлтгэсэн: Б.Анх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)